<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МЭНДЧИЛГЭЭ

2019-07-10 19:13 644


 

Туурга тусгаар Монгол Улсын баруун бүсийн босго, хөгжлийн үүд болсон хонгор нутгийн ард иргэд ээ,

Та бүхэнд Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймаг байгуулагдсаны 78 жилийн ой, Ламын гэгээний түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж мэндчилэе.  

Жил жилийн наадмын өнгөөр тэр жилийнхээ цог золбоо, аз хийморийг шинждэг уламжлалтай. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн дэлгэр зунаар наадамчин олны сэтгэлийн гэгээ, итгэлийн дөлөөр сүлэгдэн утга төгөлдөр, өнгө тунамал сайхан эхэлж байна.

Баянхонгорчууд та бидний хувьд ч хүн нэмж, хөгжил урагшилсан баярт мэдээ, бахдалт амжилтаар баяр наадмаа угтаж байна.

2018 оны жилийн эцэст аймгийн хүн ам 88359 болж өмнөх оноос 1.3 хувиар буюу 1116 хүнээр нэмэгдсэн байна.

Та бид хамтдаа хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгийн нэг болох зорилтыг өмнөө тавьсан. Энэ зорилтоо ч амжилттай биелүүлж жилээс жилд Баянхонгор аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсч, орон нутгийн болон, улсын чанартай төсөл хөтөлбөр, ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа нь ирээдүйд хөгжлийн тулгуур, хүн ардын аж төрөх таатай бүс болон хөгжих боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлж байгаа хэрэг юм. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2018 оны жилийн эцсийн байдлаар 70 орчим хувьтай хэрэгжиж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж байна.

Ойрын ирээдүйд Баянхонгор нь эдийн засгийн чадавхаараа улсдаа тэргүүлэгч  аймаг болохын зэрэгцээ дэд бүтцийг цогцоор шийдэж, аялал жуулчлалын таатай орныг байгаль экологийн өвөрмөц тогтоц, үүх түүхийн сонин содон улбаагаар бүрдүүлэх болно.

Гагцхүү Ламын гэгээнтний та бидэнд захиж номлосноор эрдэм номоор биеэ чимж эв эеэр амьдралаа гоёж, хөгжлийн зүгт хамтдаа харж, хөдөлмөрлөх нь чухал гэдгийг мартаж болохгүй.

Хүн төрөлхтний үүслийн өлгий, хөх монголын амин тасархай Хонгор нутагт монгол наадам эхэллээ. Хотол олноороо сайхан наадаарай.


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГОНЧИГДОРЖИЙН БАТЖАРГАЛ 


Сэтгэгдэл үлдээх