<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УТААНЫ ЭСРЭГ 1 АЛХАМ: 200 ӨРХӨД НЭВТРҮҮЛЭХ CHIPS БАГЦЫГ ТАНИЛЦУУЛАВ

2019-09-10 16:31 92
Эх хүүхэд болон ард иргэдэд үзүүлэх утааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор НҮБ-иас Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран 2019-2022 хооронд хэрэгжүүлж буй  "Утаагүй Баянхонгор" төслийн хүрээнд  ӨРХӨД ЗОРИУЛСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ХАЛААЛТ, ДУЛААЛГЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ, ШИНЭ ТУТАМ ЗОХИОН БҮТЭЭГДЭЖ БУЙ ШИНЭЛЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛАХ ИННОВАЦИЙН ТӨВ нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НҮБ-ын суурин төлөөлөгч Алекс Хайнкенс, Хотын захирагч Ж.Мөнхсоёл болон ард иргэд оролцлоо.

Баянхонгор аймаг нь 89,000 гаруй хүн амтай. Үүнээс 7000 өрхийн 32,000 гаруй иргэд нь  Баянхонгор суманд амьдарч байна.  6000 өрх гэрийн хороололд амьдардаг бол 1000 орчим өрх байшин хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. 

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын өрхүүдэд, тэр тусмаа монгол гэрт амьдардаг айл өрхийг эхний ээлжинд сонгож монгол гэрт хаяа, хатавч, шал, хаалга зэрэг олон зүйлээс шалтгаалан дулаан алдагдал тогтмол явагддаг байдлыг зогсоох нэгэн шийдлийг олж ШУТИС-ийн монгол инженерүүдтэй хамтран Баянхонгор аймагт хэрэгжүүлэхээр болсон байна.

Монгол  гэрийн шал, хаяа, хатавч, туурга, хаалга үүдний зэргээр бүх талаасаа дулаанаа алдахгүй байх дулаалгын цогц багц чипс нь өрхийн хэрэглээнд нэн зохицсон, цэвэр орчин, эрүүл ая тухтай байдлыг айлд үүсгэхээрээ  давуу талтай гэдгийг зохион бүтээсэн монгол  инженерүүд хэлж байгаа юм. 

Төслийг хэрэгжүүлэгч  НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс  онд 200 өрхийн зардлыг санхүүжүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, халаалт, дулааны багцаар хангах юм байна. Ингэхдээ хүн амын нягтаршил ихтэй 4, 5-р багийн эмзэг бүлгийн өрхүүдийг сонгож авах ажээ. Нэг гэрт орох дулаалгын багцын үнэ 1,800,000 төгрөг бөгөөд 100 өрхийг 100 хувь, 100 өрхийг 80, 50 хувь зэргээр санхүүжилтийг олгохоор болжээ.  

Дулаалгын иж бүрэн багцаар хангагдах  200 өрхийн шалгаруулалтыг Баянхонгор сумын ЗДТГ-аас хариуцан явуулах бол сонгогдсон айл өрхүүдэд инженерийн багаас ирэх 10-р сард суурилуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажилдаа ороод байна.  Инновацийн төвийг Баянхонгор сумын 4-5-р багийг түшиглэн байгуулж байгаа бөгөөд тус төвөөр дамжуулан иргэд дулаан алдагдалыг зогсоох цогц шийдэл CHIPS багцын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй болж улмаар өөрсдийн хэрэглээндээ авах, нэвтрүүлэх боломжтой юм.

 Мөн дулаан алдагдлын талаар өөрийн туршлага мэдлэгээ бусадтайгаа хуваалцах зэрэг өргөн боломжийг энэ төвөөрөө дамжуулан иргэдэд нээж өгч байгаа аж.

Баянхонгор сумын 4-5р багийг төвийн дулаанд холбох инженерийн шугам сүлжээний ажил одоо явагдаж байгаа бөгөөд 10-р сард ажил дуусч улмаар айл өрхүүдийг  холбож эхлэх юм байна. Төвийн дулаанд холбогдсоноор айл өрхийн хэрэглээ нь хялбар, эрүүл болж түүүхий нүүрсний хэрэглээ буурна гэж аймаг сумын удирдлагууд тооцоолж байна. Засаг дарга Г.Батжаргал , Хотын захирагч Ж.Мөнхсоёл нар саяхан БНХАУ-д ажиллах үеэрээ аймгийн төвийн уурын зуухуудад  утааг ууршуулж цэвэрлэгч төхөөрөмж суурилуулахаар тодорхой тооны захиалгыг өгчээ. Тэд өнгөрөгч өдөр дулааны аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх уулзалт хийгээд байна.  Энэ  мэтээр утааг бууруулахаар явуулж буй олон төрлийн үйл ажиллагааны үр дүнд энэ өвөл утаа тодорхой хэмжээнд багасна гэсэн хүлээлт үүсэж байна.

Хүн амын төвлөрөл, хотын газар зүйн байрлалаас шалтгаалж утаа жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.  Энэ нь жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлсөөр байна. Иймээс уг хэрэгжүүлж буй “Утаагүй Баянхонгор” төслийн бүх үйл ажиллагаанд  ард иргэдийн оролцоо хандлага хамгийн чухал нөлөөллийг үзүүлнэ гэдгийг  нээлтэд оролцогчид хэлж байлаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд Өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ, CHIPS багцыг танилцуулах сургалт, уулзалтыг  төсөл хэрэгжүүлэгчид эдгээр өдрүүдэд холбогдох албаныхан болон ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хийж байна.


Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


зочин

 

[202.21.117.98]

 

2019-09-10 08:09:10

дулааны шугамаа л хурдан оруулах хэрэгтэй



Сэтгэгдэл үлдээх