<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХАА-н салбарын шинэ хуулийн танилцуулгыг хийв

2018-08-06 14:24 590


Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийг сурталчилан танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн 20 сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн, малчид, мал бүхий иргэд нийлсэн 120 гаруй хүн хамаргадав. Тэдэнд Швецарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн С.Дивангар, ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн багш, доктор профессор Д.Айлтгүй дээр 2017 онд УИХ-аар батлагдаж, энэ оны зургадугаар сараас мөрдөгдөж эхлээд буй дээрх хуулиудын дэлгэрнгүй танилцуулгыг хийлээ.

 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр малын гоц халдварт өвчний үед хариуцлага хүлээх субьектыг маш тодорхой болгож өгсөн байна. Өмнө нь малын гоц халдварт өвчин гарсан үед хариуцах эзэн нь тодорхой биш байдаг байсан бол шинэ хуулиар малын шилжилт хөдөлгөөнийг тухайн сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг бүртгэхээр байна. Ингэснээр малын халдварт өвчин гарсан үед МЭҮТ-т үүрэг хариуцлага оногдож байна. Нөгөө талаар малын аливаа өвчнийг тархсан, гарсан хойно нь араас нь устгах, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан бол одоо урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах юм. Мөн малын вакцин, эм тариаг малын эмчийн бичиг, жороор олгож, энэ нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Малын генетикийн нөөцийн тухай хууль нь монгол малын удмын санг хадгалах, чанар, таваарлаг байдлыг хадгалахад чухал юм. Олон зуун жилийн турш монголын мал аж ахуйн салбар нь өөрийн онцлог бүхий монгол малыг бий болгосон гэж үздэг. Тиймээс энэхүү хуулийн хүрээнд монгол мал нь хуулиар өөрийн удмын сан бүхий онцлогтой мал хэмээн хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэж байна. Цаашид монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах бол манай талаас зөвшөөрөл авах, улмаар эдийн засгийн өндөр үр өгөөж өгөхөөр байгаа юм. Тухайлбал гадны эрдэмтэд тэмээний бохиос эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүнийг гаргахаар судалгааны шатанд ажиллаж байна. Хэрэв эндээс маш чухал бэлдмэлийг гаргаж чадвал монгол тэмээний түүхий эд болох бохийг дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулахад дээрх хууль чухал ач холбогдолтой.

 


Сэтгэгдэл үлдээх