<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа

2017-11-28 14:17 752

Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан боллоо. 60,7 хувийн ирцтэйгээр хуралдсан энэ удаагийн хуралдаанаар аймгийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа.


Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, "Бид энэ онд төлөөлөгчид маань юу хийсэн бэ, аймаг орон нутагт маань ямар бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт гарсан бэ гэдгийг дүгнэх хугацаа болсон байна. Түүнээс урьтаж энэ оны төсөвт тодотгол хийх хурлаа хийж байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв. 

Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал, "Бид энэ онд нийгмийн салбарт зайлшгүй хийх шаардлагатай ажил арга хэмжээг анхаарч хийлээ. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг зарцуулсан байна. Ирэх оны төсвийн төсөөлөлд ч мөн энэ салбарт 40 орчим хувийн хөрөнгө оруулалт хийхээр харагдаж байна. Бид нийгмийн суурь салбар болсон боловсрол, эрүүл мэндийн салбарыг анхаарч, хөрөнгө оруулалт хийхгүйгээр цааш явахад хэцүү юм. Тиймээс бид энд онцгой анхааран ажиллаж байна" гэдгийг онцолсон. 


"ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Байгалмаа 2017 оны 10 сарын байдлаарх аймгийн төсөв, санхүүгийн байдлыг танилцуулсан бол энэ удаагийн хуралдааны нарийн бичгийн даргаар ИТХ-ын төлөөлөгч Н.Шагдарсүрэн сонгогдов.

УИХ-ын 2017 оны 10 дүгээр сарын 26–ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэн баталсан. Уг хуульд төсвийн тодотголд аймаг орон нутгийн төсөвтэй холбоотой дараахь өөрчлөлтүүдийг тусгажээ.

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны орон  нутгийн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн 99 улс төрийн албан хаагчдад 382,4 сая төгрөгийн тэтгэмж олгохоор,

 

2. Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 414,6 сая  төгрөг,

 

3. Олон Улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд олгодог тэтгэмж, дэмжлэгийг нэмэгдүүлэхээр тохиролцсоны дагуу Монгол Улсын 2017 оны төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний төсвийг нэмж баталсан. Нэмж баталсан төсвийн хүрээнд одоогийн хамрах хүрээг 2 дахин, тэтгэмжийн хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэн энэ оны 11, 12 дугаар сард олгохоор тооцож  тус аймагт 61,1 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж олгохоор,

 

4. Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хугацаанд төсвийн захирагчаас үл хамаарах шалтгааны улмаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагад үүссэн урсгал зардлын өр төлбөрийг барагдуулахаар тодотголоор шийдвэрлэсэн. Үүнд эрүүл мэндийн салбарт 80,6 сая төгрөг, боловсролын салбарт 225,5 сая төгрөг,

 

5. Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэг албан хаагчид 300,0 мянган төгрөгөөр тооцож байгууллага бүрийн төсөвт тусгасан байна.

 

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Эвдэрсэн газаргүй Баянхонгор хөтөлбөр, 2019 он гэхэд Баянхонгор аймаг уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газаргүй болох зорилтын хүрээнд эвдэрсэн газарт уул уурхайн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд ажиллуулсан. Уг үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөний 50 хувийг аймаг, 30 хувийг тухайн сум, 20 хувийг тухайн багт олгох юм. Энэ хүрээнд төлөөлөгчид уг гэрээний мөнгө зохих журмын дагуу хуваарилагдсан эсэхийг лавлаж байлаа. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал 12 дугаар сарын 04-05-нд хуралдах хуралдаанаар энэ талаар нэг бүрчлэн хэлэлцэж, ажлын үр дүнг хэлэлцэх болсныг хэлж байсан юм.

 

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫГ ДАРААХ БАЙДЛААР ТОДОТГОЖЭЭ

 

Зарим нэр төрлийн орлогын төлөвлөгөөг 551.8 сая  төгрөгөөр нэмэгдүүлж биелэх боломжгүй 2 нэр төрлийн 1036,2 сая төгрөгийн орлогыг хасахаар төлөвлөжээ.

 

Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийг 50,0 сая төгрөг, хүү торгуулийн орлогыг 80,0 сая төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 20,0 сая төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварыг  сая 283,1 сая  төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг 3.5 сая төгрөг, АТӨЯХэрэгслийн албан татвар 92.3 сая төгрөг, орон нутгийн зам ашигласны хураамжийн орлогыг 16.1 сая төгрөг, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 6,8 сая төгрөгөөр нэмж холбогдох хууль тогтоомжийн дагуу 108.3 сая төгрөгийг замын санд, 443.5 сая төгрөгийг төсвийн байгууллага, халамжийн сан, орон нутгийн нөөц хөрөнгийн шаардлагатай зардалд хуваарилсан.

 

Сумдын төсөвт шатахуун, Торгон сүрэг хөтөлбөрийн малчдын цалин, сонгуулийн үр дүнгийн урамшуулал, төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмж бусад зардалд 598,6 сая төгрөг нэмэгдүүлж, төлөвлөгдөөгүй байсан хадгаламжийн хүүгийн орлого, ан, агнуурын орлогын төлөвлөгөөг 328,7 сая төгрөгөөр нэмэгдүүлж зөрүү 269,8 сая төгрөгөөр санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн. 


 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Төсвийн бүх шатны захирагч нарт “Монгол улсын 2017 оны төсөвт  өөрчлөлт оруулах  тухай  хууль, Монгол улсын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах  тухай  хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их хурлын 69 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, дээрх хууль тогтоомжинд заасны дагуу төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой  арга хэмжээ авч ажиллахыг  хүслээ.


Сэтгэгдэл үлдээх