<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Нохой жилд ямар бүтээн байгуулалтууд хийх вэ

2018-02-21 14:57 748

Дорнын тооллоор шинэ жил эхэлж байна. Тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ  монголчуудын амьдралд шинээр ирэх сайн мэдээ юу байх бол хэмээн харж байгаа.  Ерөнхийлөгч Х.Баттулга  цагаан сарыг тохиолдуулан гаргасан мэндчилгээндээ нохой жил монголчуудын хувьд бүтээн байгуулалалт дүүрэн  байхыг дурдсан. Тиймээс ч тэрбээр  томоохон төслүүдээ хөдөлгөсөн жил байгаасай гэсэн хүсэмжлэлээ илэрхийлсэн.

Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ онд “улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлаа эрчимжүүлэх болно” хэмээн нохой жилийнхээ зураглалыг ард түмэндээ танилцуулсан.

Энэ хавраас томоохон 10 төрлийн төсөл явна. ТЭЗҮ нь хийгдээд бэлэн болсон байна. Тухайлбал, нефтийн үйлдвэрийг бүгд мэдэж байгаа. Мөн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орон сууцжуулах ажил байна. Гурав, дөрөдүгээр цахилгаан станцуудын өргөтгөлийн ажил  хийгдэнэ. Төмөр замд 500 сая ам.долларын төслүүд явна” гэжээ. Үүнээс гадна Гацууртын төсөл эхэлнэ гэсэн мэдээлэл бий. Энэ бүхнээс харвал ирэх хавраас бүтээн байгуулалтууд амилж,  үүнийг дагасан эдийн засгийн сэргэлт ирэхээр байна.

Томоохон бүтээн байгуулалтын заримаас онцолбол:

Нохой жилийн хамгийн том бүтээн байгуулалт нефть боловсруулах үйлдвэр

Монголчууд эх орныхоо газрын тосыг боловсруулж, өөрийн гэсэн нефть боловсоуулах үйлдвэртэй болох  эхлэл энэ онд тавигдана.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах энэ үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн“Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох юм.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Энэ төслийг 2020 онд дуусгах бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо бий.

Энэтхэгийн засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн тухайд  дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцаж хийх яам газрууд үндсэндээ тодорхой болоод байгаа. Тухайлбал, төмөр замыг Монголын төмөр зам, шугам хоолойн ажлыг Батлан хамгаалах яам гэрчлэн урьдчилсан хуваарилалт хийгдээд байгаа юм.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг 10-р сард ашиглалтад оруулна

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажил  98 хувьтай байгаа гэсэн мэдээлэл бий.  Уг нисэх буудал нь агаарын 22 хөлөг буух, гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай байх юм. Одоогийн нисэх буудлаас зурвас ашиглалтын хувьд 73-98 хувьд хүрэх юм.  Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн багийг Япон Монгол  хоёр улс хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.    

Хөшигтийн хөндийн хурдны зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно. Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам нь 32.226 кмурт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэгтэй, 2 урсгал 6 эгнээтэй болох юм.

III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВ-аар өргөтгөнө

Дулааны III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг даалгав

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас гаргаад буй.

III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаан үйлдвэрлэлийн хэмжээ 1.5 дахин, цахилгаан эрчим хүч үйлвэрлэх боломж нь хоёр дахин нэмэгдэх юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.

Мөн IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж  найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм.

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Эдгээр төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Ногоон нуурт 1000 айлын орон сууц барина

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Ногоон нуурт 1000 айлын орон сууц барихаар өнгөрсөн жил шав тавьсан. Энэ хавар дээрхи бүтээн байгуулалт эхэлнэ. БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барина.

Уг хотхонд  21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн дунд сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм.

Нарны замаас Их Монгол улсын гудамж руу баригдах гүүрэн гарц

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг энэ оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийт 30 орчим сая ам.доллараар бригдах гүүрэн гарц нь  зургаан хэсгээс бүрдэнэ. Үүнд:

-Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,

-Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,

-Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,

-Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,

-Төмөр зам дээгүүрхи явган хүний гүүр

-Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барина. Гүүрэн гарцыг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: zaluu.com П.Булган


Сэтгэгдэл үлдээх