<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Монголд мазаалай 50-аас доошгүй байх боломжтой

2019-05-26 15:48 564


Энэ сарын дундуур “Мазаалай баавгайн хамгаалал болон олон нийтийн оролцоо” сэдэвт уулзалт ярилцлага боллоо. Уг уулзалт, ярилцлагад МУИС-ын Биологийн тэнхим, Шинжлэх ухааны академи, Монголын байгаль хамгаалах хамтын ажиллагааны сан, Хонгор нутгийн дуудлага ТББ, Мазаалайг аврах монголын алхам зэрэг байгууллагын төлөөлөл, мазаалай баавгайг аварч хамгаалахад санаа бодлоо чилээж явдаг эрдэмтэн судлаач, иргэд оролцлоо.

Мазаалай баавгай нь дэлхийн улаан номонд орсон нэн ховор амьтан. Тиймээс энэ төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг өсгөхөд олон нийт анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар талууд дараах мэдээллийг өгч байна.


Тухайлбал, МУИС-ын профессор Р.Сумъяагийн хийсэн судалгаа, тандалтаас харахад Алтайн өвөр говийн Цагаан богд, Шар хуст, Атас ингэс зэрэг баянбүрдэд суурилуулсан хяналтын камерийн зурагт тулгуурлаж 36 мазаалай баттай байгааг тогтоожээ. Тэдний үзэж байгаагаар мазаалай амьдардаг бусад газарт хяналт тавьж чадаагүй тул ойролцоогоор 50-аас доошгүй мазаалай байх боломжтой аж.

Мазаалай баавгайн амьдрах орчин болсон Алтайн өвөр говийн 94 хувь нь хэт хуурай, гандуу байдаг. Жилээс жилд амьдрах орчин хумигдсаар байгаа юм. Нөгөө талаар мазаалай баавгай 150 орчим хоног ичдэг байна. Эдгээр хүчин зүйлс нь түүнийг идэш тэжээлийн хомсдолд ороход нөлөөлж байгааг тэд хэлж байна. Тиймээс МАМА байгууллагаас мазаалайн тэжээлийг бэлтгэх, тэдэнд идэш тавьж өгөх ажлыг зохион байгуулж иржээ. Харин зарим эрдэмтдийн үзэж байгаагаар мазаалай баавгайд хоол, тэжээлийг бэлдэж өгөх нь түүний амьдрах чадварыг сулруулах сул талтайг хэлж байна. Мөн мазаалайг зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлэх шаардлагагүй гэдгийг ч онцолж байв. Учир нь байгаль дээр үржил явагдаж байгааг тодотгоод цаашид амьдрах орчныг тэтгэх, байгалийн тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгаалалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Ингэхдээ  Говийн их дархан цаазат газрын захиргааны үйл ажиллагааг тодорхой болгох, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв. Учир нь ГИДЦГ-ын захиргаа Говь-Алтай аймагт байрладаг бол мазаалайн амьдралын гол орчин Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр зэрэг сумдын нутагт хамаардаг байна. Эл нөхцөл байдлыг шийдвэрлэхгүй бол мазаалай баавгайн амьдрах орчин болсон говийн баянбүрдүүдэд судлаач, орон нутгийн аялагчдын хөлөөр хөндөгдөх, мазаалайг дайжуулах, амьдрах орчингүй болгох хүртэл сөрөг нөлөөтэй байж мэдэхийг анхаарууллаа.


Цаашид мазаалай баавгайг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байна. Тэр дундаа Засгийн газар, орон нутгийн захиргаа өөрийн хөтөлбөр, бодлоготоо тодорхой ажлыг тусгаж, тогтмолжуулах хэрэгцээ байгаа юм. Соёлын арга хэмжээ, тэр дундаа кино, жүжигт мазаалайг дүрсэлж, мазаалай нэртэй бараа, бүтээгдэхүүнийг гаргах замаар эдийн засагжууулж, улмаар бий болсон санхүүгийн эх үүсвэрээр мазаалайн хамгаалалд зориулах арга замыг бий болгох ёстой юм.

Мазаалай баавгайн талаарх анхны судалгаа 1899 оноос эхэлж, 1945, 1967 зэрэг онуудад ахиц гаргасан судалгааг тус тус хийж байжээ.

Сонирхуулахад 2015 оны тавдугаар сард БНХАУ-ын Тэнгэр уулзанд хоёр удаа гарч байсан мазаалай баавгайг Баянхонгор гэж нэрлэдэг байна. Тус баавгай идэш тэжээлийн хомсдолоос үүдэж ийнхүү хол явсан байдаг.

Б.БАТ


Сэтгэгдэл үлдээх