<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УУРЫН ЗУУХНУУД ШИНЭЭР БАРИГДСАН ОБЪЕКТЫГ ХАЛААХАД ХҮНДРЭЛТЭЙ

2019-09-26 16:22 207

Өчигдөр/2019,09,25/ дулаан үйлдвэрлэгч ААН-үүдийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь,  эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Д.Мөнхжаргал, МХГ-ын холбогдох улсын байцаагчид  болон дулаан үйлдвэрлэгч ААН-үүдийн төлөөлөл оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт нийт 25 дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Үүнээс 20 компани үйл ажиллагаа явуулдаг бол Баянхонгор суманд дулааны 12 ААН үйл ажиллагаа явуулж байна. За тухайлбал Баялаг дулаан ХХК – 510 айл, Зүүн шанд – 220, Марал Гүн – 630 айл,  Рашаант хайрхан – 200 айл, RMB – 290 айл, Хөвших од 262 айлуудад дулаанаа өгч байгаагийн зэрэгцээ ААН, байгууллагуудын халаалт дулаанаар тогмол ханган ажилладаг байна.


Эдгээр уурын зуухнууд нь 1970-1980 онд баригдаж ашиглалтад орсон байдаг. Дулааны үйлдвэрлэлээс болж  Баянхонгор аймаг улсын хэмжээнд аваар осол гаргаагүй гэдгээрээ сайнаар дүгнэгддэг.  Гэсэн хэдий ч Баянхонгор аймагт 35МВТ хүчин чадалтай дулааны станц барихтай холбогдуулан дулааны үйлдвэрүүд ажил байдалдаа дорвитой засвар үйлчилгээ хийхгүй зөвхөн урсгал засвар хийж хүлээлтийн байдалтай ажилласаар байгаа юм.  2016 онд иргэдээс дулаантай холбоотой гомдол 89 ирсэн бол 2017 онд 21, 2018 онд 2 гомдол ирсэн нь дулаан үйлдвэрлэгч компаниудын ажлыг хариуцлага сайжирсан байдлыг харуулж байгаа юмаа. Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс /шатахуун, цахилгаан, нүүрсний үнэ/ нэмэгдсэн байдлыг харгалзан үзэж  2017 оноос хойш үнийн тарифт өөрчлөлт оруулсан байдаг.

Тодруулбал Айл өрх м квадратаар – 450 төг, албан байгууллага м күбээр -1500-1550 төгрөгний үнийн хооронд дулааны төлбөрийг тооцож авч байгаа юм.

Сүүлийн жилүүдэд олноор баригдаж буй барилга байшинтай холбогдуулан дулааны үйлдвэрлэлийг зохистой явуулахад нилээд хүндрэл учирч байгаа аж. Учир нь барилгын ямар нэг ААН-ээс байр орон сууц барьдаг гэтэл дулааны эх үүсвэрээ яаж шийдхээ төдийлөн тооцоолоогүй. Ойрын уурын зууханд холбоё гэтэл нөгөөх нь  ачаалал хэтэрсэн дахин  нэмж байр орон сууцыг халаах боломжгүй байдаг  зэрэг асуудлууд түгээмэл байна.  Зарим барилгын ХХК-ууд нь  саяхан тавигдсан цардмал зам эвдэж шугам сүлжээгээ аль нэг уурын зууханд холбоно гэж зүтгэдэг бол зарим нь өөрсдөө уурын зуух барья гэж тэр хавийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулдаг гэх зэргээр  манай аймгийн барилгын ААН-үүд болон дулаан үйлдвэрлэгчийн хооронд зөрчилдөж  хурцадсан  асуудал их байгаа нь эл уулзалт хэлэлцүүлгийн үеэр ил болж байлаа.  

Энэ нь  1990-ээд оноош хойшхи хот өөрөө ямар ч  төлөвлөлтгүй явж ирсэний, инженерийн шийдэлгүй, хувийн аж ахуйн нэгжүүдэд хамаг асуудлаа үүрүүлсэний   л гор нь  хойч үедээ ийнхүү гарч ирж байгаад аймгийн удирдлагууд,  мэргэжлийн байгууллага, инженерүүд санаа зовинож байлаа. Мөн дулаан үйлдвэрлэгчдийг иргэд харахдаа мөнгө хүүлсэн, агаар бохирдуулсан гэж хардгаас хичнээн хүнийг ажлын байраар хангаад хэдий хэмжээний нөөц зардлаар хэдэн албан газар, хичнээн айлыг дулаан өвөлжүүлэхээр цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нөхцлийг олж хардаггүй. Тэр ч бүү хэл  хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөх болхоороо элдэв нэгээр доромжилж иргэний ёс зүйгүй, хариуцлагагүй байдал гаргадаг олон тооны айл өрхүүд байдгийг баримтаар ярьж байлаа. Тэдэн дотор төрийн өндөр  алба олон жил хашсан, тэмдэг одонгоор энгэрээ гоёсон, настай намбатай хүмүүсийн нэр ч сонсогдож байв. Тэдний дулаан хэрэглэсний төлбөр нь   заримийнх нь 10 сая давсан ч байдаг байна.  Энэ мэт иргэдийн гаргасан хохирлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлдэг тохиолдлууд ч дулааны ААН-дэд нилээдгүй байдаг юм байна.

Манай аймгийн удирдлагууд  дулаан үйлдвэрлэгчидтэй өмнө  нь зөвшилцөж, ярилцаж байсан удаа байгаагүй аж. Уулзалтад оролцогч талууд өөр өөрсдийн чиглэлээр нухацтай ярилцсаны эцэст зарим шийдвэрийг аймгийн удирдлагууд гаргав. Хамгийн гол нь аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хүн зон олны аятай тухтай амьдралын төлөө зорилгын хүрээнд дулааны үйлдвэрүүд барилга болон бусад ААН-үүдтэйгээ ойлголцож, зарим компанийн төлөөллүүд үйлчлүүлэгчидээ хүндэтгэж, иргэд нь  ч зөв ухамсарлаж аль аль талдаа  уялдаа холбоотой ажиллах нь нэн тэргүүний асуудал гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ үеэр онцлон сануулж байв.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд Баянхонгор хотын инженерийн шугам сүлжээний ерөнхий зураг төсвийг ойрын хугацаанд  хийж ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн бол зарим  үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан баригдаж байгаа орон сууцнуудыг уурын зуухуудад хэрхэн зөв холбох, ачаалал хэтэрсэн үйлдвэрт нэмэлт ачаалал өгөхгүй байх, мөн хүчин чадал нь илүү гарч  байгаа атлаа аль нэг орон  сууцуудыг нэмэлтээр холбож халаалт өгөхгүй гэж тодорхойгүй шалтгаанаар цааргалсан  зарим ААН-дэд хариуцлага тооцох,  Шинэ төгөл зэрэг зарим газарт   шинээр уурын зуух барих шаардлагатай эсэхийг ажлын хэсэг байгуулж судлан үзэж шаардлагатай арга хэмжээг авах,  Утаагүй Баянхонгор төслийн хүрээнд  уурын зуухнуудын байгаль орчинд нөлөөлөх эрсдлийн үнэлгээг энэ жил хийх, утаа гаргадаггүй усан шүүлтүүртэй янданг уурын зуухуудад суурилуулж эхлэе гэсэн зарчмын саналууд дээр талууд санал нэгдэснээр дулаан үйлдвэрлэгчдийн аймгийн удирдлагуудтай хийх уулзалт өндөрлөлөө.


Сэтгэгдэл үлдээх