<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ МЭРГЭЖЛИЙН БАЙХААС ЭХЭЛНЭ

2019-09-21 18:41 913

Говь, хангайн цэнхэр орон хэмээн олноо дуурсагдах Хонгор нутагт өнөө жил Байгаль дэлхий ээл буянаа хайрлаж хур шаагиж, цэцэгс алагласан дэлгэр сайхан зун айлчилсан бол хаа л бол хаана өвс ургамал хушин шаргал өнгөөр гайхуулан, намрын шар нар зулай нэвт төөнөсөн хонгор намрын тос даасан шаргал өдрүүд үргэлжилж байна. Баянхонгор аймгийн Говь, хангай, тал хээрийн гурван бүсийн хаана нь ч байгалийн ховор нандин эрдэнэс элбэг байхын зэрэгцээ хосгүй сайхан түүх дурсгалт газрууд ч олонтойгоороо онцлог аймаг билээ. 

Шижир аранжин ХХК-ний уурхайн дарга Э.Гансүх



Энэ ч утгаараа Монгол улсын хэмжээнд дээгүүрт тоологдох алт эрдэнэсийн өлгий нутаг гэлцдэг. Энэ өгөөмөр баян хангай дэлхийнхээ өгөөж буяныг ашиглан улсынхаа эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах үйлсийн төлөө өдөр шөнийг умартан зүтгэж буй том жижиг уул уурхай Баянхонгор аймагт олонтой таарна. Баянхонгор аймгийн хэмжээнд хайгуулийн 87, ашиглалтын 92 аж ахуйн нэгжид лиценз олгогдсоноос 11 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Мөн хяналт шалгалт, тандалт судалгаагаар гар аргаар алт олборлодог 40 гаруй нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулж байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Мөн аймагтаа уул уурхайн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Баян-Овоо, Галуут, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг, Шинэжинст зэрэг сумд байна. Энэ дотроо Баян-Овоо, Галуут, Бөмбөгөр сумд уул уурхайн гол цэг болоод байгаа юм. Бид ургах нарны ууган туяа аль хэдийнээ тэргүүн зулайд нь гийгүүлсэн өглөө Дөвөнт, Далтын цэнхэр нурууг зорьсон юм. Мөн Галуут сумын байгаль орчны улсын хяналт байцаагч Д.Ганзоригтой урьдчилан ярьж тохиролцсоны дагуу Баянхонгор аймгийн уул уурхайн гал голомтыг анхлан үүсгэж, тулганы галаа бадрааж байсан Монгол Болгар металл “хуучнаар” үйлдвэр нэртэйгээр одоогоос 40 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Монгол Болгар гео алтны уурхайд хоёр талаасаа уулзлаа. Уурхайн дарга удирдлагууд аймаг явсан учир тус уурхайн үйл ажиллагаатай танилцаж амжилгүй цааш хөдөллөө. Дөвөнт, Далтын нуруу тэр аяараа эрдэнэс үүцэлсэн баян хангай. Тэртээ 1940, 1950-иад оны үеэс л Монгол, Хятад иргэд ямааны арьсан тулмаар шороогоо зөөж, гар аргаар алт олборлолт хийж байсан түүхэн баримтат нутаг аж. Энэ тухай өвөг дээдсийн яриаг олонтоо сонсож байснаас өөр нарийн мэдэх зүйлгүйгээ ч нуугаад яах вэ?

            Галуут сумын энэ газар нутагт дөрвөн уурхай өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Монгол Болгар гео ХХК, Шижир аранжин ХХК, Топ Ган дриллинг ХХК, туслан гүйцэтгэгчээр Интерал гоулд Майнинг ХХК, Баялаг орд нүүрсний уурхайнууд үйл ажиллагаа явуулж буйг тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Ганзориг хэлж байна. Тэрээр бусад уурхайнуудтай харьцуулахад манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талд онцгой анхаарч ажилладаг. Уурхайн үйл ажиллагаанууд ч цэгцэрчихсэн, та бүхэн нүдээр үзээд мэднэ байх. Өөрийгөө магтаж байгаа хэрэг биш үү хэмээн хошигнов. Тиймээ аймгийн МХГ-ынхан  болон Байгаль орчны газрын дарга удирдлагууд, ажил хариуцсан мэргэжилтнүүд Галуут сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Ганзоригийн ажил үйлсийн талаар ам сайтай байсныг сонссон юм.  Ер нь энэ эрхэмийн ажилч хичээнгүй, шулуун шударга, хатуу зөөлнийг хослуулсан шаардлага тавьдаг, уул уурхайн талаар баримтлах хууль дүрэм, журмыг ч ягштал мөрдөж, уурхай нэг бүртэй тулж ажиллаад ирэхлээр хариуцлагатай байдал аяндаа бий болж ажил нь цэгцтэй, ашиглалт зөв явагддаг гэдгийг Д.Ганзориг байцаагчийн ярианаас илүүтэй мэдэрсэн юм. Энэ хавийн дөрвөн уурхай хэд хэдхэн км-ийн зайд л үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бид Галуут сумын Сүмбэрийн багийн нутаг Замын булгийн хүрэн Чулуутад үйл ажиллагаа явуулж Замын булгийн ордыг ашиглаж буй Д.Даариймаа захиралтай, анхны хувийн хөрөнгө оруулалттай Шижир аранжин ХХК-ний кемп дээр аяны дөрөө мултаж энэ компаний ажил үйлстэй биечлэн танилцсан юм. Уурхайн үүдний пост нэвтэрнэ гэдэг их чанга бололтой. Улсын байцаагч Д.Ганзоригтой яваагүй бол нэвтэрч чадах уу үгүй дээрээ тулах байлаа гэсэн бодол төрөөд авсан юм. Шижир аранжин ХХК-ний уурхайн кемп болон гадна орчин нүд булааж өөдлөх айлын өнгө үүд хаалганаасаа гэдэг дээ гэсэн өөдрөг сэтгэлийг төрүүлээд авав. Кемпийн гадна орчинд шар хуайс, монос, чацаргана, улиас модод үндэс хөөн ургаж, согоовор, сагсайн, цэцэгийн мандлууд өнгө өнгийн цэцэгсээр гайхуулан, сэр сэр салхитай намар цагийн үдийн наранд өвс ургамал халиурах нь, гадаад эмх цэгц, цэвэр цэмцгэр байх нь хэн хүний сэтгэлд нэн тааламжтай ажээ. Уурхайн захирал Д.Даариймаагийн үндсэн мэргэжил сэтгүүлч юм. Энэ сайхан орчин Д.Даариймаа захирлын хатан ухаан, ажилласаг хамт олны хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэж бодохлоор яахын аргагүй бахархал төрнөм...

   Энэ уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан инженер Ш.Бямбасүрэнтэй анхлан уулзаж тус уурхайн ажил үйлсийн талаар ярилцаж суухад.

     Хариуцлагатай уурхайг бий болгоход тийм ч ярьснаар санаснаар хийчихдэг ажил биш дээ. Хариуцлагатай байхын тулд бүх зүйл мэргэжлийн байх хэрэгтэй юм билээ. Манай уурхай мэргэжлийн байх талруугаа бодлого зорилтоо чиглүүлж ажилласнаар илүү хариуцлагатай болж байгаа. Тэгэхлээр хариуцлагатай уул уурхай мэргэжлийн байхаас эхэлнэ гэсэн миний санаа юм шүү гэв.


Ажилчдын тав тухыг хангах талаар олон ажил хийгдэжээ.



Кемпээс гарч олборлолт явуулж буй талбай, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Кемпийн ойролцоох хогийн цэгийг ангилан ялгах байдлаар тохижуулсан нь бас шинэ санаа мэтээ. Цааш алхлаа ажилчдын хүнсний ногооны талбайд байцаа, лууван, манжин, төмс, далбагар ногоон навчсаа гайхуулан жигтэйхэн сайхан ургажээ. Энэ бүхэн нь инженерийн дээр хэлсэн бүх зүйл мэргэжлийн байж хариуцлагатай уурхай яригдана гэснийг дахин сануулаад авлаа.

  Тус уурхайн хөрс хуулалт 18 метрийн гүн юм. Энэ нутаг хөрсөн дороо мөнхийн цэвдэгтэй аж. Хүчит техникийн аварга том шанаганы нэг метр ган соёо цэвдэгт хуга явчихаад байдгийг Ш.Бямбасүрэн инженер бидэнд ярьлаа. Уул уурхайн ажил үнэхээр хүнд замыг туулж байж Эрдэнэсийн сангаа арвижуулдаг юм байна. Тэд сайн гэхээсээ илүү муу нэр, луу данстай уул уурхайн компаниуд, тэнд ажиллаж буй ажилчдаар бахархах сэтгэл төрж, үнэхээр хүнд хүчир ажил гэдгийг илүүтэй мэдэрч энэ ажлыг хариуцлагатай байлгана гэдэг ч том амжилт юм даа гэж бодохоос цааш хэтэрсэнгүй...

Бид ингэж уурхайн амьдралыг нүдээр үзэж танилцаж явахдаа тус уурхайн нөхөн сэргээлт рүү анхаарлаа хандуулсан юм. Шижир аранжин ХХК, хөрс хуулалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийж чаддаг болсон нь сэтгэл татав.