<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АЙМГИЙН ТӨРИЙН АРХИВЫН ТАСАГ 10-ААД ЖИЛ УЛСДАА ТЭРГҮҮЛЖЭЭ

2019-08-26 12:09 528

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын Баянхонгор аймгийн Засаг даргатай 2019 байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Төрийн болон байгууллагын архивын хөгжил, төлөвшилт” үзүүлэх сургууль, зөвлөгөөн өнөөдөр/2019,08,26/ Баянхонгор хотноо эхэллээ.


Энэ удаагийн зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, манай улсын 13 аймгийн ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүдийн нийт 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатарын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн Архивын тасгийн үйл ажиллагаа сүүлийн арав орчим жилд улсдаа тэргүүлж буйг дурдаад энэхүү уйгагүй, нягт үйл ажиллагааны үр дүнд улсдаа анх удаа Баянхонгор аймаг Архивын тусгай барилгатай болж байгааг онцлов. Мөн энэ үеэр 1941 онд Баянхонгор аймгийг байгуулах шийдвэрийг гаргасан тухайн үеийн тогтоол, АЕГ-аас сүүлд гаргасан номын дээжийг аймгийн Засаг даргад гардууллаа.

Зөвлөгөөнд оролцогсод хоёр өдрийн туршид Монгол Улсын архивын баримт бичиг, түүний ач холбогдол, энэ хүрээнд тулгамдаж буй бэрхшээл, ололт амжилтын талаар хэлэлцэж, Баянхонгор аймгийн 14 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцана. Мөн энэ үеэр орон нутагт анх удаа баригдаж буй Баянхонгор аймгийн Архивын барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. Энэ удаагийн зөвлөгөөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээс өмнө болж байгаагаараа онцлог юм. Уг хууль батлагдсанаар энэ салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагч, нийт архивчдын нийгмийн баталгаа сайжирч, бүтэц, орон тоо, боловсон хүчний тал дээр ахиц гарна гэдгийг албаныхан хэлж байна.

Баянхонгор аймаг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх түүхийг илэрхийлэх 350 орчим байгууллагын 185 мянган хавтас баримт аймгийн төрийн архивын үндсэн санд хадгалагдаж байна. Аймгийн төрийн архивт 17, байгууллагын архив, бичиг дэрэг дээр үндсэн болон хавсарсан орон тоогоор 200 орчим ажилтан ажилладаг аж.



Сэтгэгдэл үлдээх