<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгорт цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдаа болно

2018-12-17 15:15 1092


Энэ сарын 14-нд Баянхонгор аймгийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан халаагуурын бизнес эрхлэгч ААН-үүдтэй уулзлаа.  Уулзалтад тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр, Д.Мөнхсайхан болон ААН-ын удирдлагууд оролцлоо. Мөн энэ удаагийн уулзалт, ярилцлагад Баянхонгор аймаг дахь Хас банкны захирал Олонбаяр бусад арилжааны банкны төлөөллийг урьж оролцуулсан юм.


Уг уулзалтаар 12 дугаар сарын 22,  23-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд цахилгаан халаагуур, энэ төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гаргахаар талууд ярилцаж тохирлоо. Оролцох ААН-үүдэд үзэсгэлэн гаргах танхимыг үнэ төлбөргүй гаргаж өгөх аж.

Цахилгаан халаалтын бүтээгдэхүүний хувьд үнийн хувьд харилцан адилгүй байдаг байна. Технологийн дэвшилд суурилсан эдгээр бүтээгдэхүүний зарим нь ус буцалгагчийн зарцуулах цахилгаанаас ч бага цахилгаанаар ажиллах боломжтой гэнэ. Иргэд түлээ нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуурт амжилттай шилжиж чадвал аймгийн төвийн утааг ойрын хугацаанд эрчимтэй бууруулах боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ.


Уулзалтад оролцсон ААН-ын Улаанбаатар хотод цахилгаан халаагуур хэрэглэж буй айл өрхөд хийсэн судалгаанаас харахад цахилгаан халаагуур хэрэглэсэн айл өрхийн зардал нүүрс түлж өвөлждөг айлын зардлаас 20-30 хувь хямд туссан байна.  Гэрт амьдарч буй айл өдөрт нэг жижиг шуудай нүүрс, мод хэрэглэдэг гэж үзвэл зах зээлийн ханшаар энэ нь 3000 төгрөг болдог байна. Энэ дүнгээр тооцож үзвэл  тухайн айл сард нийт 90 мянган төгрөгийг халаалтдаа зарцуулдаг гэсэн үг юм. Байшинд амьдардаг бол энэ хэмжээ 150 мянгаас дээш гардаг гэдгийг иргэд хэлж байна. Харин цахилгаан халаагуурыг хэрэглэснээр тухайн айлын гэр, байшингийн талбайгаас хамаарч 50-100 мянган төгрөгийг халаалтдаа зарцуулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

Тиймээс Баянхонгор аймгийн удирдлагууд утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг өрнүүлж эхлээд байна. Уг ажлыг хийхийн тулд эхний ээлжинд аймгийн төвийн 4500 гаруй өрх буюу гэр хорооллын айл өрхийн 75 хувийг тарифт тоолуурт хамруулжээ. Уг тоолуурыг тавьсан айл өрхүүд шөнийн цахилгааныг ердийн үнээс 50 хувь хямд зардлаар ашиглах боломжтой юм. Нөгөө талаар аймгийн 2018 оны төсөвт уг ажлыг дэмжих, иргэдэд цахилгаан халаагуурыг хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдан авахад 100 сая төгрөгийг суулгасан байна.

Энэ мөнгөөр цахилгаан халаагуур худалдан авсан айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.


Нөгөө талаар үзэсгэлэн худалдаанаас бэлэн мөнгөөр худалдан авалт хийх боломжгүй айл, өрх банкны 100 хувийн, бага хүүтэй лизингээр урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авалт хийх боломжтой юм.

Тус аймгийн агаарын бохирдлын хэмжээг бусад аймгуудтай харьцуулсан судалгаанаас харахад улсдаа эхний гуравт орж байгаа аймгийн нэг болж байгаа нь анхаарал татах болсон юм. 2017 оны жилийн эцсийн статистик мэдээнээс харахад Баянхонгор аймгийн төвд нийтдээ 29500 орчим иргэн амьдарч байгаагийн 11 мянга гаруй нь 0-16 насны хүүхэд багачууд байна.

Тиймээс айл өрхүүд нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуур хэрэглэх нь үр хүүхдээ хамгаалаад зогсохгүй, орчны эрүүл мэндийг сайжруулахад оруулж буй чухал алхам болохыг судлаачид онцоллоо. 


Сэтгэгдэл үлдээх