<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТӨРИЙН ИХ БАЯР НААДМАА ТҮҮХТ СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙТОЙ ХАМТАТГАН ТЭМДЭГЛЭВ

2019-07-23 14:28 370


Зуны дунд сарын шинийн 15 ны билигт сайн өдөр хурдан азарганы уралдаанаар ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа эхлэв. Тус өдрөө хурдан соёолон, хязаалан зэрэг гурван насны морьд уралдаж, үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагай харваа эхэлсэн юм.  Говь хангай хосолсон гурван бүсийн цэнхэр нутгийн эзэд нар хур тэгширсэн наадмын хоёр өдөр дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Энэ жилийн аймгийн наадмыг  Эрдэнэмандал ахлах сургууль түүхт 50 жилийн  ойтой  хамтатган тэмдэглэснээрээ онцлог болов. Түүнчлэн Шороон гахай жил  Хонгор нутгийн бахархалт хүмүүн Монголын бурхан шашны гурван зулын нэг Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа түүхэн он гэдгийг онцлохгүй байхын аргагүй юм. Наадмын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд Эрдэнэмандал ахлах сургуулийн үе үеийн багш, ажилчид, төгсөгчид тэргүүтэй 22 байгууллагын ажилчин албан хаагчдын жагсаал дор аймгийн засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлснээр албан ёсоор эхэлсэн юм. Тэрээр хүрэлцэн ирсэн наадамчин олон зочид гийчиддээ баяр наадмын халуун мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд аймаг орон нутгийн хөгжил жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа сайхан мэдээг дуулгалаа. Мөн нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн яваа улс төр, урлаг соёлын эрхэм хүмүүсээ алдаршуулан тэмдэглэв. Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулга, УИХ- ын дарга Г.Занданшатар, МУГЖ М.Баярмагнай, МУГЖ Ц.Алтанцэцэг гэх зэрэг олон алдар цуутай хүмүүс тѳрѳн гарсныг дурдсан юм. Түүнчлэн наадмын өмнөх өдөр Ш.Маналжав, Ч.Даваасамбуу нар Монгол улсын гавьяат багш, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолоо гардан авсан нь баяр дээр баяр нэмж байгаа сайхан үйл явдал болсныг засаг дарга онцлов. Мөн энэ үеэр Эрдэнэмандал ахлах сургуулийн захирал Ц.Энхтөр наадамчин олон,  50 жилийн үүх түүхийг бичилцсэн үе үеийн хамт олондоо хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ийнхүү Монгол улсын төрийн далбаагаа баяр наадмын хойморт  ёслол төгөлдөр залж,  хүндэтгэл үзүүлэн, төрийн дуулал эгшиглүүлснээр наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхлэв.Эрдэнэмандал ахлах сургуулийн 50 сурагч Монгол улсын хѳдѳлмѳрийн баатар Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г морин хуурийн  чавхдсанд эгшиглүүлэв. Үүний дараа тус сургуулийн багш нарын Монгол бие биелгээ, аймгийн Хѳгжимт драмын театрын бүжигчидийн тоглолт зэрэг урлаг соёлын арга хэмжээ баяр  наадмын хоймрыг чимж хурсан олны баяр бахадлыг төрүүлсэн юм. Эрт үеэс эдүгээг хүртэл уламжлал ёсыг бодож үндэсний дээл хувцасаараа гангарсан наадамчин олон эрийн гурван наадмаа улам чимэх нь бахдалтай. Ийм цаг дор  гийнгоон дуу тэртээд цуурайтаж, нум сумын исгэрээ салхи зүсэн, хүчит бөхийн дэвээн наадмын талбайг ийнхүү эзэгнэж байв. Тулгар тѳрийн 2228 жил,Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98жил,Аймаг байгуулагдсаны 78 жил
Эрдэнэмандал ахлах сургууль байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадамд эр бяр, хүч тэнхээ, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн хүлгийн хурдан, хүчтэний түрүү, тодорсон юм. Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал тэргүүтэй хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас 
Хонгор нутаг дэвжээний бѳх аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Жинст сумын уугуул аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Мөн энэ үеэр тав давсан Бууцагаан сумын уугуул Их богд бѳхийн дэвжээ Шандас транс ХХК-ийн бѳх Ц.Алтаншагай,Баянбулаг сумын уугуул Их Богд дэвжээний бѳх Г.Баярсайхан, Жинст сумын уугуул Хонгор нутаг дэвжээний бѳх Э.Батмагнай, Баян-Ѳндѳр сумын уугуул Хонгор нутаг дэвжээний бѳх Эрдэнэбулган овогтой Хүчитбаатар нарыг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.4 т заасныг үндэслэн аймгийн начин цол олгосон юм. Харин зургаа давсан Баянлиг сумын уугуул Хонгор нутаг дэвжээний бѳх Ч.Алтангэрэл, Баян-Ѳндѳр сумын уугуул Хонгор нутаг дэвжээний бѳх Б.Тавхай нарыг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.4 т заасныг үндэслэн аймгийн харцага цол олгов.

Сурын харваа жилээс жилд хөгжиж байна


Эрийн гурван наадмын салшгүй нэгэн хэсэг үндэсний сур харваа манай аймагт улам бүр хөгжин дэлгэрч байгааг энэ удаагийн наадмаас бэлхнээ харагдав. Эмэгтэй, эрэгтэй хүүхэд залуус энэ спортоор хичээллэх чин хүсэл эрмэлзлэл, сонирхолтой болж байгааг өсвөрийн харваачдийн төрөлд оролцсон тамирчид ч харуулж байв. Сур харваа нь  үндэсний дээл хувцасаа зөв сайхан өмсөхөөс эхлээд мэндлэх, ахмадаа хүндэтгэх ёс зэрэг олон үнэт зүйлийг зааж өгдөг ажээ. Ийнхүү үндэсний сурын харвааны төрөлд аймгийн даян мэргэн Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн мэргэн спортын мастер Ю.Мѳнхжин, Б.Амартүвшин, спортын мастер С. Баттулга, С.Ариунтуяа, спортын дэд мастер Л.Мѳнхзаяа тэргүүтэй нийт 90 гаруй харваач цэц мэргэнээ сорив. Хоёр өдөр үргэлжилсэн үндэсний сур харвааны төрөлд цэц мэргэн байж байр эзэлсэн тамирчид шалгарав. Эрэгтэй сур харвааны нэгдүгээр байрт Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул “Цэц мэргэн” клубын багш, дасгалжуулагч аймгийн даян мэргэн харваач Б.Мөнх-Эрдэнэ, хоёрдугаар байрт Галуут сумын уугуул “Хатан суудал” багийн харваач спортын мастер А.Баттөр, гуравдугаар байрт Баянлиг сумын уугуул “Хатан суудал” багийн харваач Монгол улсын нэгдүгээр зэргийн харваач Ц.Төмөрчөдөр нар шалгарлаа. Эмэгтэй харваачдаас тэргүүн байрт Баян-Овоо сумын харьяат “Харч өөл” ХХК-ий харваач спортын дэд мастер, аймгийн даян мэргэн С.Ариунтуяа, дэд байрт  Баянлиг сумын харьяат “Хатан суудал” багийн харваач Б.Мөнхцэцэг, гутгаар байрт Жаргалант сумын уугуул “Эрдэм” ахлах сургуулийн харваач спортын дэд мастер Ш.Гавьяасүрэн  нар шалгарав. Аймгийн дархан мэргэн цолны болзлыг аймгийн даян мэргэн Б.Мөнх-Эрдэнэ хангаж цолоо гардан авсан юм. Тэрээр Цэц магнай клубын багш дасгалжуулагч бөгөөд Баянхонгор аймагт үндэсний сур харвааны төрлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрхэм хүмүүсийн нэг ажээ. Мөн сумын мэргэн Төмөрчөдөр аймгийн гоц мэргэн харваачын болзлыг хангаж мөн цолоо гардан авлаа. Эмэгтэй харваачдаас аймгийн даян мэргэн С.Ариунтуяа аймгийн дархан мэргэн, Баянлиг сумын Хатан суудал багийн харваач Б.Мөнхцэцэг аймгийн гарамгай харваач , Жаргалант сумын харваач Ш.Гавьяасүрэн аймгийн гоц мэргэн харваачийн  болзлыг тус тус хангаж төрийн их наадмаараа цолоо гардан авлаа.


Хул шаргал тоосоо хадаасан хурдан морьдын уралдаан


Хурдан морьдын уралдаанд зургаан насны морь уралдуулснаас уяач эрийн хийморь өргөж, унасан хүүхдийн авхаалж мэдэн дуурсахын хөндийд гийнгоон дуу хадаан хурсан олныг баясгаж  түрүү, айргийн  морьд ар араасаа тодров. Хурдан азарганы уралдаанд Бууцагаан сумын уугуул Монгол улсын алдарт уяач И.Золбоотын Ембүү хээр түрүүлж, аман хүзүүнд мөн сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хар, айргийн гурваар Богд сумын харьяат Д.Ганбатын хар, дѳрѳвт Бѳмбѳгѳр сумын харьяат Ж.Чимэдянжирмаагийн ягаан, айргийн тавт Ѳлзийт сумын уяач Ш.Буяндэлгэрийн сартай хээр хурдлав. Их насны морьдын уралдаанд Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Ч.Энх-Амгалангийн хонгор түрүүлж, Бууцагаан сумын уугуул улсын алдарт уяач И.Золбоотын зэгэл аман хүзүүдэж, гуравт Хүрээмарал сумын уяач Б.Жамсрандоржийн хүрэн,айргийн дѳрѳвт Жинст сумын уяач Д.Алтангэрэлийн саарал, айргийн тавт Богд сумын харьяат Д.Ганбатын хонгор халзан хурдлав. Соёолон насны морьдын уралдаанд Бууцагаан сумын уугуул Монгол улсын алдарт уяач И.Золбоотын шандаст зээрд түрүүлж, Богд сумын уугуул Р.Батжаргалын янзага цоохор аман хүзүүнд хурдалж, гурюаар Баацагаан сумын уяач Л.Эрдэнэбатын халиун алаг хурдаллаа. Айргийн дѳрѳвт Ѳлзийт сумын уяач Эрдэнэбатын буурал соёолон хурдалж айргийн тавт Баацагаан сумын уугуул аймгийн алдарт уяач С.Энхтѳрийн сартай зээрд хурдлав. Хязаалан насны морьдын уралдаанд Бууцагаан сумын уугуул И.Золбоотын халзан түрүүлж, Баацагаан сумын уяач Б.Анхбаярын алаг хязаалан аман хүзүүнд хурдлав. Айргийн гурваар Жинст сумын уяач Н.Анхбаярын гурван цагаан хурдалсан бол айргийн дѳрѳвт Бууцагаан сумын уяач А.Түвшинбаярын шар хээр,  айргийн тавт Д.Алтангэрэлийн хондон хурдаллаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд Баянхонгор сумын уяач Ж.Жасрайдоржийн хар алаг түрүүлж, Бууцагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Ч.Амарсанаагийн халиун аман хүзүүнд хурдалж, гурваар Баацагаан сумын уяач Ж.Мѳнхгэрэлийн саарал, айргийн дѳрѳвт Бууцагаан сумын уяач М.Болдын ембүү хонгор, айргийн тавт Бууцагаан сумын уугуул Монгол улсын алдарт уяач И.Золбоотын халтар шүдлэн хурдалсан юм. Хурдан дааганы уралдаанд С.Энхтөрийн буурал түрүүлж, Баянговь сумын уяач Д.Ганбатын хул аман хүзүүнд давхиж, гурваар Баянговь сумын уяач Б.Баярсайхны хээр, айргын дөрөвт Д.Ганбатын сартай зээрд, айргийн тавт Бяанлиг сумын С.Цэдэндоржийн монгол хүрэн хурдаллаа. Харин энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар  Баянцагаан сумын уяач Б.Анхзаяагийн хул тодорлоо. Эндээс Монгол улсын алдарт уяач И.Золбоотыг онцлохгүй байхын аргагүй. Зургаан насны морьдын уралдаанд уяж сойсон хурдан хүлгүүд нь хоёр түрүү, нэг аман хүзүү, нэг айраг авч  шалгарсан нь уяачийн ур чадвар, ухааны цараа ,хийморь сүлдийг харуулж чадсан юм. Ийнхүү  төв цэнгэлдэхийн зүлэг ногоон талбайн хойморт  хурсан олны нүдийг баясган, сонорыг мялааж улаан хэвнэг нөмөрсөн буянт хурдан хүлгүүд унасан хүүхэд уяач хоёрын баяр бахдлыг төүүлэн байж гийнгоон дуутай хамт цолоон дуудууллаа.


Хонгор нутгийн зон олон энэ жилийн наадмаар <<Цэвэрхэн наадацгаая, хандлагаа өөрчлье>> гэсэн уриан дор дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

Б.БЯМБАБААТАР


Сэтгэгдэл үлдээх