<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАЯНХОНГОР МАН ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО

2019-03-04 11:12 433



Эх орончдын өдөр Монголын улс төрийн ууган хүчин Монгол ардын намын түүхт 98 жилийн ойг Баянхонгор аймгийн МАН-ын хороо өргөн тэмдэглэлээ. Эх орончдын өдөр МАН-ын баярт зориулсан арга хэмжээ өнөө өглөөний 10 цагт тусгаар тогтнолын баганат талбайн хойморт, нутгийн удирдлагын ордны өмнөд хэсэгт сүндэрлэх Монгол улсын баатар, Богд сумын уугуул Норпилийн Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ.


Энэхүү ёслолд аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Г.Энхбаяр, Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Эрдэнэбат, Баянхонгор сумын засаг дарга, хотын захирагч, тус сумын МАН-ын хорооны дарга Ж.Мөнхсоёл, ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар тэргүүтэй аймаг, сумын болон МАН-ын хорооны удирдлагууд, МАН-ын тэргүүлэгчид, идэвхтэн сонгуультнууд, гурван үеийн гишүүд, дэмжигчид, УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч нар, төрийн болон МАН-ын ахмад ажилтнууд өргөн оролцлоо. Улсын баатрын хөшөөнд цэцэг өргөсний дараа МАН-ын гишүүдийн хандив тусламжаар жилийн дотор сүндэрлэн босох МАН-ын хорооны шинээр баригдах ордны шав тавих ёслол боллоо. Энэхүү ёслолд Гон гандан дэдлин хийдийн лам хуврагууд оролцож ном айлдлаа.


Мөн эх орончдын өдөр, МАН-ын 98 жилийн ойд зориулсан баярын хурал доктор профессор С.Лувсанвандангийн нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт болов.


Нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийн уран тансаг мөрүүдийг яруу тодоор унших хөтлөгч бүсгүйн цуурайлах дуун дор МАН-ын түүхт 98 жилийн ойн баярын хурал эхэлж, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, удирдлагууд, гурван үеийнхний төлөөллийг баярын хурлын хүндэт суудалд урин суулгалаа. Тус баярын хурлыг аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлэн нээсэн бол баярын хуралд зориулсан илтгэлийг МАН-ын дэд дарга, аймгийн засаг даргын орлогч Г.Батсуурь тавилаа.


Энэхүү илтгэлд эх орныхоо тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эх орончдоо тодосгон тэмдэглэж, Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтэд улс төрийн ууган хүчин МАН-ын оруулсан түүхэн гавьяа, гүйцэтгэсэн үүрэг, эх оронч үзлийг Монголын ард түмэнд төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нам гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэв.


Мөн аймгийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбооны дарга Б.Дагва хэлсэн үгэндээ Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхэд гол үүргийг гүйцэтгэсэн МАН-ын олон арван гавьяат үйлсүүдийг түүхэн баримтуудаар онцлон тэмдэглэлээ. Мөн бидний сонгосон Г.Занданшатар гишүүн Монгол улсын их хурлын дарга болж Монголын түүхэнд Баянхонгорчууд тодоор бичигдэж буйг онцолсон юм.


Энэ үеэр МАН-ын үзэл баримтлалыг зөвшөөрсөн үе үеийн 60 шахам хүн гишүүнээр элсэж батлахыг нь гардан авлаа.


Мөн Ч.Болдмаа тэргүүнтэй Баянхонгор аймгийн Үсчин гоо засалчдын холбооны 13 ажилчин өөрсдийнхөө итгэл үнэмшил дор нэгдэн МАН-ын гишүүнээр элссэн юм. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргасан болон МАН-ынхаа үйл хэрэгт үнэнчээр зүтгэж яваа үе үеийнхэн МАН-ын дээд шагнал, тусгаар тогтнолын одон, Хүндэт тэмдэг, тэргүүний ажилтан зэрэг МАН-ын шагналуудаар, Мөн аймгийн ИТХ-ын болон аймгийн засаг даргын болон засгийн газрын шагнал, салбар салбарын тэргүүний ажилтнаар олон арван хүн шагнагдлаа.


МАН-ын баяр, Эх орончдын өдрийг угтсан софт волейбол, гар бөмбөг, шагайн харвааны тэмцээнүүдэд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардууллаа. Уран сийлбэрч, Бөмбөгөр сумын уугуул, Баянхонгор сумын суугуул иргэн, Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Р.Пүрэвсүрэн өөрийн бүтээл болох “Эх үрс” мазаалайн барималаа намдаа дурсгаж, аймгийн МАН-ынхаа шинээр сүндэрлэх шинэ байр барих үйлсэд 200000 төгрөгийг хувиасаа хандивлалаа.


МАН-ын баяр, эх орончдын өдөрт зориулсан баярын хурал өндөрлөж, МАН-ын гишүүд, дэмжигчдийн бэлтгэсэн бэлтгэсэн гурван үеийнхний концертыг үзэн сонирхлоо.


Сэтгэгдэл үлдээх