<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Аймгийн аюулгүйн нөөцөд 30 мянган боодол өвс нийлүүлнэ

2017-10-24 11:14 1265


Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн асуудлаар хуралдлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  аймгийн Онцгой комиссын 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар аймгийн ХХААГ-ын даргын илтгэлийг хэлэлцлээ. Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 70 хувь гантай, 25 хувь гандуу, бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсний улмаас  өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бий болжээ.

Гэтэл Засгийн газраас өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өгөх санхүүгийн дэмжлэгийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаагаас өвс тэжээл татах ажлыг удаашруулж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт, аймгийн Онцгой комиссын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын А/746 тоот захирамж гарчээ.


Тус захирамжаар аймгийн ХХААГ-ын өвсний үнийн судалгааг үндэслэн нэг боодол өвсгийг 9200 төгрөгт багтаан 30 мянган боодол өвс нийлүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, шууд гэрээ байгуулах, өвс тэжээлийн аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хонгор шинэ агро орон нутгийн өмчит аж ахуйн  тооцоот үйлдвэрийн газарт даалгалаа. Улаанбаатар орчим, тухайлбал Төв аймгийн Жаргалант суманд нэг боодол өвсийг 7000 төгрөгөөр  нийлүүлэх үнийн саналтай ахуйн нэгжүүд байгаа аж.  Уг өвсийг татна гэж үзвэл тээврийн зардал нэмэгдэж, аймагт, улмаар сумдад очих боломжит үнийг гаргажээ.

Хонгор шинэ агро орон нутгийн өмчит аж ахуйн  тооцоот үйлдвэрийн газар өвс, тэжээл бэлтгэх, сумдад түгээх,  нэгэнт түгээсэн өвсний мөнгийг буцааж татаж, төвлөрүүлсэн хөрөнгөөр дараагийн өвс тэжээлээ бэлтгэх ажлыг гардан хийх юм.  ХХААХҮЯ-наас Баянхонгор аймаг 200 сая төгрөгийн зээлээр иж бүрэн хоёр хадлангийн техникийг авсан. Үүгээр жил бүр хадлан бэлтгэж, цаашид аймаг өөрийн нөөцийг бүрдүүлэх хувь хэмжээг тогтмол өсгөх аж.

Энэ жилийн хадлангийн дийлэнх нь Дорнод, Сүхбаатар аймгаас бэлтгэгдэж байна. Тус аймгууд шүлхий өвчний голомттой. Тиймээс дээрх аймгуудаас өвс татахад эрсдэл үүсэх боломж байдаг аж. Нэгэнт бэлтгэгдсэн өвсийг ариутгах боломжгүй. Манай аймагт ч  өвсөнд шилжилгээ хийх боломж хомс учир тестээр шалгадаг байна. Тиймээс аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхдээ  өвсний гарал үүслийг нарийн тодорхойлох шаардлагатайг онцгой комиссын гишүүд онцолж байв.  Энэ хүрээнд өвсний аюулгүй байдал, чанарт хяналт тавьж ажиллахыг аймгийн ХХААГ-тт үүрэг болголоо.  


Аймгийн аюулгүйн нөөцөд  өнгөрсөн оны үлдэгдэл 187 тонн өвс байна. Уг өвсийг яаралтай борлуулахгүй бол шинэ өвс ирэхэд хуучин нь борлогдохгүй байх эрсдэл үүслэг байна. Тиймээс одоо байгаа өвсний нөөцийг аймгийн сумдад тэгшитгэх зарчмаар хувааж олгохоор боллоо. Өвс авах шаардлагагүй сумд байвал тухайн хуваарилсан өвсийг авах хүсэлтэй сумдад нэмж олгох юм. Хуучин нэг боодол өвсийг 3500-4500 төгрөгөөр аймгаас төвөөс алсгадсан байдлыг харгалзаж өгөх үнийн саналыг аймгийн Онцгой комиссын дарга хэлж байв.  Харин тэжээлийг өмнө авсан үнээс буулгахгүйгээр өгөхөөр тогтлоо.  


Сэтгэгдэл үлдээх