<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХАНГАЙН СУМДЫН БАГИЙН ДАРГА НАР МАНЖУУРТ ТУРШЛАГА СУДЛАВ

2018-01-22 18:34 416

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар төрийн үйл ажиллагааг орон нутагтаа гардан явуулдаг, анхан шатны нэгжийн удирдлагууд буюу хангайн сумдын багийн Засаг дарга нарыг энэ сарын 14-20-ны хооронд БНХАУ-ын Манжуур хотод хувийн зардлаараа туршлага судлууллаа.

Орон нутгийн иргэдтэйгээ хамгийн ойр байж малчны хотноос, сүргийн бэлчээрээс ажил үүргээ явуулдаг баг хорооны Засаг дарга нарынхаа ажлын ачааллыг түр ч атугай хөнгөлж, төрийн ажил үйлсдээ шинэ санаа оноотой болох боломжийг олгохын тулд тус хөтөлбөрт аялалыг их хурлын гишүүн, түүний ажлын албанаас зохион байгуулахдаа орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч ААНэгжээ мөн дэмжиж Баянхонгор аймгийн “ Болор Жавхлант ” ХХК-иас Манжуурын аялалын маршрут үйлчилгээг нь авлаа. Тус компани ч аялалгчдад тав тухтай үйлчилгээг туршлага судлуулах аялалын туршид үзүүлж явсан юм.

Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршино. Тус аймаг нь хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. 
Нийт 320 мянган хүн амтай, Орос – Хятадын төмөр замын гарц болсон боомт хот юм. 2000 онд 610 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2006 онд 2.7 сая жуулчин, 2014 онд 5 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас олох орлого нь 300 сая ам доллар давсан байна. Манжуур хот нь ийнхүү хурдтай өсөлтөөрөө сүүлийн 10 жилийн дотор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот”, “Бүх Хятадын үлгэр жишээ хот” шагналуудыг хүртжээ.
Манжуур хотын байшингууд нь орос хэв загвараар баригдсан байдаг. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй, тод хээ угалзтай гэх мэт оросын хэв загвар нэвт шингэсэн байхаас гадна орос дуу хөгжим эгшиглэх нь түгээмэл. Хотын төв талбайд нь Манжуур хотын 100 жилийн ойд зориулсан хөшөө бий. Талбайн барилга, архитектур нь европ хэв маягаар баригдсан онцлогтой.

Баянхонгор аймгийн багийн дарга нар манжуур хотын өдрийн болон шөнийн байдлыг тольдож, дурлалын сүмээр зочилж, арслан зааны музей үзэж, матрешка байгууламжтай танилцсан зэрэг олон сайхан зүйлсийг үзэж харсандаа сэтгэл өндөр байлаа. Хотыг шөнийн гэрэлтүүлэг нь нэн гайхалтай. Нил шар дэвсгэр өнгийн гэрэл нь хотын барилга байгууламжийн хийц маягийг улам сүр жавхлантай болгож улмаар АЛТАН МАНЖУУР гэж нэрийдэхэд хүрчээ. Монгол шиг эрс тэс хүйтэн уур амьсгалтай. Өвлийн цагт аялагч жуулчдыг татах зорилгоор байгуулсан мөсөн хотхон нь уран тансаг хийцтэй. Цас мөсөөр хийсэн урлагийн гэмээр бүтээлүүд нь олон орны жуулчдын сонирхолыг маш ихээр татдаг ажээ.

Тус туршлага судлах аялалыг зохион байгуулагчдын зүгээс манай багийн дарга болон малчдыг ОУ-ын зэрэглэлийн 4-н одтой зочид буудалд оруулсан ба аялалын бүрэлдэхүүнд багтсан хүн нэг бүр энэ удаагийн аялалд сэтгэл дүүрэн байсныг онцлох нь зүйтэй болов уу.

Аялалын үеэр УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар тойргийн сумдынхаа багийн дарга нарын санал хүсэлтийг сонсож улмаар ажил хэрэгтээ тусгах зорилгоор тусгай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ нь багийн дарга нарт тэр бүр олдоод байдаггүй завшаан бөгөөд баг, сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхой ярьж хэлэлцсэн нь ирээдүйд ажил байдлаа сайжруулахад илүүтэй түлхэц болох нь дамжиггүй биз ээ.

Тус аялалын зардлыг УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 100 хувь гаргасан ба багийн дарга нар өмнө нь нэг бүрэлдэхүүнд багтаж ингэж аялаж, амарч явж байгаагүй юм байна. Аялалын туршид баг хамт олноороо шинэ мэдлэг, мэдээлэлтэй болж эрч хүчээ сэлбэж авлаа хэмээн тэд ярьж явсан ба их хурлын гишүүн өөрөө уг аялалдаа оролцож аялалын бүхий л үйл ажиллагаанд хамт оролцсоноороо аялагчдад энгийн дотно хандлагыг бий болгосон юм.


Тэрээр хамт аяласан нийт бүрэлдэхүүнээ төрийн ордонд хүндэтгэлтэйгээр хүлээж авсанаар хангайн сумдын багийн Засаг дарга нарын Баянхонгороос Манжуурын чиглэлд хийсэн туршлага судлах аялал дурсамж дүүрэн өндөрлөлөө


Сэтгэгдэл үлдээх