<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АРХИГҮЙ АЙМАГ БОЛМООР БАЙВАЛ ТӨРИЙН ТҮШЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ ЭХЛЭЕ

2020-01-08 16:37 669

АРХИГҮЙ АЙМАГ БОЛМООР БАЙВАЛ ТӨРИЙН ТҮШЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ ЭХЛЭЕ

“Би ч хааяа уучихдаг л даа. Уухгүй байж болдоггүй юм гээд өөрийгөө зөвтгөдөг. Гэхдээ чин зүрхэндээ уумааргүй байдаг. Энэ үнэн шүү гэхэд хэн нэгэн хариу болгож харин тийм. Гэхдээ чи бид нарыг ямар архичин гэхэв дээ гэсээр энэ яриа инээд болон замхарна.” Архи уудаг хүн өөрийгээ хэзээ ч архичин гэхгүй. Гэвч хамаарал, давтамжийг нь судалж үзээд амсах төдийхэн ариухан та биднийг “архичин” гэх тодорхойлолтод аль хэдийнэ шинжлэх ухаан хамруулж ойлгодог болсон билээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 200 гаруй хүн архинаас болж нас барсан тухай эмгэнэлт мэдээ гарлаа. Гэтэл Дэлхийн хоёрдугаар дайны үед Халх голын байлдаанд 200 гаруй хүн амь эрсэдсэн байдаг юм билээ. Халхын голын дайн дууссан ч хар усны дайн хүчийг авч хавтгайрчээ. Тиймээс Баянхонгорчууд архитай “дайн” зарласныг сонсоод баярлаж сууна.

Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2020 оныг Архигүй аймаг болох жил болгон зарлажээ.

Энэ дагуу тус архидан согтуурахтай тэмцэх жилийн аянг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагджээ.

Энэ ажлын хэсэг хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх юм байна.

Гэтэл архи ууж, амьтан хүний хараанд хамгийн их өртдөг нь өнөөх л дарга нар. Төрийн албан хаагчид. Тиймээс архитай тэмцэх энэ ажил ахиад л дарга нар, төрийн албан хаагчдынхаа уусан, эсэхийг шалгадаг, шүүдэг ажил болж магадгүй юм.

Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийг ажил хэрэг болгохын тулд архи уусан албан хаагчийг сануулдаг, сануулга авахгүй бол хайр найргүй ажлаас чөлөөлдөг байхаар журамлая. Архи уусан дарга ёс зүйгээрээ огцордог, ард олноосоо уучлал гуйдаг болгоё. Төрийн байгууллага, албан тушаалтан өөрсдөөсөө энэ ажлыг эхлүүлж байж түмэн олон дагаж мөрдөх нь зүйн хэрэг.

Айл бүрт нэг архичин, нэг бөөтэй гэсэн явган шог бий. Гэр бүлийнхээ архичин гишүүнийг ил болгоё. Эмчилгээ, үйлчилгээнд хамруулая. Муу бол өнөөх хэдэн эрчүүд гэдгээ больж вино, пивохон уудаг гэж биеэ өмөөрдөг ээж, эгч нарыг зарлая. Ажил дээр нь самбар байрлуулж, шартсан байвал нэрнийх нь ард гахай зурая.  

Уусан юм уу, чи гэхэд үгүй амссан гэж хэлээд ор руугаа явчихдаг хүүхдүүдээ ч ойр тойрондоо илчилж жигшээе. Нэр хугарахаар яс хугар гэсэн сүржин үгнээсээ болоод гэрт байгаа “балгадаг”-уудаа бөөнөөрөө хамгаалаад сурчихсан байна. Нэр ч хугараг, яс ч хугараг. Яадаг ч байсан ингээд ч болов архинаасаа салцгаая даа.


2019 онд Баянхонгор аймгийн хэмжээнд 877 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 211 гарсаны 162 буюу 76,8 %, зам тээврийн ослын 44 гэмт хэрэг бүртгэгдсэний 18 нь буюу 47 %, 3310 зөрчил бүртгэгдсэний 1828 нь буюу 55.2 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

Үүний улмаас 30 хүн нас барж, 18 хүн гэмтэж бэртсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль унаснаас болж 8 хүн амь насаа алдаж 6 хүн гэмтэж бэртжээ.


 


Сэтгэгдэл үлдээх