<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД ОРХОН АЙМАГТ ЧУУЛЛАА

2018-04-28 15:40 699

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ


Их хотын 18 цаг ид түгжрэлийн үе аж. Манайхан цагаа тооцож гарааарай хэмээн анхааруулах орон нутаг хариуцсан менежер С.Мөнхбаяр МСНЭ-ийн орон нутгийн сүлжээгээр онцлон анхааруулсныг санаж энэ сарын 16-ны оройн 18 цаг 10 минутад Цэлмэг хотхоноос Улаанбаатар төмөр замыг зорив. Гэрээс гарамц сайн санаат такси таарлаа. Жолоочид яаруу яваагаа учирлав. За ах минь өдийд Улаанбаатарын зам ямарыг та мэднэ л биздээ гэж байна. Тиймээ гадарлана. Тэгээд л чамайг хурдан явах замаа сонгог гээд л...


Нарны гүүрээр л явна даа хоёулаа гэж байна. Удаж төдөлгүй нарны гүүрэнд ойртож ирлээ. Нарны гүүр нам түгжээтэй байв. Яарсан сэтгэл улам давчдуулах мэт хэсэг зогсотол түр хугацааны түгжрэл ярс хийтэл урагшилсанд олзуурхав. Тэртээ 1987 онд Герман орныг зорихоор энэхүү вокзал дээрээс хөдөлж байснаас хойш энд ирж үзээгүй дээ эргэлзэх, гайхах сэтгэл төрөв. Ийнхүү үзэг нэгт нөхөдтэйгээ вокзал дээр аяны дөрөө нийлж 20 цагийн үес Эрдэнэт хотыг зорьсон юм. Бийвээр Баянхонгор телевизийн эвлүүлэгч, зураглаач Б.Цог-Эрдэнэ, Дундговийн С.Пүрэвсүрэн, Д.Лонжид гуравтайгаа нэг куфенд тухаллаа. Галт тэрэгний нүргээнт дуу хүр хар, тар түр хийх чимээнд эмзэг нойртой болсон өтөл сэтгүүлч төдийлөн сайн унтаж амраагүйгээ нуугаад яах вэ? Бидний хөлөглөж явсан галт тэрэг Дарханы зогсоол дээр толгой сольсноос үүдэлтэйгээр зарим нөхдийн толгой эргэж буудилсныг ч бас нуух юун...


Ийнхүү маргааш өглөөний ургах нарны ууган туяанаар Эрин зууны манлай бүтээн байгуулалтын өлгий нутагт орон нутгийн 21 аймгийн 200 шахам сэтгүүлчид үлээвэр хөгжмийн яруухан эгшиг дор галт тэрэгнээсээ буухуйд монгол, орос маягаар хувцасласан бүсгүйчүүд биднийг хүндэтгэн угтав. Тэдний барьсан мөнгөн аягатай идээний дээжээс амтлан автобусанд сууж тус хотын төв хэсэгтэх GOLD ресторанд өглөөний цайгаа тухлан ууцгаав. Дөрөвдүгээр сарын 17-ны энэхүү өдөр орон нутгийн сэтгүүлчдийн форумаас гадна. Уул уурхайн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган давхацсаныг орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр хэлээд энэхүү эмэгтэйчүүдийн чуулган сурвалжлах сэтгүүлчдийг нэрээр нь тодосгон зарлав. Нэр дурдагдаагүй үлдсэн сэтгүүлчид Эрдэнэт хотын үйл ажиллагаатай танилцсанаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран зохион байгуулж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн форумын эхний өдрийн ажлууд эхэлсэн юм. Энэхүү форумд эх орны дөрвөн зүг найман зовхисоос 21 аймгийн МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн 160 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хуран цугларсан юм. Орон нутгийн сэтгүүлчид Орхон аймаг дахь “Лед” гэрлийн үйлдвэр болон монгол орны их бүтээн байгуулалтын манлай Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэт” хивсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцсаны дараа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар сэтгүүлчдийг аймгийн ЗДТГ-ын ойролцоох 10 ханатай өргөө цагаан гэрт хүлээн авч уулзан тус аймгийн ажил үйлс, алс хэтийн бодлого зорилтууд болон ХХААХҮЯ-ны ойрын жилүүдэд барьж ажиллах бодлого чиглэлээс тус тусдаа мэдээлэл хийж орон нутгийн сэтгүүлчдийн асууж сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Орон нутгийн сэтгүүлчид нар наадуулж, намираа цэнхэр бороо дагуулж ирснийг Засаг дарга үгийнхээ эхэнд онцлов. Орон нутгийн сэтгүүлчдийн форумтай таширлан болсон нэгэн томоохон чуулган бол Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” Үндэсний чуулган анх удаагаа Орхон аймагт зохион байгуулагдаж байв. Энэхүү чуулганд мөн л эх орны өнцөг булан бүрээс морилон ирсэн 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд чуулсан байна. Харин энэхүү томоохон үндэсний хэмжээний чуулганыг орон нутгийн сэтгүүлчид сурвалжлан бичих боломж гарсан нь энэ удаагийн сэтгүүлчдийн форумын бас нэг онцлог байсан юм. Орон нутгийн сэтгүүлчид энэ өдрийнхөө үдээс хойш гурван автобусанд хуваагдан сууж Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтыг зорив. Энэхүү амралт Эрдэнэт хотоос 60 км зайнд орших аж. Ойн мододын чөлөөнд төвлөрөн нил хүчил төрөгчөөр амьсгалсан, ан амьтан төрөл төрлөөрөө цогцолсон энэхүү амралтын баазад аяны дөрөө мулталсандаа орон нутгийн сэтгүүлчид их л сэтгэл дүүрэн байсныг тэмдэглэлдээ тодосгон тэмдэглэж байна. Энэ бол МСНЭ-ийн шинэ удирдлагын зүгээс санаачлан зохион байгуулж буй үр дүн, өгөөж арвинтай чуулга уулзалт гэдгийг хүн бүр гүн бат ойлгосон учраас ийнхүү баяртай хүлээн авч байсан биз. 


Орон нутгийн сэтгүүлчдийн энд болсон форум МСНЭ-ээс цааш цаашид хийгдэх томоохон ажлуудын салхийг хагаласан сайхан эхлэл байсныг ч энд онцлох хэрэгтэй. Орон нутгийнханд онцгойлон анхаарал тавьж эхэлсэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нар болон ажлын албаныханд баярласан сэтгэлийн үгс орон нутгийн сэтгүүлчдээс ам нээх болгонд хөвөрч байсныг бийвээр илүүтэй анзаарснаа ч тодосгоё. Орон нутгийн сэтгүүлчид “Сэлэнгэ” амралтын баазад аяны дөрөө мулталсныхаа дараа танилцах уулзалтаа тэндэхийн спорт, урлагийн саруулхан танхимд хийж хөгжилдөн танилцацгаалаа. Дараа нь аймгуудынхаа салбар зөвлөлийн дарга нарт МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нар үүрэг чиглэл өгснөөр энэ өдрийн ажил өндөрлөж амарцгаасан юм. Маргааш өдөр нь буюу 18-ны Лхагва гаригийн ургах наран мододын чөлөөгөөр алтан цацаргаа гайхуулан мандлаа. Өглөө нарны асгарах туяанд амралтын өрөөний цонхоор орчин тойрныг ажхуйд манайхны нилээд хэсэг нь дуу шуу болж зураг хөрөг болцгоон өөр хоорондоо хөөрөлдөх нь нэгийг өгүүлнэ билээ. Төдөлгүй гарч очиход буга согоо тэргүүтэн идэшлэж явна. Цааш ажваас морь, тэмээд ч үзэгдэнэ. Өмнөговийн сэтгүүлчид манай говийн улаан тэмээд хөөрхий дажгүй сайхан өнгө зүстэй байна. Энэ сайхан хангайд идээшин дасчээ гэцгээв. Тиймээ хүн, мал хоёр байгаа орчиндоо амархан дасдаг аж... Өмнөговьчууд хэдэн тэмээгээр 10 буга худалдан авч Говьгурван сайхандаа нутагшуулснаа ч өгүүлцгээж байв. Ийнхүү бид үзэж харснаараа бахархан өглөөний цайндаа орцгоолоо.


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд ийнхүү амжилттай зохион байгуулсан юм. Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж үг хэлэв. Тэрээр энэхүү Форумаар хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ. МСНЭ-ийн 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд 23 салбар зөвлөлийг чадавхжуулах, сэтгүүлчдийн дунд дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг орон нутгийн сэтгүүлчид рүү хандсан олон бүтээлч ажлууд тусгагдсаныг онцоллоо. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс орон нутгийн сэтгүүлчдийн форумын өмнө 21 аймагт ажлын айлчлал хийж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тодруулж, хэрхэн шийдэх арга замын талаар сэтгүүлчидтэй санал солилцсоны зэрэгцээ аймгуудын засаг дарга нартай МСНЭ-ийн ерөнхийлөгчид биечлэн уулзаж цаашид хамтран ажиллах талаараа зөвлөлдсөн юм.