<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АЙМГИЙН ИТХ: Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци 126 ажлын байр бий болгожээ

2019-09-26 15:41 175
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XYII хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны ирц 78,04 хувьтай байв. 


1. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойг зохион байгуулсан тайлангийн тухай хэлэлцэж,  Хангалттай сайн зохион байгуулсан гэж дүгнэлээ. Мөн ойг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон зарим албан тушаалтнуудыг шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгав. 

2.Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн зохицуулалтыг баталж, төсвийн зохицуулалт болон батлагдсан хуваарийн дагуу байгууллагуудын санхүүжилтийг олгохыг аймгийн Засаг даргад зөвшөөрлөө.


3. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай талаар хэлэлцээд  дараах ажил, арга хэмжээг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгалаа:  
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц, үйл ажиллагааны стандартад зааснаар шаардлагатай байгаа 11 орон тоог нэмэгдүүлэх, цалин урамшуулал, санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
- Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор батлагдсан нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх “Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийг боловсруулж, санхүүжилт үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах
- Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай чанартай хүргэх шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, техник хэрэгслийг актлах нэн шаардлагатай, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжөөр хангах, зарим барилга байгууламжийн өргөтгөл их засвар, цахилгаан дулааны санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан тодорхой үр дүн гаргаж ажиллах
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чадамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, эмч ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах тал дээр сургалт зохион байгуулах
- Баянхонгор сумын түр оршин суугчдын асуудлаар Баянхонгор сумын Засаг даргад тодорхой чиглэл өгч бодлого гарган үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллах

4. Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацийн үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци ХХК нь 2017-2019 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор аймгийн төсвөөс олгосон 1 тэрбум 10 сая төгрөг, эргэн төлөлтөөс 234,0 сая төгрөгийг 158 аж ахуйн нэгж, иргэнд олгож, 126 ажлын байр бий болгосныг сайшааж, цаашид орон нутгийн төсвөөс 2012 оноос хойш зээл авсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашиг орлогоо нэмэгдүүлээгүй, ажлын байр гаргаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, өр төлбөрийг барагдуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.


5. Баянхонгор хайрхан фарм орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцээд тухайн үйлдвэрийн газарт үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын хэсэг томилон судалсны дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцэхээр тогтлоо. 

6. Баянхонгор сумын Супрессор өрхийн Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга, хашааг газрын хамт Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт Инновацийн загвар төвийн зориулалтаар балансаас балансад үнэ төлбөргүй шилжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны ээлжит бус XYI хуралдааны 16/05 дугаар тогтоолын нэг дэх заалтаас “Супрессор өрхийн эмнэлэгийн барилгын худалдах доод үнийг 25,0 сая төгрөгөөр тогтоож худалдах” гэсэн хэсгийг хүчингүй болголоо.


Сэтгэгдэл үлдээх