<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Бэлгийн амьдрал идэвхтэй болбол ашиг орлого нэмэгддэг

2020-08-12 18:47 279

Бэлгийн харилцаанд орсноор хүний аз жаргалын гармон ялгарч, улмаар сэтгэл санаа сэргэлэн цовоо болж, ажил төрөлдөө ч эрч хүчтэй байдаг байна. Тиймээс зарим судлаачид бэлгийн амьдрал идэвхтэй болбол ашиг орлого ч нэмэгддэг гэж хэлэх нь бий. 

 "Эх Боловсрол" ТББ-ын их эмч Г. Оюун-Эрдэнэ  бэлгийн амьдралтай холбоотой нийтлэг асуултад хариуллаа.

1. Сексийн үед нэг нь таашаал мэдрээд нэг нь таашаал мэдрэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ?

Энэ яриаг эхлэхээс өмнө та хэд, хэдэн зүйл мэдэх нь зүйтэй. Эмэгтэйн бэлгийн харилцааны физиологи нь төв болон захын мэдрэлийн тогтолцоо, захын эрхтнүүдийн цогц, нарийн, төвөгтэй харилцан үйлчлэл юм. Эстроген, андроген, окситоцин, допамин зэрэг нь эмэгтэйн бэлгийн харилцааны хариу үйлдлийг дэмждэг бол прогестерон, пролактин серотонин зэрэг нь сааруулдаг. Захын мэдрэлийн тогтолцооны идэвхжил нь цусан хангамж болоод булчинд өөрчлөлт оруулснаар сэрлийн үйл явц идэвхэждэг. Цусны урсгал нэмэгдэх нь бэлгийн уруул цусаар дүүрэх, үтрээний чийгшил ихсэх, үтрээ уртсах, өргөсөх, мөн хэлүүний урт болон диаметр нэмэгдэхэд хүргэдэг. Эмэгтэйн сэрлийн хариу үйлдэл нь зүрхний цохилт нэмэгдэх, булчин агших, хөхний мэдрэмж өөрчлөгдөх зэрэг сэрэл хөдлөлийн субъектив өөрчлөлтүүдээр илэрдэг. Дээрх физиологийн өөрчлөлт илэрсэн буюу сэрэл үүссэн үед бэлгийн харилцааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй. Эмэгтэй хүний бэлгийн харилцааны хариу үйлдэл нь дөрвөн үе шаттай. Үүнд сэрэл хөдлөлийн үе, сэрэл дээд цэгт хүрэх, дур ханах, тайвшрах зэрэг үе шатууд орно.

Мөн та хамтрагчтайгаа сексийн талаар сайн ярилцаж, шинэ байрлал туршиж үзэн, халуухан орчныг бүрдүүлэх нь бас их чухал шүү.

2. Одоогоор би онгон байгаа. Гэхдээ ирээдүйд би найз залуутайгаа харилцаанд орсноо аав ээждээ яаж хэлэх вэ?

Та заавал харилцаанд орсныхоо дараа биш, харилцаанд орохоос өмнө аав ээжээсээ зөвлөгөө авч болно шүү дээ. Та эртнээс ээж, эгч, аавтайгаа найз залуу, хосуудын харилцаа болон бэлгийн амьдралын талаар нээлттэй байснаар хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, үүнээс цаашлаад ирээдүйд гарч болохуйц эрсдэл хүндрэл гэх мэт аюулаас өөрийгөө хамгаалж чадна. Ээж аав маань тийм ч нээлттэй хүн биш гэж бодож байвал та эхлээд өөрөө нээлттэй байснаар ээж аав тань нээлттэй байх болно. Мөн бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ бэлгийн амьдралыг БЭЛЭГ болгож өгсөн учраас ээж аав тань таныг ойлгох болно. Үүнд битгий санаа зовоорой. Мөн та интернетээс охидын эмч сураглан, цаг авч үйлчлүүлж болно. Тэд таны нууцыг 100% хадгалах болно.

Мэргэжилтний хариулт: Сексийн тухай ичмээр асуултууд (фото 2)

3. Сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харилцаанд орвол яах бол?

Аль болох энэ үед бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл сарын тэмдэг ирж байна гэдэг нь умайн хүзүү нээгдэж байгаа учир өгсөх замын халдвар авах эрсдэл өндөр байдаг. Нөгөө талдаа эрэгтэй хүндээ тааламжгүй мэдрэмж төрүүлдэг.

4. Сексийн үед эмэгтэй нь таашаал мэдрэхгүй зөвхөн бэлэг эрхтэн орж байгааг л мэдээд байна?

Төрсний дараа, цэвэршсэн болон аарцгийн булчингийн сулралын үед эсвэл бусад өвчин эмгэгийн үед бэлгийн харилцаанд хямрал үүсч болно. Жишээлбэл төрсний дараа үүсдэг өвдөлт, шархны эдгэрэлт, хөхөөр хооллолт, нялх хүүхдийн асаргаа, ядаргаа сульдаа, дааврын өөрчлөлт зэрэг нь бэлгийн харилцаанд нөлөөлдөг. Судалгаагаар 796 эмэгтэйгээс дөнгөж 32% нь төрснөөс хойш зургаан сарын дотор, харин 89% нь зургаан сарын дараа бэлгийн харилцаа нь эргэж хэвийн байдалдаа орсон байсан нь тогтоогдсон. Мөн эмэгтэй өөртөө итгэлгүй, ичимхий, биеийн ямар нэг өөрчлөлт, тааламжгүй байдлаасаа ичсэнээс бэлгийн дур буурсан байж болно. Аарцгийн булчингийн сулрал үүссэн эмэгтэйчүүд Кегелийн дасгалыг өдөр бүр хийж хэвшсэнээр үтрээний суналт, булчингийн сулралаас сэргийлж чадна. Судалгаагаар энэ арга нь 75% үр дүнтэй болох нь батлагдсан. Мөн та хамтрагчтайгаа нээлттэй ярилцаж шинэ байрлал, шинэ орчинд туршиж үзэж болно.

5. Онгон хальс бэлгийн харилцаанаас өөр нөхцөлд цоорох тохиолдол бий юу?

Бэлгийн харилцаанд орохоос гадна, гадны биет орох, зарим спортын төрлөөр хичээллэх, морь унах зэрэг тохиолдлуудад санамсаргүй байдлаар онгон хальс цоордог. Онгон хальс нь үтрээний салст бүрхүүл бөгөөд үтрээний дээд хэсэгт ил харагдаж байрладаг. Бэлгийн харилцаанд орсон үед энэ нь гурван хэсэгт хуваагдаж бүрэн бүтэн байдал нь алдагдаж харагдана. Гэхдээ онгон хальс урагдлаа гээд бэлгийн харьцаанд ороогүй л бол та өөрийгөө онгон хэвээрээ гэж бодох хэрэгтэй. Бэлгийн харьцаанд орсон хүнийг л онгон биш гэж ойлгож болно. Тэгснээс таны онгон хальс гадны нөлөөнөөс болж урагдлаа гээд та шууд бүсгүй хүн болчихгүй шүү дээ. Та онгон хэвээрээ байгаа.

Мэргэжилтний хариулт: Сексийн тухай ичмээр асуултууд (фото 3)

6. Жирэмслэлтээс хамгаалах эрүүл эрсдэлгүй аргын тухай?

Жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг. Эмэгтэйчүүд "аль арга нь илүү үр дүнтэй вэ?", "надад аль нь тохирох вэ?" гэж их асуудаг. Доорх жирэмслэлтээс сэргийлэх аргын алийг нь сонгох нь эмэгтэй таны сонголт. Ерөндөг тавих, суулгац, дааврын эм уух, тариа тариулах, бэлгэвч, мөн сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх наалт, лаа бий болсон. Жирэмслэхээс сэргийлж байгаа эмэгтэй та аль аргыг сонгож хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Дээрх аргуудыг та эмчийн хяналт заавар дор хэрэглэх нь эрсдэлгүй, эрүүл байх юм.

7. Секс хийхгүй удах нь эрүүл мэнд болон гормонд нөлөөлдөг үү?

Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд орно. Уур уцаартай болох, амархан хямрах, ганцаардах, гуниглах зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрдэг. Үүнийгээ хүмүүс өөрийн зан араншин гэж андуурдаг. Сэтгэл санааны өөрчлөлт нь хоол идэх дуршил нэмэгдүүлснээр таргалах, нүүрэн дээр батга гарах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. Энэ бүх өөрчлөлт нь эстроген дааврын болон бодисын солилцооны хямралаас үүдэлтэй юм.

8. Нөхөртэйгөө суугаад таван жил болж байна. Эрхтнээр нь огтхон ч дур тавихгүй юм?

Бэлгийн харилцааны хямрал нь олон шалтгаанаар үүсдэг. Олон судалгаагаар эмэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны хямрал нь бие махбодын болон сэтгэлийн ханамж буурсантай, мөн ерөнхий эрүүл мэндийн байдалтай холбоотой байдаг гэж тогтоосон. Эмэгтэй хүний бэлгийн хариу үйлдэл нь нарийн төвөгтэй ойлголт бөгөөд эмчилгээ ч гэсэн олон талаас нь харж зөв сонгогдсон байх шаардлагатай. Үүсээд байгаа асуудлын шалтгааныг эхлээд илрүүлэх, үүнд чиглэсэн арга хэмжээг авах нь зүйтэй. Эмэгтэй та өөрт тулгараад байгаа асуудлыг тодорхойлон, энэ асуудал байнга давтагддаг эсэх, удаан үргэлжилсэн эсвэл саяхан шинээр бий болсон уу, тодорхой нэг нөхцөлд үүсч байна уу зэргийг тогтоон, стрессийн түвшнээ анзаарах хэрэгтэй. Иймээс мэргэжлийн эмчид хандаж ярилцах, зөвлөгөө авах цаашлаад шаардлагатай тохиолдолд эмчилгээнд хамрагдах нь танд тулгарсан энэхүү асуудлаас гарахад илүү үр дүнтэй байх болно. Мөн та нөхөртэйгөө нээлттэй ярилцсанаар энэ асуудлыг хурдан шийдэхэд туслах болно. Эрчүүд бэлгийн хамтрагч нь сексийн талаар нээлттэй ярилцахад дуртай байдаг.

Мэргэжилтний хариулт: Сексийн тухай ичмээр асуултууд (фото 4)

9. Сексийн харилцаанд олон орохоор бие гоолиг болдог гэж үнэн үү?

Бэлгийн харилцаанд ороход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бодисын солилцоо болон дааврын өөрчлөлт явагддаг. Энерги зарцуулалт нэмэгдэж, дур тавилтын үед биеийн булчингийн болон аарцгийн булчингийн чангарал үүсдэг. Гэхдээ бэлгийн харьцаанд ороод байвал турна гэсэн ойлголт нь өрөөсгөл зүйл юм.

10. Ганц ч удаа дур ханаж үзээгүй юм аа. Ер нь эмэгтэй хүн дур ханадаг болов уу? Яаж сурах вэ?

Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэж болно. Бэлгийн хамтрагчтай харилцах бэрхшээл, хүчтэй сэтгэл зүйн хямралын улмаас бэлгийн харилцаанд орох дур хүсэл, идэвх буурдаг. Энэ үед бэлгийн харилцаанд орох хүсэл үе үе, эсвэл удаан хугацаанд үгүй болох, бэлгийн сэрэл хөдлөлийн үеэс үтрээ тохиромжтой чийгтэй болж улмаар энэ нь төгсгөл үе хүртэл үргэлжлэх чадваргүй болох зэргээс шалтгаалан бэлгийн сэрэл хөдлөлийн шат хэвийнээс өөрчлөгдөн дур ханахгүй болно. Хэрхэн хэвийн байдалд орох вэ гэдэг нь чухал. Юун түрүүнд зан төлөвийн зөрчлийг эмчлэх хэрэгтэй. Таарамж муутай сөрөг бодлууд, хэт их зүйл хүлээх, найдах, итгэл алдрах зан авир, үр дүн муутай өдөөлт, хосуудын хоорондын харилцааны алдаа гэх мэт хүчин зүйлсийг тодорхойлно. Бэлгийн дур ханалтын хямралыг өөрийн сурсан хандлага, туршлагаар сэргээх маягаар эмчилгээ хийх, зан төлөвийн зөрчлийг эмчлэх нь илүү үр дүнтэй. Мөн та хостойгоо ярилцаж өөрт тохирсон шинэ, таатай байрлалыг үүсгэх хэрэгтэй. Судалгаагаар 10 эмэгтэйн 8 нь хамтрагч дээрээ суусан байрлалтай үед дур ханадаг гэсэн судалгаа байдаг.

11. Хүн секс хийлгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ?

Удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байгаа тохиолдолд бие махбодод физиологийн дагуу өөрчлөлт орж эхэлдэг. Түүнээс ямар нэгэн хугацаа, сар, жил заахгүй юм.

Мэргэжилтний хариулт: Сексийн тухай ичмээр асуултууд (фото 5)

12. Бикини хэсгээ хусах уу? Хусахгүй юу?

Умдагны үс нь нэг талдаа гадны зүйлээс хамгаалах, халдвараас сэргийлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Гоо сайхны хувьд сүүлийн үед эмэгтэйчүүд бикини вакс хийлгэх нь ихэссэн. Энэ нь буруу зүйл биш. Умдаг орчмын үс их хэмжээтэй байх тийм ч тааламжтай зүйл биш юм. Гэхдээ хоёр сарын хугацаанаас ойр ороод хэрэггүй болов уу? Учир нь та ойр ойрхон умдагны үсээ хусах нь арьс эмзэгшүүлэх болон умдагны үсний ургалтыг дотогш ургахад тусалж байдаг юм. Тиймээс дотогш ургасан үсийг дараа нь хусах болон ваксдахад хүндрэлтэй байдаг ба өвдөлт их мэдрэгдэнэ.

13. Анх удаа секс хийх гэж байгаа бол юун дээр анхаарах вэ? (Эмэгтэй)

Сэтгэл зүйг бэлдэх. Анх удаа бэлгийн харьцаанд ороход зарим эмэгтэйчүүд өвдөлт мэдрэх, хэдэн өдрийн турш доош цус гарах, аарцаг яс өвдөлттэй болох зэрэг биед гарах өөрчлөлтүүдийг мэдээгүйгээс сэтгэл санааны хямралд орох нь элбэг байдаг. Мөн жирэмслэлтээс сэргийлэх ёстой. Хүсээгүй жирэмслэлт бий болсноор хосуудын харилцаанд сөрөг өөрчлөлт гарах тохиолдол их.

14. Хосуудын нэг нь таашаал мэдрэхгүй байгаа нь юунд вэ? Юу ч мэдрэгддэггүй?

Хосуудын хоорондын харилцаа, нэгнийгээ хүлээж авах байдал чухал. Бэлгийн харилцааны тал дээр тулгамдаад байгаа асуудлыг нэгэнтэйгээ илэн далангүй ярилцах, хамтдаа өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй. Та 4 болон 8-р асуултын хариултыг уншина уу.

15. Анх удаа бэлгийн харилцаанд орох үед жирэмсэн болох магадлал их байдаг гэсэн. Энэ үнэн үү?

Энэ бол маш буруу ойлголт. Жирэмсэн болох эсэх нь эмэгтэйн өндгөн эс боловсрох өдрөөс хамаарна. Жишээ нь эмэгтэй таны мөчлөг 28 хоногтой гэж үзвэл өндгөн эс барагцаалбал 14 дэх өдрөө боловсордог бөгөөд энэ өдөр бэлгийн харилцаанд орсон тохиолдолд жирэмслэх магадлалтай.



Сэтгэгдэл үлдээх