<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.ЭНХТҮВШИН: ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ШАГАЙН ТОЙРМООР 1000 ХАРВААЧ ЦУГЛАНА

2018-08-24 12:13 3468


Ирэх есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Баянхонгор аймагт “Ламын гэгээний шагайн тойром” шагай харваачдын дундах улсын хэмжээний томоохон тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнийг санаачилагч, зохион байгуулагч, Баянхонгор аймгийн Шагайн холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшинтэй уулзаж, наадмын талаар тодрууллаа.


“Ламын гэгээний шагайн тойром” гээд нэрнээсээ эхлээд сонирхол татаж буй энэхүү тэмцээнийг зохион байгуулах санаачилга хэзээнээс төрсөн бэ?

Энэ тухай яриа 2017 оноос эхлэн гарах болсон юм. Харин Баянхонгор аймгийн ИТХ-ын хурлаас 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд ажил болгох нь зүйтэй хэмээн Баянхонгор аймгийн шагайн холбоо, шагайчид маань дуу нэгтэй шийдээд одоо Ламын гэгээний шагайн тойром маань бэлтгэл ажилдаа ороод явж байна. 

Бид энэ нэрийг зүгээр нэг өгчихөөгүй л дээ. Ламын гэгээн хэмээх их хүний түүх намтрыг судлаад үзэхээр шашны гэхээсээ илүүтэй шинжлэх ухаан, гүн ухаанд нэвтэрсэн эрдэм, мэдлэгтэй хүн байсан юм билээ. Түүний бий болгосон ламын гэгээний гэх тодотголтой шашны, урлагын, шинжлэх ухааны, өв соёлын олон оюун санааны бүтээл, үйл хэрэг өнөө хэр өвлөгдөж, ламын гэгээний хошуу нутгийн ард иргэдийн аж ажьдралын ондоошил, оюун санааны ялгарал болсоор байна. Одоогоор бол Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн иргэдийн шүтэж, бишэрч явдаг их хүн. Тийм учраас энэ их хүмүнийг алдаршуулж, энэ нэрэн дор нэгдэж, нягтрая гэсэн агуулгаар энэ нэрийг өгсөн.

Уг арга хэмжээ маань ерөөсөө Баянхонгор аймгаа сурталчилан таниулах, бизнес эрхлэгч, ард иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгыг өмнөө тавьж байна. Говь, хангай, тал хээрийн гурван бүсийг нэг дороос үзэх боломжтой аймаг цөөхөн. Тийм учраас аялал жуулчлалын өвөрмөц бүс нутгийн хувьд энэ арга хэмжээний хүрээнд нутгаа таницлах нь чухал юм. Нөгөө талаар ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэлтэй шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх том зорилготой.

Ламын гэгээний шагайн тойромд хичнээн баг, тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна вэ?

Наймдугаар сард болж өнгөрсөн Үндэсний спортын их наадмын үеэр бид шагайн тойрмын талаарх мэдээлэл, урилгыг баг, тамирчдад тараасан. Урьдчилсан байдлаар арав гаруй аймаг, нийслэлийн арваад баг оролцохоор саналаа ирүүлээд байна. Бид мэдүүлгийг одоогоор авч эхлээгүй. Есдүгээр сар гаргаад мэдүүлгээ авах учраас тэр үед энэ тоо нэмэгдэх нь тодорхой байна. Бид эхнээсээ 1000 харваачийг нэг дор цуглуулахаар төлөвлөсөн.

1000 харваач цуласан газар ариусч, уухайн дуунд лус савдаг баярладаг, хүүхэд төрдөггүй айлд хүүхэд олддог гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр бэлгэдэл талаасаа үнэхээр ерөөлтэй.

Одоогийн үйл явцаас харахад энэ тоо цаашаа өсөх хандалгатай байна. Энэхүү тэмцээн өөрөө нээлттэй, нөгөө талдаа хүрэлцэн ирсэн баг болгонд бэлэгтэй.

Тэмцээний зохион байгуулалтын талаар та тодруулж ярихгүй юу. Хэдэн өдөр үргэлжилэх вэ. Онцлог харвааны төрөл байгаа юу?

Тэмцээн гурван өдөр болохоор төлөвлөсөн. Эхний өдөр баг, тамирчдаа хүлээн авч байрлуулах бол 15, 16-ны өдөр тэмцээн болно. Манай ахмад харваачдын дунд чавхаар харвах тэмцээн болдог. Үүнийг зохион байгуулаач гэсэн санал их ирж байна. Тиймээс бид энэ төрөлд 10-аас дээш баг оролцвол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар манай аймгаас амжилттай сайн оролцсон сумдын шагайн холбоодоо урамшуулна.

Тэмцээний шагналын сан ямар байгаа вэ?

Шагайн харвааны тэмцээнүүд дотроо манай Ламын гэгээний шагайн тойрмын шагналын сан өндөртөө орно. Нийтдээ 21 сая төгрөгийн шагналын сантай. Түрүү байрыг найм, хоёрдугаар байрыг зургаа, гуравдугаар байрыг дөрвөн сая төгрөгөөр байлсан.

Таны ярианд гарсанчлан улсын хэмжээний томоохон арга хэмжээг өөрийн аймагт зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Шагайн харвааны үеэр иргэд, ААН-үүд оролцох боломж хэр нээлттэй вэ?

Бидний нэг зорилго нь аймгийнхаа иргэд, ААН-ийг таны хэлсэнчлэн дэмжих юм. 1000 харваачийг дагаад гэр бүл, найз нөхөд, гадна, дотны жуулчид ирнэ. Тийм учраас манай ажлын хэсгийнхэн үүнд анхаарлаа хандуулж аймгийнхаа бизнес эрхлэгчдийг зөвхөн орон нутагтаа бус улс орны хэмжээнд бизнесээ өргөтгөх боломжийг нээж өгөхийн төлөө ажиллаж байна. Бизнес эрхлэгчид маань ч өөрийн үйл ажиллагааны чиглэлээс үл хамаарч нээлттэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдээр хязгаарлагдахгүйгээр сумдыг хамруулахаар ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу манай сумд өөрсдийн онцлогийг харуулсан идээ ундаа, бараа бүтээгдэхүүн, газар орон, соёлын ялгарлыг илэрхийлсэн байдлаар ач холбогдол өгч оролцох юм. Дээрээс нь аймгийн МХГ, ЦГ, ГХАЖГ, БСУГ, аймгийн ХДТ, хүүхдийн Тэмүжин театр зэрэг байгууллагууд ч өргөнөөр оролцоно. Мөн аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар аялуулах, тодорхой аяллын маршрутыг санал болгох олон ажил хийгдэнэ. Бүхэлдээ соёл урлаг, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын нэгдсэн арга хэмжээ болж эндээс орон нутгийн эдийн засгийг тэлэх, ирээдүйд аялал жуулчлалын салбарт бий болох үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

Та аймгийн шагайн холбоог тэргүүлдэг. Шагайн холбоо сүүлийн үед ямар амжилттай байна вэ. Нөгөө талаар шагайгаар хичээллэхийн ач холбогдол юунд оршдог вэ?

Манай аймгийн шагайчид 2018 оны улсын баяр наадмаар багаараа гуравдугаар байрт орж, хүрэл медалийн эзэд болж шинээр улсын мэргэчүүд төрөн гарч, өмнөх мэргэчүүд амжилтаа ахиуллаа. 

Энэ нь Баянхонгор аймгийн шагайчдын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал. Ер нь шагайн харваа нь хүнд тэсвэр тэвчээрийг суулгаж өгөхийн зэрэгцээ, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэгээрээ онцлогтой. Соёлын өв, уламжлал талаасаа шагайн харвааны үеэр архи дарс уухгүй, хараалын үг хэлэхгүй байх зэргээр хувь хүнийг зөв дадал хэвшилд уриалдаг. Мөн бэлгэ чанар өндөртэй учраас хүний сайн сайхан явах, ерөөл дэлгэрүүлэх чанартай байдаг.

 

 

 

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


намхай

 

[66.181.161.70]

 

2018-08-26 17:08:33

ѳмнѳговь аймгийн Цогт овоо суманд урилга яасан бэ



Сэтгэгдэл үлдээх