<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

НАМ, ЛАМ ХОЁР НАЙГАА АЛДЛАА

2017-08-08 16:40 289

 Б.ЦОГЗАЯАБААТАР

Хуудуутай хуврагууд

Зохист харьцаа гэж нэг юм бий. Нийгмийн эмх журамд  ч энэ нь суурь нөлөөтэй.

Манай орон буддын 1250 сүм хийдтэй байсан цаг буй. Тэр үед 100 000 гаруй лам хуврагтай байж. Монголын хүн ам тухайн үед 600  мянга орчим асан гэдэг. Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээх төрх. Тийнхүү дэлхийн буддизмын хоёр дахь төв нь болсон байдаг. Одоо ч мөн нэг гол төв нь Монгол. Тэр олон мянган ламтай үеийн талаар хожмын социалист уран зохиолд “ Зургааны нэг нь дуганад олбогтой

                                                              Зууны нэг нь дутуу бичигтэй” гэсэн нь бий. Ийм төрхийн эрт цагийн үүтгэл, үүсгэлийн тухайд ойрмогхон нэгэн явган шог цахимаар галгиж явна.

“ Манж цэргүүдэд үнээгээ өгөхгүй гэсэн эхнэрийг цавчиж алав. Тэдэнтэй цавчилдах гээд сэлмээ хайгаад тэмтэртэл гарт нь хонх баригдав.  Охиныг хүчиндэв. Өмөөрч нум сумаа авах гэтэл гарт нь дамар баригдав. Унаа морио өгөхгүй гэсэн аавынх нь толгойг тас цавчив. Тэсэхүйеэ бэрх болж, жадаа авах гэтэл оронд нь гуулин бурхан баригдав. Гар мухар юм чинь одоо түвд номоо л уншия даа” гэх маяг 17 дугаар зууны монгол эрд байсан гэлтэй. Үүн лүгээ адил монголчуудыг мохоо болгож мөлхүүлсэн гэж зарим нь шүүмжилдэг.Тийм авч буддизм соён гэгээрүүлэх үүргээ бас биелүүлсэн гэдгийг хүлээдэг. Лам хуврагууд ном хурахаас гадна гvн ухааны болон урлахуйн, анагаахын, учир шалтгааны, дууны зэрэг Буддын шашны 10 ухааныг судалж, бvтээл туурвиж байсан. Зурхайч нар одон орны хөдөлгөөнийг судалж, анагаах ухааны ном эзэмшсэн лам хvн ард иргэдийг эмчилнэ. Өөрөөр хэлбэл, эрт цагт сүм хийдүүд монголчуудын соёл, шинжлэх ухааны төв байжээ.

Харин Ардын хувьсгалын дараанаас шарын шашинд хандах нам, төрийн бодлого өөрчлөгдөн хатуу болсон. Улмаар 1932 оны зэвсэгт бослогыг дэгдтэл хатуурхаж. Тэр бослогын хариу  гэвэл 1937 он гэхэд 700 гаруй сүм хийдээ хаалгасан. Бослогын жилүүд болон түүнээс хойшхи хэдэн жилд олон зуун лам хуврагаа алуулсан. Энэ их  хэлмэгдүүлэлт, харгислал нь улаан коммунизмын хар сүүдэр байсан. Нөгөө талаасаа шарын шашин нь хэт газар авсан ноёлогч талдаа байсан.  Эдгээрийн алиныг нь ч аваад үзэхэд цөөн хүн амтай Монголын хувьд тухайн  нийгэм дэх зохист харьцаагаа алдсан байв. Энэ бүхний балгийг жаахан зөөллөх эх нь 1944 онд Гандантэгчэнлин хийдийг сэргээсэн явдал болсон. Гэвч ард түмнийхээ шашин шүтэх эрхийг  хэт хязгаарласан хэвээр. Ламын хэргээр хэн нэгнийг  шоронд хийсэн хэвээр удсан. Намын бодлого үүнд хүчтэй нөлөөтэй байв. Лам, нам хоёр тийнхүү харшилтай жилүүдийг социализмын үе гэнэ. Харин тэр харшлыг 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хагасалж илааршуулсан. Нийгмийн эл өөрчлөлтийн сар, жилүүдийн явцад баталсан  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болсон билээ. 

Улмаар 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж , хуулиар төр сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахаар заасан юм.
Тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэсэн нь бий. 1990  оноос хойш сэргээсэн, шинээр нээсэн 300 гаруй сүм, хийд байгаа. Ингэж эрх зүйн болон орчин ахуйн боломж, бололцоогоор дүүрэн болсон Монголын буддистууд азтай. Гэтэл аз, эзийн зохист харьцаа гэж бас байна аа. Бичигчийн зүгээс аль нэг атеизм юм уу, буддизмын тал барихгүй. Буддизмын нэр дор ламаизм түрж, шарын шашны түгэлт өөрийн утгаа алдахад хүрч буйг хүмүүсийн зонхилох нь ярих болжээ. Хэдхэн жилийн өмнө философич ,эрдэмтэн  Б.Галиндав уулзаад   “Зун Завхан нутагтаа амраад ирлээ. Хөдөө ч их өөрчлөгдсөн байна. Сум суурин нь сайхан ч болжээ. Харин нэг хэцүү юм нь хүмүүс мухар сүсэгт их автацгаасан байна” гэж байв. Түүнээс  “Бөө нар хөдөөгүүр бужигнуулж байна уу ? “ гэхэд “ Бөө гэгчдээс гадна шарын шашин, буддынханд бас их явдал байна. Тэдний нигүүсэнгүй сэтгэл нь мунхруулгаар илэрч болохгүй шүү дээ ” гэсэн юм. Нээрэн лам нарын цөөнгүйгийнх нь маркетинг маягийн юм нэг л биш байдаг. Ялангуяа хагацал зовлон үзсэн зарим дээр “ажиллаж” байгаа арга нь башир байх нь энүүхэнд. Ерөөс энд нэгэн зүйлийг тодотгоход насан өөд болсон нэгний алтан сав, шинжээг нь нээж хэлэхдээ үздэг судар нь зарим ламд үе дамжин ирсэн гэх. Түүнийг өнгөрсөн зуунд хэрэглэн бурхан болоочийг  хөдөөлүүлэх газар зүгийг нь заасан нь олон биз. Тэгвэл Монголд шарил чандарлах газар бий болохоос урьд тийнхүү үзэж байсан судартай лам цөөнгүй дээ. Гэтэл шарил чандарлах үйлчилгээ бий болсноос хойш мөнөөх судраа хараад л “Талийгаачийн шарилыг чандарлуул” гээд байх төлөвтэй гэсэн. Тэд эсвэл мөнөөх судар номынхоо зарим нэг хуудсыг  засаж барласан юм болов уу гэлтэй. Ерөнхийдөө чандрын үйлчилгээний бизнесийг дэмжиж байна уу гэж хардалтай. За энэ ч эмзэг сэдэв гээд цэглэж болох. Гэтэл “Онол чойрын лам болохоос

                                     Охид оролддог лам  биш ээ

                                      Хүрээ хийдийн лам болохоос

                                      Хүүхэн айлгадаг лам биш ээ

                                      Гандан хийдийн лам болохоос

                                      Гадуур танхайрдаг лам биш ээ” гэх дээхэнийн нэгэн марзан дууг санагдуулам хэргийг  лам нарын  зарим нь өдүүлэх болжээ.

Ойрхны дуулиан бол  “Монголын Их Хүрээ” хийдийн лам, үзмэрч З.Санждоржийг зодож, ноцтой гэмтээсэн гэх хэрэг . “Даншиг наадам”-ын хөтөлбөрөөс болж тус хэрэг гарсан гэж байгаа. Зодуулсан гэгч З.Санждорж  ч өөрөө “сайн эр” л дуулддаг. Бурхан хулгайлж байсан ч гэх шиг. Гандантэгчинлэн хийдийн хамбын  туслах Б.Бүрнээ гэдэг   залуу “Даншиг наадам – Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын тусгай хөтөлбөрөөс үүдсэн маргаанаа “Их Хүрээ” хийдийн З.Санждорж ламтны  нүүр рүү цохин зодоо болгов гэсэн нэг талын мэдээлэл явж буй. Мөнөөх Даншиг наадмынх нь хамгийн гол зүйл ад зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир утгатай гэлцэх. Тэгсэн атлаа тэр наадмынхаа бэлтгэлээс болж сахил санваартнууд нь хэрэлдэж ,зодолдож байх. Харин ч нөгөө сүрхий ад зэтгэрээ дарах биш баярлуулж байгаа юм биш үү?

Өөр нэг мэдээ. “Энэ хэрэг 2015 оны намар Хархорины нутагт болжээ. Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэг  үйлдсэн байна. 24-33 насны Н.Г, Э.Д, Б.Ж гэх лам нар энэ хэргийг үйлдсэн байдаг. Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Эцэст нь шүүгдэгч Н.Г-г 3 жил 8 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Д-ыг 3 жил 8 сарын хорих ялаар, Б.Ж-г 3 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байдаг.” Тэдний тухай ийм мэдээ сүсэгтнүүд болон олны дургүйцлийг  ихэд хүргэсэн. Үүнчлэн орон хийд болон тэднээсээ холуур олиггүй үйлдэгч лам нарын талаар муу мэдээ  олдоод байж мэдэх юм шүү. Хуудуутай хувраг олширч гэмээнэ нийгмийн уур амьсгалыг зөөллөн энэрэл нигүүслийг түгээх биш харин хар хэргийн мөрийг нэмэх аюултай бус уу.

                             Намууд нанчилдана

Намуудын нармай нь бүтэн ч нанчилдсаар л байнам. Сонгуулийн өмнө жаахан шөргөөлцөөд, сонгууль орохдоо хар пиараар нанчилдсаар байгаад л саналын хайрцаг хаалгадаг. Санал тоолохоос дүн гартал бас л битүү нудралцана. СЕХ хороо сонгогчдын дүнг албан ёсны болгож зарласны дараахан ялагдсан намын  нь дүнгэнэх нь дүнгэнэж , гоншигнох нь гоншигнон байж нэг гараа далайх нь бий. Аль ч шатны сонгуульд адилхан ийм жаягтай. Харин ялалт авсан намын хувьд нэг зовлон бий. Өвөр зуураа нанчилдах дотоод зөрчил. Бялуу хуваалтаасаа болж  үзэцгээнэ. Монголын намуудын нэг нийтлэг хэв шинж энэ болоод нэлээдгүй  хугацааг үдлээ. Мөнхүү “ Төрийн хэмжээнд засаглалыг авах, эсвэл түүнд оролцох зорилготой. Нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  засаглалыг нь гардахын тулд Төрд суудал авах гэж  сонгогчдоор дэмжүүлэх эрмэлзэлтэй “ гэдэгтээ дүйцэхээр зам зуураа будилцгааж байгаа биз. Энэ бол балчир намуудад хамаатай. Ер нь балчир бус нам гэвэл хэд байнав ?

АН, МАН хоёр л байгаа юм биш үү. За яахав О.Баасанхүүгийнхээ сонгогчдын буянаар УИХ-д суудал авсан МАХН “хатан хүзүүдэж” болох. Түүнэээс хааяа хашгачиж байдаг Ш.Төмөрсүхийн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам юм уу, Намаа байгуулсан дарга Т.Төмөрмөнх нь хил даван зугтаад олон жил болж буй МЛАН гэгчийг тооцолтой биш. УИХ-ын сонгууль эхлэхээр хотын тойргуудад Өрхийн эмнэлгийн суурь, орон нутагт ялангуяа тал хээрийн сумдад худгийн байшингийн суурь тавьдаг. Тэднийхээ зарим дээр хэдэн тоосгоор хана өрж эхлээд сонгууль дуусмагц буцаагаад буулгаад авчихдаг Б.Эрдэнэбатын намыг цохолж нэрлэлтэй биш. Энэ “хулхи” чинь Эх орон нам л даа. Хамаг л монголчуудаа халтартуулан доромжилж, хаан түүхээ харлуулагч С.Молор-Эрдэнийн Хамуг монгол хөдөлмөрийн нам гэдгийг бас оруулалтай биш. Байгуулагдаад л даргын суудлаа булаацалдагчидтай, төдөлгүй эрхээ түдгэлзүүлүүлсэн “түүхтэй”, хөөрхий-зовлонт Хөдөлмөрийн үндэсний нам ч томд яагаад ч тоологдохгүй. ХҮН нам гэж хүмүүс хааяа л дуугарч байх. Харин эдний дэргэд муу ч гэсэн МУНН-ыг “Х-эльта”-гийн Б.Батболд сургийг нь  гаргаад байдаг.М.Энхсайханы МҮАН хааяа шар  Цогтгэрэлээр дамжин нэр нь дуулддаг. Д.Энхбат, С.Оюун, С.Дэмбэрэл нарын ИЗНН цагтаа амь сайтай байв. Булай булай мурилт-урвалттай ч “Буянгийн “ Б.Жаргалсайханы БНН нь зарим сонгуулиар бол шаггүй дуулиантай шүү. “АТХН-ын дарга Л.Гүндалайг  АТГ-аас дууджээ” гэсэн мэдээнээс л Ард түмнээ хайрлая нам бүртгэлтэй хэвээрээ буйг мэдсэн байх, хүмүүс. Угтаа аль ч нам ард түмнийхээ амьдралыг сайжруулах хөтөлбөр танилцуулаад л бүртгүүлж улс төрийн эрхээ авч буй. Тийнхүү намууд төрсөн нь цөөнгүй ээ. Харин хаана байна тэр О.Бум-Ялагчийн МНН, Б.Амгаланбаатарын МЛН,Г.Тунгалаггэрэлийн МҮЭНН, Н.Наранцогтын АТН, Б.Батсайханы ИХН, Т.Оюунаагийн МоАХН, Ц.Баянбилигийн ТТЭНН, Х.Бат-Ялалтын МХТН ... гэмээрээ. Гэхдээ эд хаана ч байсан Монголын нийгэмд нэмэр болж, улс төрд ухаантай-урагштай хөгжил нэмэх аргаар хомс доо.

Тэгээд ч орон зай нь юу билээ.  2016 онд гэхэд  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын цахим хуудаст сонгуульд  санал өгөх насны 2 сая 4048 иргэний мэдээллийг байршуулсан байв. Тэр нь шилжилт хөдөлгөөнийг оруулаагүй үеийнх гэж байсан. Энэ тоо өдгөө жаахан нэмэгдсэн байх.Энд нэгэн зүйл жишээ аван тодотгоё. Бүртгэлтэй нам бүр УИХ-ын сонгуульд өрсөлдлөө гэж бодъё.  Монголчуудын “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг тэгшитгэлийнхээ зарчмаар хүмүүс санал нь өгсөн гэж тооцъё. Тэгвэл  манай улсын бүртгэл бүхий улс төрийн намуудын тоонд санал нь тэнцүүхэн хуваагдахад нэг намд 100 мянга хүрэхгүй л юм тоологдоно. Тийм тэгшитгэлийн санал өгөлт болж гэмээнэ 100 битгий хэл 90 мянган санал ч нэг намд ноогдохгүй. Бий болсон цагаасаа хойш ганц ч сонгуульд орж үзээгүй нам бий гэх. Бүр нэг компанийн нам, нэг хүний нам ч бараг байгаа даа. Монголын улс төрийн “зах зээл “ дээр ингэж аргаа баран амь дүйх гэж зүтгэх наманцар бүхэн татан буугдвал таарна. Тэд ямар олигтойхон нанчилдах ч биш. Гэхдээ ямар нэгэн байдлаар дам ч болов нанчилдан үзэл баримтлалаа илэрхийлэх гэж оролддог л биз.Тэглээ гээд том намуудынхаа дэргэд юу ч биш ээ. Олон ургальч үзэл, олон намын тогтолцоог дэмжиж ирсэн нэгэн үүнийг тэрлэж суугаа юм. Тийм атал Монголынхоо  өнөөгийн нөхцөлтэй харьцуулж үзвээс намуудын тоо, чанар нь зохистой харьцаа алдагдсан тул улс төр,нийгмийн хөгжлийн уяа-тушаа болж байна. Чанар нь намуудын олонхи төлөвшиж чадаагүй, үзэл баримтлал, онолоороо ялгарч шалгарч байгаа нь хомсхон юм. Тэр нь хэрэггүй хэрүүл –нанчилдаанаараа ялгарлаа орлуулж буйгаар илэрхийлэгдэнэ. Одоо тэгвэл олон намын системээсээ ухарч урьдын социализм шиг нэг л намтай байх гэж үү. Тэр үгүй шүү. Гэхдээ хэдэн жилийн өмнө улс төрч Б.Дэлгэрмаагийн дэвшүүлээд байсан шиг хоёр намын тогтолцоо л тохирч магадгүй байна. МАН, АН хоёр л үлдэхэд болох ч өнөөгийн тэдний төлөв чамлалтай байна. Чамлалтай ч аль алин нь шинэчлэгдэх гэж хичээж байгаа нь нэн сайшаалтай. Мэдээж энэ хоёр том намын хооронд нанчилдаан байх. За бүр хоёр намын тогтолцоотой болчихвол бас хяналтын боломж хумигдана. Зарим талаар мөнөөх МАНАН шигээ эд үгсэж ч мэдэх юм. Сэрэмжид хоромжгүй гэж бий. Гурав дахь нам байхаас өөрц аргагүй. Байдал ийнхүү өөр талаасаа харагдахлаар өнөөгийн бүртгэлтэй байгаа улс төрийн намын тоо тав дахин цөөрчихөд л 5 намтай байх боломж бүрдэнэ. Хүн амын тоо, тэр дундаа сонгогчдын тоондоо уялдуулахад энэ тохирно. Үүнд хүрч очихын тулд намууд нэгдэх, тарах, татан буугдах... гээд аль л зөв хувилбараа сонгож шийдлээ гаргахад Монголд мөн ч хэрэгтэй дээ. Ард түмний улс төржилт, намаараа талцсан хуваагдал чинь бас л намын нанчилдааны хамгийн таагүй хэлбэр болж байна. Жижиг намуудаа жийхдээ зөв жийж чадвал том намуудын улс төрийн байр суурьт эерэг нөлөөтэй. Тэрхүү эерэг нөлөөг бүрдүүлэхийн тулд өнөөдөр өөрсөддөө зөв шинэчлэл хийх учиртай. Ялангуяа эрх баригч МАН нь шинэчлэлээ яаралтай хийж, нам доторхи нанчилдаанаа зогсоовол таарна. Тэр шинэчлэлд намын  толгой дахь хуучинсгуудаа сольж , удирдлагаа эрч хүчтэй дараа үеийнхээ гарт өгвөл нэн тустай. Зөвхөн энэ намын шинэчлэлд тустайгаасаа илүү улс орны урагшлах замд их хэрэг болно. Намын өнөөгийн даргаа өөрчилж, эрх баригчийнхаа хувьд одоогийн уймраадуу  Засгийн газраа сольж гэмээнэ МАН улам мандан бадрах дөрөөгөө дөрөөлнө өө гэсэн үг. Эс тэгвээс эргэлт шинэчлэлгүй, улс төрийн унтаа “капитал”  л болно. Нам дотроо нанчилдахад учир бий. Намууд нанчилдахад ч бас учир бий.

              Адил л нанчилдана 

Монголд маань одоо намын тоо ч цөөдөөгүй, ламын тоо ч цөөдөөгүй. Энэ бол эрх чөлөөт нийгмийн нэг илрэл. Иргэний улс төрийн болон шүтэх,эс шүтэх эрхийг дээдэлсний үр өгөөж. Харин намын талцал, ламаизмын тархалт хоёр улс орны хөгжилд ямар өгөөжөө өгөөд байна вэ гэдэг л өнөө бидний анхаарах сэдэв болоод байна. Нам ч нанчилдана, лам ч нанчилдана. Нам лам хоёр хоорондоо бас  үг хэлээрээ, үзэл онолоороо нанчилдана. Ийм төрхтэй байна.  Энэ нийтлэлийн эхэнд миний онцолсон зохист харьцааг барьж аль алин нь голдиролдоо байвал болох. Тийн байж чадаагүйгээс л энд эш аван бичсэн нам, лам хоёрын өөрсдийнх нь хүрээнд шинэчлэл нэн шаардлагатай байгааг нийтийн өмнө хэлэхээс өөр арга алга даа. Аливаад зохист харьцаа гэж нэг юм бий.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


SARAH WILLIAMS

 

[197.210.24.156]

 

2017-11-30 05:11:52

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.



Сэтгэгдэл үлдээх