<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ: ШИНЭ ЗОРИЛТ, ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ

2019-08-28 14:59 439


Аймгийн багш нарын Бага хурал өнөөдөр/2019,08,28/ хүүхдийн Тэмүжин театрт боллоо. Бага хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, БСУГ-ын удирдлага, мэргэжилтэн, төвийн болон сумдын сургуулийн захирал, багш нар оролцож байна.


Тэд энэ удаагийн бага хурлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд дүгнэлт хийж, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, үйл ажиллагаагаа тодорхой болгох юм. Баянхонгор аймаг нь ЭЕШ-ын дүнгээр улсад доогуур байр эзэлсэн боловч аймгийн нийт сурагчдаас авдаг түвшин тогтоох шалгалтын дүнгээр улсын дундажаас дээгүүр үнэлэгджээ.

Бага хурлын эхэнд аймгийн Засаг дарга багш нарт хандан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “ЕБС-д үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байсан багш нар өөр аймаг, хот руу шилжих явдал их байна. Сайн багш нэг өдөр бий болчихдоггүй, тухайн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байж амжилт гаргадаг. Тиймээс сургуулийн захирлууд сайн багшаа авч үлдэх, улмаар өөр аймаг, хотоос сайн багшийг өөрийн сургуульдаа ажиллуулахад анхаарах ёстой. Сургуулиудын анги дүүргэлт харилцан адилгүй байна. Яагаад гээд сургуульд нь хандахаар эцэг эхчүүд багшаа сонгосон гэдэг тайлбарыг өгч байна. Тиймээс багш нарын ялгаа, заагийг арилгаж, анги дүүргэлтийг тэнцүүлэх шаардлагатай” гэдгийг санууллаа.


Аймгийн ИТХ-аар Сайн багш хөтөлбөрийг баталсан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “Залуу багш нарын аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Зөвлөгөнөөр залуу багш нар ажлын байран дээрээ өсч хөгжих, багшийн хөгжлийг дэмжсэн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн багш нарыг сургалтын бус ажил, арга хэмжээнд оролцохыг уриалах, шахахгүй байхыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт тодорхой санууллаа. Өөрөөр хэлбэл багш сургалт, хүмүүжлийн бус ажилд нийт ажлын цагийн 70 хувийг зарцуулсан гэх судалгааг энэ хичээлийн жилээс эсрэгээр нь болгож үндсэн ажилдаа анхаарах шаардлагыг тавьж байна.

Мөн аймгийн Засаг дарга багш нарыг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хоёр ажлыг бага хуралд оролсон багш нарт дуулгалаа.

Нэгдүгээрт, “Боловсрол” санг аймгийн хэмжээнд үүсгэн байгуулах тухай. Уг санд хөрөнгө төвлөрүүлж боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүд байгаа аж. Тиймээс ирэх сарын дундуур ААН, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг байлцуулан дугуй ширээний уулзалтыг хийж энэхүү сангийн үйл ажиллагаа, бодлогын талаар ярилцахаар боллоо. Тус сан нь багш нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ,мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, хөгжих хөшүүрэг болох юм.

Хоёрдугаарт, багш нарын ажилласан жилийг үл харгалзан, тэдний амжилт, ажлын үр дүнг харгалзан үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломжийг бий болгох, шаардлагатай хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 7 сургуулийн барилга шинээр баригдаж байна. Мөн хэд хэдэн сургуулийн их засварын ажил хийгдэж дуусаад байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж, гүйцэтгэл, цаг хугацаандаа дуусгахад хяналт, шаардлага тавьж ажиллах ёстойг аймгийн Засаг дарга санууллаа.

Бага хуралд оролцогсод энэ үеэр өөрсдийн санал, санаачилгыг мөн хэлэв.


Тухайлбал, Баянхонгор аймагт шинэ тутам байгуулагдсан Олон улсын сургуулийн захирал Ш.Чимэгээ, нийгэмд боловсролын чанар, түвшинг ЭЕШ-ын дүн, байраар үнэлж, ойлгодог болсон байна. Тэгэхээр бид 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтдоо ЭЕШ-ийн дүнг 5 байраар ургашлуулна гэх зэргээр зоримог шийдлийг тусгах шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлж байв. Нөгөө талаар Өвөрхангай аймгийн жишгээр аймгийн Засаг даргын дэргэд Ахмад багш нарын зөвлөлийг байгуулж, тэдгээр багш нараар хүүхдүүдээ улсын олимпиад, ЭЕШ-д бэлтгүүлэх, залуу багш нарт заавар зөвлөгөө өгдөг болгоход анхаарахыг Засаг даргаас хүсэв.

Галуут сумын сургуулийн захирал н.Цэгмид, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөөд сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр байна. Гэтэл суманд сайн багш тогтохоо байлаа. Гайгүй багш нар аймгийн төв, нийслэл рүү шилжээд явчихдаг. Энэ бодлогын зөрүүтэй байдлыг цэгцлэх шаардлага байна. Нөгөө талаар багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд сайн хүүхдийг элсүүлж авдаг болохгүй бол бид тааруухан багшийг сайн болгох гэж цаг хугацаа алддаг гэсэн саналыг хэллээ.


Эрдэнэмандал ахлах сургуулийн захирал Ц.Энхтөр, сургуулиудад хөндлөнгийн, нэг агуулгатай олон шалтгалт хийдэг. Гэвч эдгээр шалгалтын мөрөөр заавар, зөвлөмж ирдэггүй. Үр дүн хариуцлага, дагаж хэрэгжүүлэх арга хэмжээ дутмаг байдаг гэлээ. Мөн аймаг, сум, БСУГ-аас нэг утгатай тайланг тус тусдаа авдаг нь багш нарын бичиг, цаасны ажлын ачааллыг нэмэгдүүлж, сурган хүмүүжүүлэх ажилд сайнгүй нөлөөлж байна. Үүнийг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах саналыг тавилаа.

Бууцагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч н.Гэрэлээ, Сайн багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал өнгөрсөн онд ЕБС-уудад тусгагдаж, олгогдсон. Ирэх оны төсөвт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг СӨБ-д тусгаж, баталж өгөхийг хүсэв.

Энэ мэтээр илэн далангуй, алдаа оноогоо хэлэлцэж, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлснээрээ энэ удаагийн Багш нарын бага хурал онцлог байв.

Бага хуралд оролцсон талууд аймгийнхаа боловсролын чанар, үнэлэмж, нэр хүндийг өсгөх шаардлага байна гэдэг дээр санал нэгдэж байлаа. Тиймээс шинэ хичээлийн жилд шинэ зорилт, эрмэлзлэлээр ажиллах, үр дүн гаргах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Хэдийгээр Баянхонгор аймаг боловсролын түвшин тогтоох шалгалтаар улсын дундажаас дээгүүр үнэлгээ аваад байгаа ч нийгэмд ЭЕШ-ын дүнгээр тухайн аймгийн боловсролын чанарыг үнэлдэг жишиг нэгэнт тогтжээ. Тэр хэрээр тус салбарын нэр хүнд, төгсөгчдийн чанар чансаа үнэлэгдэх болсон. Тйимээс 2019-2020 оны хичээлийн жилд ЭЕШ-ын байрыг урагшлуулах, багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгцээ, нийгмийн шаардлага тулгарлаа. Хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрэхийг хамтдаа хүлээх, зүгээр хүлээх биш тал талаас оролцох, хаа хаанаа анхаарч ажиллах л үлдэж байна.

 Б.БАТ


Сэтгэгдэл үлдээх