<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Архичин хүний сэтгэлийг нь дүүргэчихвэл архийг мартаж чадна

2020-03-24 13:55 630

Гудамжинд архи ууж байна лээ...гэж олон хүн бие биедээ миний сургыг хэлдэг байсан. Би ч гудамжинд архи уудаг байсан. Миний өмнөөс цөөхөн хэдэн найз минь ичиж эсвэл намайг өмөөрч бусдад хааяа худлаа магтдаг байсан байх. Харин намайг гэж налж, инээж байсан хүмүүс миний архичин болсон сургаар хаашаа ч юм бүү мэд явчихсан. 


Гэхдээ тэд намайг хаа явсан газраа “архичин” гэж ярьдаг байсан. Бусдыг надаас хол байлгах гэж анхааруулдаг байсан. Архичид цугласан гудамжнаас би хүн чанарыг олсон. Архичид байсан газраас би хүний мөсийг олж долоосон. Гэвч би архичин хэвээрээ л байсан. Огт танихгүй ч ирээд хувцасны минь шороог гөвөөд өгөх хүн байдаг юм билээ. Бүр цав цагаан даашинзтай нүдээрээ инээмсэглэсэн хөөрхөн охин. Ахаа та хэтэрхий их архи ууж. Одоо харьж амар. Та автобусанд суу гээд мөнгө өгдөг юм билээ.

Гэтэл эргүүлийн цагдаа нар ирж нэгжээд халаасанд байгаа мөнгийг минь шавхаж авчхаад харь новшоо эндээс зайл гээд явуулдаг юм билээ. Энэ мэт архичны амьдрал сонирхолтой. Гэхдээ улстөр ярьдаггүй байсан. Улстөрчдийг ч тоодоггүй. Хэн нэгэн олны танил хүн ойролцоо өнгөрвөл хүндлэх маягтай нүүрээ нуудаг байлаа. Уг нь тэр хүн л олны танил болохоос бидэнд нүүрээ нуух шаардлага байхгүй шүү дээ. 

Архичин хүнд ганцхан зовлон байдаг юм шиг санагддаг. Тэр нь яаж гарах вэ гэж үргэлж бодох. Өөрийгөө харахаар юу ч үгүй хов хоосон. За өнөөдөр л уухгүй гэж бодоод хэн нэгэн итгэсэн хүнээсээ хоолны мөнгө гуйна. Харин тэр итгэлт нөхөр нь нүднийхээ булангаар харж хэсэг сонжсоноо хоолны мөнгө биш нэг шил юм авч өгнө. Ингээд л өнөөдөр архинаас гарах төлөвлөгөө нурна. Маргааш нь дахиад л гарахсан гэж бодно. Шарталт хэцүү. Ингээд л нэг мэдэхэд бас л шараа тайлах зам руу орчихно. Бас л төлөвлөгөө нурна. 

Би архинаас гармаар байна гэж мянга хэлсэн ч нэг ч хүн үнэмшихгүй. Харин би архи ууя гэж ганцхан удаа хэлэхэд бүгд үнэмшинэ. Архичин хүнд ажлын өдөр байдаггүй шиг амралтын өдөр ч байхгүй. Ийм л байсан. Энэ үед архи ууж яваа хүн нэг л үгээр дутаж явдаг. Тэр үгийг нь олоод хэлчихвэл архийг хаяж чадна. Мөн архичин хүний сэтгэл нэг л хүнээр дутуу явдаг. 

Тэр хүн нь сэтгэлийг нь дүүргэчихвэл архийг мартаж чадна. Түүнээс биш эмчилгээ ч юм уу ямар нэгэн шахсан хүчилсэн зүйл огт хэрэггүй. Нийгэм архичин болчхож гэж шүүмжилж байгаа хүнд би дургүй. Шүүмжлэгч та л өөрөө огт хэргэлдэггүй бол нийгэм эрүүл л байх ёстой. Сүүдэртэй зүгээс гэгээ олж хармаар санагдаад үүнийг бичлээ...

В.НЭРГҮЙ


Сэтгэгдэл үлдээх