<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТОО, ЧАНАРЫН ӨСӨЛТТЭЙ ТАВАН ЖИЛИЙН ДАРААХ ЗӨВЛӨГӨӨН

2019-07-18 15:16 945


Баянхонгор аймгийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны аймгийн 5 дугаар зөвлөгөөн боллоо.

Таван жилийн дараа болж буй энэ удаагийн зөвлөгөөн Баянхонгор аймгийн санхүү, эдийн засаг, бүртгэлийн хөгжил ямар шатанд хүрсэн, ололт амжилт хийгээд алдаа дутагдалд дүгнэлт хийх боломжийг олгосноороо ач холбогдол өндөр юм. Энд Баянхонгор аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын нийт ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Тэд энэхүү зөвлөгөөний хүрээнд аймгийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Аудитын эрх зүйн шинэчлэл, сорилтууд, Банкны салбарын өнөөгийн байдал, нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, Татварын хуулийн шинэчлэл, Орон нутгийн өмч болон худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг хангуулахад нягтлан бодогчдын оролцоо, Санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн байдал, ММНБИ-ын өнөөгийн чиг хандлага, баримталж буй бодлого, Хувийн аудит болон даатгалын байгууллагын өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүллээ.


Зөвлөгөөнд оролцогчид Баянхонгор аймгийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд тогтмол өсч, аймаг орон нутагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн эерэг үзүүлэлттэй байгаад санал нэгдэж байлаа. Нөгөө талаар цаашид анхаарвал зохих асуудлаа халуун тогоондоо ярилцаж, гарц шийдлийг эрэлхийлж байв. 

Энэхүү зөвлөгөөний үеэр бид хэлэлцүүлсэн илтгэлтэй холбоотойгоор зарим хүнээс дараах тодруулгыг авлаа.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.БАЙГАЛМАА: МАНАЙ САЛБАРТ ТООН БОЛОН ЧАНАРЫН ӨНДӨР ӨСӨЛТ БИЙ БОЛСОН


Энэ удаагийн зөвлөгөөний онцлог юу вэ?

1965 онд Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхны зөвлөгөөн болж байсан. Манай аймгийн хувьд өмнөх зөвлөгөөнийг 2014 онд зохион байгуулсан. Тэгвэл таван жилийн дараа бид аймгийн зөвлөгөөнөө Улсын зургадугаар зөвлөгөөний өмнө хийж байгаагаараа онцлог.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд аймгийн эдийн засагт ямар өөрчлөлт, өсөлт бий болсон бэ гэдэгт бид дүгнэлт хийлээ.

Та бүхний тооцоо, судалгаагаар Баянхонгор аймгийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал таван жилийн өмнөхтэй харьцуулахад ямар байна вэ?

Баянхонгор аймгийн эдийн засгийн тоон болон чанарын үзүүлэлтүүд маш их өсөлттэй байгааг харж болохоор байгаа юм. Аймгийн ДНБ, иргэдийн мөнгөн хадгаламжийн хэмжээ тус тус өссөн. Иргэдийн хадгаламж гэхэд 46 тэрбум төгрөг байсан бол 106 тэрбумд хүрчээ. Төсвийн зарлагын дүн 33 хувиар нэмэгдсэн байна. Мөн төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ 6.6 тэрбумаар өссөн. Товчхон дүгнэхэд өнгөрсөн таван жилд аймгийн маань хөрөнгө санхүү арвижиж, бүтээн байгуулалт ундарсан жил байлаа гэж хэлж болохоор байгаа юм. Баянхонгор аймгийн нийт сумдын төсөвт байгууллагын барилга байгууламжийн 70 гаруй хувь бүрэн шинэчлэгдсэн. Сургууль 10, соёлын төв 10, дотуур байр 2, найман сум, нэг тосгоны эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэн барилаа. Энэ мэтээр манай санхүү, эдийн засагт гарсан ахиц дэвшил олныг хэлж чадахаар байна. Мэдээж энд манай салбарын хамт олны хөдөлмөр зүтгэл, оруулсан хувь нэмэр их бий.

2018 оны төсвийг 2019 оны төсөвтэй харьцуулахад урсгал зардал 17,7 тэрбум буюу нийт урсгал зардлыг 25 хувиар өсгөж чадсан нь манай салбарынхны ажилдаа хэрхэн хандаж, ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл.

Нөгөө талаар манай санхүү, эдийн засгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийн жилүүд байсан гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, татварын ерөнхий хууль шинэчлэгдлээ. Хүн ам, аж ахуйн орлогын татварын тухай хуулиуд, НӨАТ-ын тухай хууль, Галт зэвсгийн тухай хуулиуд шинэчлэгдсэн. Мөн Төсвийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчлэгдэж, тэрнээс хойш өнөөдрийг хүртэл манай Төсвийн тухай хуульд нийтдээ 22 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. 2015 оноос эхлэн Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн санхүү, бүртгэлийн ажилтнуудын гол хууль болох Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2016 онд хэрэгжиж эхэлсэн.

Хууль, эрх зүй маань өөрчлөгдөж байгаатай зэрэгцэн манай салбарынхан өөрсдөө дагаж хурдтай шинэчлэгдэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

АЙМГИЙН АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХБАТ: ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ


Таны илтгэл Аудитын эрх зүйн шинэчлэл, сорилтууд сэдэвтэй байлаа. Танай салбарт тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?

Хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй. Төсвийн тухай хууль үндсэн зарчимтайгаа, Төрийн аудитын тухай хууль Компанийн тухай хуультай, Тендерийн тухай хууль Орон нутгийн өмчийн тухай хуультай зөрчилдөх нөхцөл байгаа учраас алива алдаа засрахгүй гарсаар байна. Аливаа алдааны 68 хувь шийдвэр гаргагчид хуулийг буруу хэрэглэснээс болж гарч байна гэсэн судалгаа гарсан.

Нөгөө талаар Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах шаардлага бий. Ингэж байж манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ тэлэх, гаргаж буй дүгнэлт чанартай болох нөхцөл бүрдэнэ. Ингэхгүйгээр манай үйл ажиллагаа ч мөн чанараараа явах боломж хомс. Манай байгууллага өөрийнхөө шалгадаг байгууллагаар төсвөө батлуулж авч байна. Хараат бус байх боломж хосё байгаа жишээг хэлж бас болно. Манай байгууллагаас УИХ-д Оюутолгойн гэрээг хийсэн байдалд аудит хийх саналыг оруулж байхад тэрийг болиулаад гүйцэтгэлд нь аудит хийх болгоод оруулсан. Гэтэл гэрээгээ урьдчилж үзэхгүйгээр гүйцэтгэлд аудит хийх боломжгүй. Нөгөө талаар манай байгууллагын хүн хүч маш хомс. Нэг хүн санхүүгийн тайлангийн аудитаар өдөрт 12-16 цаг ажилладаг. Нэг сарын хугацаанд 20 байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөр ажиллаж байна. Мэдээж миний ярьсан эдгээр зүйлс олон түмний нүдэнд ил, тодорхой хүрээнд яригдаж байгаа учраас шийдэгдэнэ гэж найдаж байна.

Аймгийн Аудитын газрын үйл ажиллагааны цар хүрээ ямар хэмжээнд байдаг вэ?

Манай газар Баянхонгор аймгийн төсвийн төвлөрүүлэн захирагч, ерөнхийлөн захирагч, шууд захирагчийг хамарсан нийт 264 байгууллагад аудит хийж, дүгнэлт гаргаж байна. Эндээс хувийн аудитын компанид 30 гаруй шууд захирагчийн тайланг өгч аудит гаргуулдаг.

Аудитаар илэрч буй гол зөрчил, дутагдал юу байдаг вэ?

Аудитаар илэрч буй гол алдаа бол төсвийн гүйцэтгэл, зориулалт бусаар зарцуулах, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд хяналт тавих байдал хангалтгүй, түүний үр ашгийг тооцох байдал тааруу байдаг. Мөн нягтлан бодох бүртгэл, стандарт тайлагналттай холбоотой асуудлууд дээр алдаа гардаг.

ХОНГОРЫН ҮР САД АУДИТЫН КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.БЯМБАА: АУДИТ ХИЙХ ХУГАЦАА МАШ ШАХУУ БАЙДАГ


Хувийн аудитад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

Манайх 2012 онд анх байгуулагдаж байсан. Манайх төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн тайлан блансыг баталгаажуулах, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг голчлон хийж байна. Дөрвөн үндсэн аудитортой. Бидний үйл ажиллагаанд хуулиараа дөрвөн үндсэн аудитортой байхаар тусгасан. Гэтэл бид дөрвөн хүний цалин, холбогдох татварыг төлөх гээд санхүүгийн хувьд тодорхой хүндрэлтэй нүүр тулдаг. Бид нэг байгууллагын аудитыг 100-150 мянган төгрөгөөр хийдэг. Энэ мөнгө дөрвөн хүний цалин, холбогдох татварыг төлж хүрдэггүй. Сүүлд Сангийн яамнаас гаргасан журамтай уялдаж 2019 оноос төлбөрийн хэмжээ нэмэгдэх байх. Ер нь бидний үйлчилгээний төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, хувийн аудитын компаниудыг бэхжүүлэхэд анхаарах шаардлага байна. Бид энэ талаараа ч зөвлөгөөний үеэр санал оруулсан.

Аудитын компани өөрөө санхүүгийн хувьд бэхжиж чадахгүй байгаа ийм нөхцөлд та бүхний гаргаж буй дүгнэлтүүд хэр бодитой болох вэ. Энд тайлбар өгөөч?

Дүгнэлт бодитой гарч байгааг баттай хэлнэ. Гагцхүү цаг хугацааны хувьд маш шахуу байдаг учраас тухайн байгууллагын бүтэн жил хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөхдөө цаг хугацаанд баригдаад дутуу үзэх, дүгнэх асуудал гарч болзошгүй. Тийм учраас аудит хийж байгаа хугацааны хувьд анхаарах хэрэгтэй.