<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгор: БАГИЙН ИРГЭД БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМТАЙ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

2018-05-21 16:22 1416

 

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төслийг улсдаа анх удаа Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран боловсруулж, ИТХ-ын XI хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан байдаг. Энэхүү үлгэрчилсэн журмыг барьж сумд өөрийн газар нутгийн хэмжээнд мөрдөгдөх журмыг боловсруулахаар байна.

 

Тэгвэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн малчдын санал, сум, багийн удирдлагуудын хүсэлт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон уг журмыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх М.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг гарч, хөдөөгийн 19 сумын багийн иргэдээр хэлэлцүүллээ.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянговь, Шинэжинст сумын багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, журмын талаарх ойлголтыг өгч, иргэдийн саналыг авав. Тус ажлын хэсэгт “Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл”-ийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа, Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал П.Батчулуун, УЦУОШГ-ын дарга Ч.Оюунчимэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар багтав.

 

Баянхонгор аймаг нь газрын нэгдмэл сангийн ангиллаар 11,6 орчим сая га газар нутагтай. Үүнээс 8,8 сая гаруй га бэлчээрийн талбайтай. Бэлчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 78,3 хувийг ашиглаж байна. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89.4 толгой болж өссөн.

 

Аймгийн хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон төв суурин газар, ил задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглаж байгаа нь  цэгэн талхлагдалт үүсгэж, нийт бэлчээрийн 14,5 хувь буюу 1,2 сая га.бэлчээр тодорхой хэмжээгээр доройтоод байна. Мөн эрдэмтдийн тооцоолсноор нийт бэлчээрийн 65% нь доройтож байна гэсэн судалгаа бий. Тиймээс сум орон нутаг өөрсдөө бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж бие даан хөгжих, малчид, хот айл, малчдын бүлэг нөхөрлөл, БАХ-н хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Сүүлийн 5 жилийн байдлаас харахад мал сүргийн тоо толгой жил дараалан өсөж тэр хирээр бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлж байна. 2017 онд аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай,  30 орчим хувь гандуу байснаас мал сүрэг тарга хүчээ бүрэн авч чадаагүйн дээр бэлчээрийн даацыг 192 цэгт фото мониторингийн аргаар тооцож үзэхэд бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ.

 

Бэлчээр доройтоход тэжээлийн үнэт ургамал цөөрч аажмаар мөхдөгийн улмаас мал сүрэгт махан тарга авахуулдаг ургамал давжаарч, сийрэгжин арви нь буурдаг. Үүний улмаас ургамлын хооронд халцарч нүцгэрсэн газар ихсэн шороон шуурга элбэгшиж, үржил шимт хөрс элэгдэлд ордог.

 

Дээрх хүчин зүйлс биеллээ олж, хөдөөд, мал аж ахуйн салбарт хүндрэл бодитоор үүсэх болжээ. Нэг хонь өдөрт 1,1 кг өвс идэж байж тарга тэвээрэг авч, эрүүл байх боломжтой байдаг аж. Тэгвэл Баянговь суманд хонин толгойд шилжүүлснээр нэг малд өдөрт ердөө 24 грамм өвс оногдож байна. Өвс, тэжээлийн хомстолд ийнхүү орж байгаагаас мал өвчлөх, ашиг шим буурах гээд олон сөрөг үр дагаврыг бий болгож байна.

“Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл”-ийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаагийн судалгаанаас харахад нэгэнт бэлчээр доройтож, мал сүргийн тоо хэтэрсэн нөхцөлд малчид жилдээ 400 толгой тутамд 2.6 сая төгрөгийн алдагдлыг хүлээдэг байна. Улсын хэмжээнд авч үзвэл бэлчээрийн хомстол, мал сүргийн тооны хэтрэлттэй холбоотойгоор 368 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог хийжээ. Тиймээс бэлчээрт тохирсон таваарлаг, мал аж ахуйг цаашид хөгжүүлэх шаардлага яах аргагүй бий болсныг эндээс хялбар ойлгож болно.

 

Малчдын дийлэнх олонх нь бэлчээрийн ашиглалтын журам гаргахыг дэмжиж байв.

Уг журам хэрэгжиж эхэлснээр тодорхой тооноос хэтэрсэн малыг хонин толгойд шилжүүлэн тооцож татвар төлдөг болох юм. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журамд заасанчлан хонин толгойд шилжүүлснээр хоёр ам бүлтэй өрх 400, 3-4 ам бүлтэй өрх 500, 4-6 ам бүлтэй өрх 600 толгой малтай байхад бэлчээр ашиглалт болон тухайн өрхийн эдийн засагт сөрөг нөлөөлөхгүй гэж тооцож татвараас чөлөөлөхөөр байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн нэг хонин толгой тутмаас 400-500 төгрөг хүртэлх төлбөр авч тухайн суманд бий болох “Бэлчээр ашиглалтын сан”-д төвлөрүүлэх юм. Уг санд төвлөрсөн хөрөнгийг тухайн багийн ИНХ-аар хэлэлцэн зөвхөн бэлчээр хамгаалах, үүлэнд зориудаар нөлөөлөх, булаг, шанд хамгаалах зэргээр бэлчээрийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар журамлажээ.

 

Мөн тухайн сумын нутаг дэвсгэрийн 50-иас доошгүй хувь гантай нөхцөлд татвараас чөлөөлнө. Журмын хэрэгжих хугацаа нь тухайн оны аравдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл байхаар тусгажээ.

 

Баянговь сумын Хэлтгий булаг, Цоохор, Өрхт, Шинэжинст сумын Эрдэнэшанд, Урт, Залаа багийн иргэд дуу нэгтэйгээр сум бэлчээр ашиглах журамтай болох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Гэхдээ сум бүр өөрийн онцлогт тохирсон тодорхой зүйл, заалтыг журамдаа оруулах талаар саналаа хэлж байв.

 

Тухайлбал, аймгийн ИТХ-аас батлан гаргасан  Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журамд тоо толгой нь цөөрч буй тэмээн сүргээс татвар авахгүй байхаар тусгасан. Гэтэл Баянлиг сумын тэмээ Баянговь сумын нутагт өвөлжиж, хаварждаг байдал нь газар нутгийн хувьд харьцангуй жижиг тус сумын малчдад хүндрэл учруулах болжээ. Тиймээс тэмээн сүрэгтэй малчин өөрийн харьяа нутагтаа малаа бэлчээж байгаа бол татвараас чөлөөлөх, харин бусад сумын нутаг дэвсгэрт бэлчээхээр бол татвар төлөх нь зүйтэй гэх саналыг гаргаж байв.

Энэ журмыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлэн боловсруулжээ.Цаашид журам сум, багт амжилттай хэрэгжсэнээр сүүлийн арваад жил батлагдаж чадаагүй өнөөдрийг хүрээд буй Бэлчээрийн тухай хуулийн төслийг нэг шат ахиулах, батлуулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

 


Сэтгэгдэл үлдээх