<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Хөдөөд “хөл”-гүй төрийн бодлого ба аялал жуулчлал

2018-10-31 01:25 237


  

УИХ-аас хоёр жилийн өмнө баталсан Тогтвортой хөгжлийн бодлогод Монгол Улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болно гэсэн зорилт бий. 2030 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү бодлогын баримт бичигт 2016-2020 онд байгаль, соёлын өвийн үйлдвэрлэл, үзмэрүүдийн голлох төвүүдэд жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын тавцанд Монголын аялал жуулчлалын онцлог дүр төрхийг бүрдүүлэх, байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тусгажээ. Дөрвөн жилийн дотор жуулчдын тоог хоёр дахин өсгөх өөдрөг төсөөлөл бүхий энэхүү бодлого буух хөрс хэр байна вэ гэвэл хангалтгүй л гэж хэлнэ. Тиймээс л аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг яриа агаарт замхарч, олон хөтөлбөр, зорилтууд цаасан дээр л үлдэж хоцроод байгаа хэрэг. 

 

Дээр дурдсан тогтвортой хөгжлийн бодлогыг л гэхэд амьдрал дээр хэрэгжүүлэх механизм өнөө хэр байхгүй,  төрийн бодлого тунхаг төдий байгаа ажээ. Аялал жуулчлалын түшиц болсон хөдөө орон нутаг, 21 аймгийн БОАЖГ-т аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоо ганцхан байдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц нь ердөө ийм. Төрийн аливаа бодлого хөрсөн дээр бууж ажил хэрэг болж чаддаггүйн гол шалтгаан энэ юм. 

 

Уг нь аймаг бүрт аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их нөөц бололцоо бий. Тэр нөөц бололцоог бодитой болгоход санаачилга чухал гэдгийг Баянхонгор аймгийн жишээнээс харж болно. Тус аймгийн Засаг дарга Тамгын газартаа Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг байгуулжээ. Өмнө нь аль ч аймагт аялал жуулчлалын асуудал хариуцсан бие даасан алба нэгж байсангүй. Тэгэхээр энэ санаачилга улсдаа анхдагч гэсэн үг. Анхдагч байх нэг хэрэг. Ажил хийнэ гэдэг бас өөр.


 

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Их, бага Богд уул, Шаргалжуутын халуун рашаан, хангай, тал хээр, говийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газар, байгалийн гурван бүс нутгийн онцлог, нүүдлийн уламжлалт соёлыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Аялал жуулчлалын албыг аймгийн Засаг даргын дэргэд байгуулж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх” зорилт бий. Энэ зорилтоо хэрэгжүүлж аялал жуулчлал болон гадаад харилцааны асуудлыг хариуцсан алба байгуулсан ажээ.

 

Тус алба 2017 онд аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх чиглэлээр “Баянхонгорын говь-хүн үүслийн төв”, “Шаргалжуутын халуун рашаан-дэлхийн рашаан”, “Заг, Байдрагийн хүрэн бэлчир”, “Транзит Баянхонгор”, “Говийн зургаан гайхамшиг”, “Нутгийн иргэдэд тулгуурласан “Хот айл” жуулчны бааз” зэрэг зургаан төслийг хэрэгжүүлжээ. Эдгээр төсөл нь Баянхонгор аймагт хүн үүссэнийг нотлох Баянлиг суманд байрлах Цагаан агуй, Монголын нууц товчоонд дурдагдсан түүхийн дурсгалт газар болох Заг, Жаргалант сумын зааг Хүрэн бэлчир, Говийн их дархан цаазат газарт орших дэлхийн улаан номонд орсон ан амьтан, онгон зэлүүд байгаль, улмаар баруун аймгууд руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалд нийтийн хоол, үйлчилгээгээр ашиг олох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьж, тодорхой үр дүнд хүрчээ.

 

Нөгөө талаар тухайн төслийн хүрээнд Таван түмэн сарлагийн баяр, Ламын гэгээний улаан тэмээний баяр, Дуутай хурууны наадам, мөсний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ингэхдээ тухайн арга хэмжээтэй холбоотой дотоодын холбогдох салбарын мэргэжилтэн, сонирхогчдыг татан оролцуулжээ. Ингэснээр гадаадын аялал жуулчлалыг татах, Хөвсгөл зэрэг олон жилийн туршид олон улсад танигдсан тодорхой арга хэмжээтэй аймагтай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх зорилтын эхний сорилтоо давсан байна.

 

Эдгээр зорилтот ажил, арга хэмжээний үр дүнд 2016 он хүртэл “Мандухай”, “Говийн тэмээ”, “Баянсайр”, “Өгөөж булган” зэрэг жуулчны баазтай байсан Баянхонгор аймаг 2017 онд шинээр “Тэргүүн говь”, “Баянбүрд” зэрэг нэг дор 15-30 жуулчныг хүлээн авах шинэ баазтай болжээ. Мөн тус аймгийн Эрдэнэцогт сум, Шаргалжуут тосгонд малчны нөхөрлөлүүд бий болж гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах болсон байна. Дээрх бий болсон бүтцээр дамжиж 2017 онд нийтдээ дотоодын 28900 орчим, гадаадын 30 мянга гаруй жуулчин аялж, үйлчилгээ авсан нь өмнөх оноос 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөө нэмэгдүүлэх зорилгоор тус аймаг 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлажээ.

 

Орон нутгийн зүгээс зөвхөн зарлаад орхих биш гурван жилийн хугацаатай, хүүгүй 240 сая төгрөгийн зээлийг аялал жуулчлалын төслүүдэд олгосон байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрийн гэсэн аяллын бүтээгдэхүүн үйчилгээгээ бий болгож аялал жуулчлалын албаны гаргасан таван чиглэлийн маршрутын дагуу дотоодын жуулчдыг авч эхэлжээ.

 

Уул уурхай, мал аж ахуй гэсэн хоёрхон салбар дээр тулгуурласан эдийн засагтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлж утаагүй үйлдвэрлэлээс “ногоон” хүүдийлэх боломж бий. Тиймээс төр засгийн төвшинд нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болно гэсэн том амбийцаа зарласан бизээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутаг чухал үүрэгтэй. Орон нутагт л түшиглэж аялал жуулчлал хөгждөг. Ялангуяа тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлснээр орон нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох замаар тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангадаг. Ингэснээр орон нутгийн иргэдийн ажиллаж амьдрах орчин сайжрах, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэхээс эхлээд орон нутагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөөлөл асар их.

 

Баянхонгор аймгийн хувьд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ ЭТИС хөтөлбөрөөс хэрэгжүүлж буйОрон нутгийн цогц хөгжил түншлэл” төсөлд хамрагдаж буй аймгуудын нэг. Төслийн хүрээнд хамгийн сүүлд л гэхэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд 30 мянган еврогийн буцалтгүй хөрөнгө оруулалтыг хийхээр болсон байна. Уг төслийг хэрэгжүүлэх нэгж нь аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба юм. Тиймээс ч тус албыг чадавхжуулах, тэдний үйл ажиллагаар дамжуулан аялал жуулчлалын олон талт бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд талууд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ ЭТИС хөтөлбөр, Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэг, Баянхонгор аймаг гурван талт түншлэлийг бий болгож, энэ хүрээнд Баянхонгорын мэргэжилтнүүд Тайландад туршлага судалж, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгааг нүдээр үзээд иржээ Энэ мэтээр төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, олон улсын төслийг нэгэн цэгт зангидаж, хэрэгжүүлж байгаа нь хөдөөд “хөл”-гүй төрийн бодлого хөрсөн дээр бууж, хэрэгжих таатай нөхцөл болжээ. Баянхонгор аймаг жуулчдыг татах онцлогоо эртний хүний өлгий, байгалийн гурван бүсийг үзэх боломжтой, түүх, соёлын дурсгал арвин гэх мэтээр тодорхойлж, аялал жуулчлалын маршрутуудыг гаргаж олон нийтэд зарласан аж. Зөв эхлэл, зоримог шийдлүүдээ цааш лавшруулж чадвал уул уурхай тойрсон маргаан, бэлчээрийн доройтол, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлуудаа баянхонгорынхон мартаж, утаагүй үйлдвэрлэлээр эдийн засгаа солонгоруулах цаг ойрхон бизээ.  

 

 Б.ЧИНБАТ


Сэтгэгдэл үлдээх