<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

С.Магнайсүрэн: ШААРДЛАГТАЙ БОЛ ЗАРИМ БАРИЛГЫН КОМПАНИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА

2019-09-05 19:39 192

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ээлжит улсын үзлэгтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн аймгийн удирдлагуудтай уулзаж Баянхонгор аймагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав.  

Тухайлбал 2-7-9-р багийн дунд тавигдаж буй замын ажлын үерийн далан нь нийт 2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тус замын ажилд 2018, 2019 онуудад нийт 900 сая төгрөг улсын төсавт суусанч энэ оны хувьд ажил зогсонги байдалтай, ард иргэдийн ажил амьдралд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.

Мөн 2013 оноос ажил нь эхэлсэн 960 хүүхдийн сургууль буюу тавдугаар арван жилийн барилгын ажил эхэлсэн цагаасаа хойш 6 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Ажил гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-д орон нутгийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлдэг ч төсөв хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар  жил бүр төсөв нэмж батлуулсаар 7 гаруй тэрбум төгрөгийг авчээ. Харамсалтай нь барилга дуусалгүй өнөөдрийг хүрч байна.

Эдгээр нөхцөл байдлыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн газар дээр нь судлаж танилцаад ажлуудыг яаравчлуулах тал дээр анхаарч шаардлагатай бол гүйцэтгэгч ААН-ийг яамны  хар жагсаалтад оруулах буюу ажлыг шилжүүлэх хүртэл шийдвэр гаргана гэлээ.

Орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд харъяа яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд тодорхой анхаарч ажиллахаа тэрбээр илэрхийллээ. Мөн тэрбээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг Баянхонгор аймаг дахин төлөвлөлтөд оруулах тал дээр дэвшил гарган бусад аймгуудад жишиг болон ажиллаж байгааг сайшааж байлаа.

 


Сэтгэгдэл үлдээх