<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Монголын хамгийн урт нэртэй залуугийн нэр 39 үсэгтэй

2020-08-12 18:32 586

Статистикийн үндэсний хороо Монгол Улсын хамгийн урт нэртэй иргэний нэрийг гаргасан байдаг. Тус жагсаалтад АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР, ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР, ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА зэрэг 10 хүний нэр багтсан. Тэдний хамгийн урт нэртэй иргэн болох П.Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбын нэрэнд нийтдээ 39 үсгээс бүрджээ. Бид түүнтэй холбогдож энэхүү нэрийн талаар ярилцлаа.

 

П.Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо: Миний нэр үхлээс таван удаа буцаж ирсний минь гэрч

Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Би одоо 22 настай. 1997 онд Хэнтий аймагт төрсөн. Нутагтаа амьдардаг боловч одоогоор Улаанбаатар хотод гар урлалын чиглэлээр ажиллаж байна. Миний мэргэжил сийлбэрч.

Танд яагаад ийм урт нэр өгчихсөн юм бэ?

Би төрөхдөө бие муутай хүүхэд байсан юм билээ. Байнга эмнэлгийн сэхээнд очно. Монголчууд өвчин ороодог хүүхдэд нэр тохирохгүй байна, хүндэдсэн байна гэж үздэг шүү дээ. Тэр утгаараа өвдөөд эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очих тоолонд нэг нэр нэмсээр байгаад ийм урт нэртэй болчихсон. Үндсэндээ таван удаа бие муудаж ар гэрээ сандаргасан юм шиг байна лээ. Уг нь эцэг, эхийн эхний өгсөн нэр бол Мөнхмайнбаяр. Одоо бодоход амьдрах сайхан учраас нэр минь урт болсон юм шиг санагддаг.

Монгол Улсын хамгийн урт нэртэй хүн болохоор хөгжилтэй явдал олон тохиолдож байсан байх даа?

Зөндөө. Цэрэгт явах болж үзлэгт орсон юм. Эхлээд комисст ажиллаж байсан хүн нэрээ хэл гэхээр нь бүтэн нэрээ хэлсэн чинь надаар тоглоод байгаа юм уу гээд уурлаж байсан. Ашгүй, хамт явсан залуу учирлаж байж итгэсэн. Дараа нь тэнцсэн цэргүүдийн нэрийг дуудаж эхэллээ. Тэгээд миний нэрийг дуудтал хажууд байсан залуучууд олон хүн зэрэг дуудлаа гэж ойлгоод нэг нэгэн рүүгээ харцгаасан. Харин намайг ганцаараа босоод ирэхэд эхлээд гайхаад дараа нь инээлдэж байсан.

Хамгийн анх фэйсбүүк хаяг нээхдээ нэрээ хоёр таслаад оруулчихсан юм. Тэгтэл фэйсбүүкээр нэг хүн над руу “Хуурамч хаяг байна, хүний зураг ашигласан байна” гээд чат бичлээ. Би ч үгүй ээ миний жинхэнэ нэр гэж хэлээд итгэхгүй байхаар нь өөрийнхөө иргэний үнэмлэхний зургийг явуулж байж үнэмшсэн.

Хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлдэг үү?
Товчилсон нэрээ хэлчихдэг. Шаардлагатай нөхцөлд л бүтэн нэрээ хэлдэг.

Та сийлбэр хийдэг гэж байна. Энэ чиглэлээрээ ажиллаж байна уу?

Сийлбэр хийх, гар урлал бол миний сонирхол. Өөрөө сонирхолтой бас авьяас байгаа болов уу гэж боддог. Одоо бол өөрийгөө хөгжүүлэх, чадвараа сайжруулахад анхаарч байна. Яваандаа гар урлал, сийлбэрийг ажил, амьдралынхаа нэг хэсэг болгоно гэж бодож байна.

Танд баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.


Сэтгэгдэл үлдээх