<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАЯНХОНГОР УТААГҮЙ АЙМАГ БОЛОХ 4 ЖИЛИЙН ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ

2019-04-18 11:22 352


Баянхонгор аймгийг 2022 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах алсын хараа, зорилгод хүрэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Швейцарын хөгжлийн агентлаг, Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх УТААГҮЙ БАЯНХОНГОР төслийн орон нутаг дахь ажлын хэсгийг мэдээллээр хангах, чадавхижуулах сургалт  2019 оны 04-р сарын 17-нд эхэллээ.


Утаагүй Баянхонгор төслийн сургалтын үйл ажиллагаанд НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын аймгийн удирдлагууд биечлэн оролцож сургалтад хамрагдаж буй ажлын хэсгийнхэнд холбогдох сэдвийн хүрээнд өргөн мэдээлэл хийлээ.

Баянхонгор аймаг нь агаарын бохирдлоороо бусад 21 аймгаас хамгийн өндөртэй болох нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Өвөлдөө саарал хот болсон энэ нутгийн иргэдийн амьсгалж буй агаарын бохирдлын 72 хувийг гэр хороолол, нам даралтын зуух 15 хувь, уурын зуух 12 хувь, машин техник болон бусад эх үүсвэрүүд үлдэгдэл хувийн утааг үйлдвэрлэж байгаа гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн байна.

Аймаг орон нутгийн зүгээс утааг бууруулах зорилгоор жил бүрийн орон нутгийн төсөвтөө тодорхой зардлыг тусган ихэнх гэр хорооллууддаа ухаалаг тоолуур суурилуулж улмаар шөнийн тарифыг 50 хувь болгосон, мөн шөнийн тарифыг цаашдаа 00 тэг болгох саналаа засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Түүнчлэн утаагүй халаалт буюу цахилгаан халаагуураар 4500 гаруй өрхийг хөнгөлттэй үнээр хангах зорилгын хүрээнд зохих ажлуудыг ээлж дараатайгаар зохион байгуулсаар байна. Эдгээр ажлуудын үр дүн өнөөдөртөө шууд мэдэгдэхгүй ч “Утаагүй Баянхонгор” төслийг үр дүнтэй хэрэгжихэд хөрс суурь нь болж өгч байгаа юм.

Утаагүй Баянхонгор төслийн нээлт 2019 оны 04-р сарын 19-ний 10:00 цагт аймгийн Баганат талбайд болох ба эрүүл ирээдүй, эрүүл маргаашийн төлөөх энэ үйлсэд хонгорчуудыгаа хамтын итгэлтэйгээр, хамтын хариуцлагатайгаар 4 жилийн хугацаанд гар бие хичээнгүйлэн оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл үлдээх