<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Амбулаторийн үзлэгийн цагийг уртасгалаа

2019-01-17 16:00 592

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хэмжээнд бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн ачаалал ихэсч, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгчийн тоо хоёр дахин өсчээ.


Тиймээс ажлын өдөр 18.00-21.00 цаг, амралтын өдрийн 10.00-14.00 цаг, 18.00-21.00 цагийн хооронд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн Хүүхдийн кабинетад Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг ажиллуулах шийдвэрийг  аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан байна.


Эрүүл мэндийн газраас мөн томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлэв. Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрч, цаашид хүндэрдэг байна.


Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал бөгөөд аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай аж.


Улирлын байдалд тохируулан хувцаслах, малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж сайн угаах, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд агаарын бохирдол бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөлөө. Мөн амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн амбулаторид хандаж эмчид үзүүлэх, өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй гэв.


Түүнээс гадна цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтойг хэлж байна.


Сэтгэгдэл үлдээх