<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.ПҮРЭВДАГВА: АЙМГИЙН ТӨВ ТЭР ЧИГТЭЭ УРЛАГТ УМБАНА

2019-07-17 17:19 587


Ламын гэгээний 380 жилийн ой, Хангайн бүсийн хурд-2019 даншиг наадам энэ сарын 26-наас Баянхонгор аймагт эхэлнэ. Oй, даншиг наадмын соёл, урлагийн арга хэмжээг аймгийн ХДТ-ын уран бүтээлчид гардан бэлтгэж байна.  Энэ талаар аймгийн ХДТ-ын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.


Ойн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Та бүхэнд амаргүй ачаа ногджээ гэж харж байна?

Хөгжимт драмын театр өөрийн туулсан түүхтэй, олон сайхан уран бүтээлчтэй том театр. Энэ утгаараа аймаг, орон нутаг шийдвэрээ гаргаж ойн арга хэмжээний нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтыг манай театр дангаараа хариуцахаар болсон. Тиймээс бид өөрсдийн хүч, бололцоог дайчлан хүн бүр л хичээл зүтгэл гаргаж байна.

Мэдээж хэрэг ойтой холбоотойгоор манай театрт томоохон үйлдвэрлэл явагдаж байна. Тухайлбал, аймгийн гандан дээр шинээр 12 ширхэг цамын баг хийж байна. Мөн цамын 12 ширхэг хувцасыг дөрвөн оёдолчин урлаж байгаа. Бурхны 87 хувцас оёж байна. Нийтдээ 108 бурхны хувцас хийх юм. Манай театрын Батжаргал багшийн аялгуу, шинэхэн гавьяат Алтанцэцэгийн дэглэлт "Дамарын ай" бүжгийг шинэчилэн тоглох гэж байна. Энэ бүжгийг 1999 онд Ламын гэгээний 360 жилийн ойгоор анхлан дэглэж байсан түүхтэй.

Нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт ямар хэлбэрээр, хэр хугацаанд явагдах вэ?

Баяр наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжлэх нэгэн цогц тоглолт болно. Манай аймгийн бүх сумдаас төлөөлөл оролцож байгаагаараа онцлог. Нийтдээ 400 гаруй бүжигчид, 100 гаруй уртын дууч, 100 гаруй морин хуурч цуглана. Бид аль болох олныг хамруулж, нүсэр арга хэмжээ хийхийг зорьж байгаа. Зохиол аль хэдийнэ гарчихсан. Бид наадмын талбайд бэлтгэлдээ гараад байна.

Найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?

Манай театрын ерөнхий найруулагч Тогоомөнх ажиллаж байна.

Найруулгын онцлог юу байх бол?

Ламын гэгээний түүхт ой гэдэг утгаараа бид шашин, урлагын хослолыг бий болгохыг зорьж байна. Нөгөөтэйгүүр энэхүү түүхэн ойтой зэрэгцэн долоон сумын сум сурталчилах өдөрлөгийг аймгийн төвд нэгэн зэрэг зохион байгуулна. Ламын гэгээний ойг зорин ирсэн зочид төлөөлөгчид дан ганц төв цэнгэлдэхэд урлаг, соёлын үйлчилгээг аваад зогсохгүй аймгийн бүхий л олон нийтийн амралт зугаалгын парк, талбайд сумдын соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Мөн тухайн сумын гар урлал, идээ цагаа гээд хүссэн үйлчилгээгээ авах юм. Нэг үгээр хэлбэл аймгийн төвийн хаанаас  ч урлаг, соёлын үйлчилгээг авах боломжтой.

Нийслэлээс хамтлаг, дуучид ирэх үү?

Мэдээж хэрэг улс орондоо алдартай уран бүтээлчдийг урих, тэдний ая дууг хонгор нутгийнхандаа хүргэх зорилго байгаа. Тухайлбал, хүндэтгэлийн тоглолт дээр Никитон, Сүнс хамтлаг ирж ая дуугаа өргөнө. 28-ны оройн задгай талбайн цэнгүүнд Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн,  дуучин Ариунаа нар ирж уран бүтээлээ өгрөнө. 

Б.БАТ

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Zochin

 

[66.181.161.44]

 

2019-07-17 16:07:14

Chadvarlag nairuulagch shuu


Жавзан

 

[66.181.161.105]

 

2019-07-17 11:07:56

Тогоомөнх гэж найруулагч дуулаагүй юм бн хаана ямар сургууль төгссөн хүн бэ?



Сэтгэгдэл үлдээх