<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Тариаланчид шинэ ургацын дээжээр үзэсгэлэн гаргалаа

2018-09-14 15:29 806

Өнөөдөр/2018.09.14/ “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Баттөр нарын албаны төлөөлөл оролцож, тариаланч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд амжилт хүслээ.


Энэ жилийн тухайд Баянхонгор аймаг 762 га-д 18 нэр төрлийн хүнсний ногоо, дөрвөн сортын төмс, жимс жимсгэнийн тариалалт хийжээ. Тариалалт өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар өсч, нэг га-гийн дундаж ургац 7-12 центнер байна. Есдүгээр сарын 14-ны байдлаар аймгийн хэмжээнд ургац хураалт 20 хувьтай явагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд нийт 17 сумын тариаланч, гар урчууд, ААН-үүд оролцож өөрсдийн хүнс, хүсний ногоо, гар урлал, цагаан идээ зэргийг Баянхонгор хотын иргэдэд зах зээлийн үнээс хямдаар худалдаалж байна.


Энэ жилийн үзсэглэн худалдаанд Баянхонгор аймгаас бодлогоор дэмжиж газар тариалан эрхлүүлж буй 30 өрхийн иргэд өөрсдийн шинэ ургацын хүнс, хүнсний ногоогоо худалдаалж байлаа. 2016 онд Баянхонгор аймгийн удирдлагууд амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур, өөрийн тодорхой гэр, хашаагүй, хөдөлмөр эрхлэх боломжтой 30 өрхийг сонгож газар олгон газар тариалан эрхлэх боломжийг хангаж өгсөн юм. Тэгвэл эдгээр иргэд бодлогын үр дүнг харуулж, хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна. Өрх тус бүр 670 кг-аас дээш төмс хурааж авчээ.


Өнөө жилийн үзэсгэлэн худалдааны нэг онцлог нь сурагчид зуны амралтаар өөрсдийн гараар хийж бүтээсэн бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж, өрхийн орлогодоо нэмэр болохын зэрэгцээ өөрсдийн хичээл, сургалгад шаардлагатай дэвтэр, номоо худалдаж авах боломжтой болжээ. Нийтдээ 14 сумын 16 сургуулийн 160 гаруй хүүхэд энэ жилийн үзэсгэлэнд оролцож, өөр өөрсдийн чиглэлээр хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Энэ нь Баянхонгор аймгийн ГБХЗГ-аас Хөдөлмөр зусланг гаргасантай нэг талаараа холбоотой юм. Хүүхдүүд багаасаа хөдөлмөрийн амтад орж өөрсдийн гараар бүтээн бий болгосон зүйлээсээ ашиг хүртэж байгаа нь ирээдүйд хариуцлагатай бие хүн болон төлөвшихөд чухал нөлөөтэй гэдгийг албаныхан хэлж байна. 


Тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлууд байна. Тухайлбал, тариалалтын явцад усалгаа хийхэд хүндрэлтэй байдаг аж. Нөгөө талаар тариаланчид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн таван сая хүртэлх зээлээр эргэлтийг бий болгодог гэнэ. Тиймээс төрөөс нэгдсэн байдлаар услалтын нэгдсэн системийг тариалан бүхий талбайд бий болгох, эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. Мөн ургац хураалтын үе, намрын гурван сард орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог худалдан авах зах зээлийг бий болгох, хамгаалах бодлогыг аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлэхийг хүслээ. Учир нь намрын ургац хураалттай зэрэгцэн Улаанбаатар, бусад газраас хямд, гарал үүсэл тодорхойгүй хүнсний ногоо ихээр орж ирдэг нь тариаланчдад хүндрэл дагуулдаг аж.


Энэ жилийн үзэсгэлэн худалдааны нээлтэд УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир биечлэн оролцож тариаланчдад төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, тэр дундаа Баянхонгор аймагт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгснөөрөө онцлог байв. Түүний хэлж байгаагаар Баянхонгор аймгийн газар тариалангийн талбай оршдог Бумбатын аманд 2019 онд услалтын цогц системийг байгуулж, ашиглалтад оруулах юм байна.