<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСЫН 80 ГАРУЙ ХУВЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦДЭГГҮЙ

2019-09-24 17:29 178
Аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хааж хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч,түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг энэ оны 10 дугаар сарын 01-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гараад байна.

Энэ хүрээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын нэгдсэн семинарыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж байна.

Семинарт аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БСУГ, сумын ЭМТ-ын дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нарын 300 гаруй хүн оролцлоо.


Нэгдсэн семинарт аймгийн Эрүүл мэндийн газар аймгийн хэмжээнд цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн ажлаа, аймгийн Нэгдсэн эмнэлэг цэргийн насны залуусын суурь өвчлөл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Цэрэг татлагад эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй цэргийн насны залуусыг аймгийн ЭМГ, шат шатны эмнэлэг эмчилж, эрүүлжүүлэх ажлыг хийх ёстой талаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар хэлж байна.
Гэтэл амьдрал дээр өмнөх өвчний шалтгаанаа дахин хэлж цэрэгт явдаггүй, татагдаж ирсэн залуус ч өвчнөө мэддэг, эмч нар ч хасалт хийгээд явдаг тохиолдол байсаар байна. Тиймээс үүнийг таслан зогсоох, цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх шаардлагатайг хаа хаанаа анхаарах ёстойг сануулж байлаа.

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 1174 залуу хамрагдсан бол тэдний дөнгөж 152 нь тэнцжээ. Цэргийн насны залуусын дунд шүд, амны хөндийн өвчлөл өндөр хувьтай гарчээ. Уг өвчлөлийн араас арьс, БЗХӨ, дотрын өвчлөл өндөр хувьтай байгаа аж.

Өргөтгөсөн семинараар мөн цэргийн насны залуусын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн ажлын тайланг БСУГ хийсэн бол цэргийн жинхэнэ алба хааж хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч,түрүүчийг хүлээн авч, тэднийг аймгийн ХХҮГ, Политехникийн коллеж, ажил олгогч нартай хамтран ажлын байранд зуучлах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл үлдээх