Монгол Улсын засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" таван жилийн  хөтөлбөрийг 2017-2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайнкенс нар өнөөдөр албан ёсоор баталж гарын үсэг зурав.

2019 онд Баянхонгор аймагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" хөтөлбөрийн хүрээнд 618,350 долларын ажил, арга хэмжээг хийхээр болсон байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр орон нутгийн шийдвэр гаргагчид, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхижуулах ажлуудыг түлхүү явуулсаар байгаа юм.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 2021 он гэхэд Баянхонгор аймагт ядуу, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг  сайжруулж, хүүхдийн эсэн мэнд амьдрахад агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах, сургалтын эрүүл, аюулгүй орчинд боловсролын үйлчилгээг үзүүлдэг болох юм. Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлж, тэгш боломжийг олгодог болох аж.

Баянхонгор аймгийн хувьд 2019 оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан. Энэ хүрээнд  улсын болон орон нутгийн төсөвт хүүхдэд чиглэсэн ажил, арга хэмжээний зардлыг нь тусгажээ.