<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ноолуур малчны хотонд 110-125 мянган төгрөгийн ханштай байна

2019-03-25 11:04 366

ЭНЭ ЖИЛ ИХЭНХ НУТГААР ЦАС ОРООГҮЙ, ДУЛААХАН БАЙСАН УЧИР НООЛУУРЫН ГАРЦ МУУ БАЙНА ГЭВ-


Ноолуур нь Монгол Улсын албан ёсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 3 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагаар ноолуурын зах зээлийн үнэ ханшийн талаар бэлтгэлээ. Энэ жил ихэнх нутгаар хур тундас багатай дулаахан өвөлжиж газар зүйн онцлогийн дагуу Зүүн болон Говийн бүсийн аймгуудын малчид бусдаасаа түрүүлэн ямаагаа самнаж эхэлжээ. Ерөнхийдөө зүүн аймгуудын ноолуур гарч эхлэхэд уг бүтээгдэхүүний анхны ханш тогтдог гэдгийг ченж нар хэлдэг.

Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудын ноолуурыг ченж нар малчдын гар дээрээс 120-125 мянган төгрөгөөр худалдан авч цааш нь БНХАУ-руу гаргахдаа 130-135 мянган төгрөгөөр бөөндөн өгч байна. Сүүлийн хэдэн жилийн дүр зургаас харахад, ноолуурын ханш жилээс жилд тогтмол 10-20 мянган төгрөгөөр өсч байгаа. Тодруулбал, 2017 онд нэг килограмм ноолуур 85-100 мянган төгрөгийн ханштай байсан бол өнгөрсөн жил 100-120 төгрөг байсан. Харин энэ жил урьд жилүүдийнхээс өндөр тогтож байгааг ноолуурын салбарынхан онцоллоо.


-"ЭМЭЭЛТЗАХ ДЭЭР НООЛУУР 115-120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА-

Харин “Эмээлт” зах дээр нэг килограмм нь 115-120 мянган төгрөгийн ханштай байна. Сүүлийн өдрүүдэд ченжүүдийн нөлөөгөөр ноолуурын ханш өссөөр байгааг ноолуурын зах зээлийн гол санхүүжилтийг гаргадаг БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт өнгөрсөн жилээс эхлэн сэргэсэнтэй холбоотой аж. Энэ салбарын ханшийг шударга тогтоох мөн дотоодын үйлдвэрлэгч нарынхаа зах зээлийг хамгаалах зорилгоор Хөдөө аж ахуйн бирж 2018 оноос эхлэн бөөний дуудлага худалдаа зохион байгуулдаг болсон. Тус биржээс энэ сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулжээ. Уг нь ноолуурын ханш өндөр тогтох нь мал аж ахуй эрхэлж буй 160 гаруй мянган өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх ч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусна гэж үзэж Хөдөө аж ахуйн биржээс уг арга хэмжээг авчээ.

Мөн сүүлийн жилүүдэд түүхий ноолуурын нийлүүлэлтийн хэмжээ өсөх хирээр чанар муудаж байгаа нь Монголын ноос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа аж. Энэ талаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хэд хэдэн малчдаас асуухад "Сүүлийн 3-5 жилд олон жилийн дунджаас илт дулаахан байх болсон нь ноолуурын гарц, чанарт ихээхэн нөлөөлж байгаа нь малчид бидэнд ч гэсэн анзаарагдаж байна. Урьд нэг эр ямаанаас нэг кг ноолуур гарах нь хэвийн үзэгдэл байсан. Энэ жил нас бие гүйцсэн эр ямаанаас 650 грамм ноолуур гарч байна. Өвөл дулаахан, цас ороогүй учраас ноолуурын гарц тун муу байна. Өвөл цас орж хүйтрэх тусам ноолуурын гарц арвин байдаг. Өөрөөр хэлбэл цагийн байдал дулаарах тусам дулаан хадгалах үүрэгтэй нарийн ноолуурын хэмжээ багасч, бүдүүн хялгасны хэмжээ ихэсдэг" гэдгийг хэлж байв.

Ноолуурын чанар ингэж муудаж байгаа нь эцсийн дамжлага болох үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулах хэмжээнд хүрчихээд байгаа аж. Уг нь Засгийн газраас ноолуурыг стратегийн түүхий эд гэж үзэн салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах. Мөн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрсөн онд баталж, хэрэгжүүлэхээр тогтоод байгаа. Эл хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжих төлөвлөгөөтэй. Үр дүнд нь нэхмэлийн салбарт 3600 гаруй ажлын байр шинээр бий болж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 дахин өснө. Жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байгаа.


Сэтгэгдэл үлдээх