<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТА ИХ БОГДЫНХОО ТАЛААР ХЭР МЭДЭХ ВЭ?

2019-06-07 11:36 762


Гэрэл зураг: Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбоо


Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.

Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. 

Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. 

Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь Их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий. Их Богд уулын орчмын ургамал, уур амысгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргал, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.


Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Багш

 

[43.242.243.68]

 

2019-06-07 03:06:18

Богдынхоо гээд засаарай



Сэтгэгдэл үлдээх