<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ц.ОТГОНБАЯР: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛ ИРГЭДЭД ХҮРЭХ ГҮҮР ЮМ

2017-05-20 08:52 404



Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр/2017,05,03/ Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхныг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр сонин, гурван телевиз, Баянхонгор аймаг дахь МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нар оролцов.

 

Тэдэнд хандаж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, “Үг, үзэгээр үнэний талд ямагт зогсч байдаг, хөгжлийн хурдасгуур, нийгмийн харах нүд, сонсох чих болсон хэвлэл мэдээллийн салбарын хамт олон, эрхэм сэтгүүлчид та бүхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Баянхонгор аймгийн түүхийн шинэ цаг үеийг та бүхэн аймаг орон нутгийг удирдан авч яваа бидэнтэй хамт бичилцэж байгаа эрхэм үүрэгтэй, нэгэн зорилготой хүмүүс гэж би хэвлэл, мэдээллийн салбарын хамт олон та бүхнийг харж, үнэлдэг юм. Энэ утгаараа та бүхний үйл ажиллагааны цар хүрээ, чанар, хүрээмжтэй мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагааны нөгөө тал, иргэдэд хүрэх гүүр. Энэ гүүрийг бат бөх байгуулж, энэ гүүрээр төр иргэн хоорондын холбоог бэхжүүлэх ёстой юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар хэвлэл мэдээллийн салбарыг шинэ шатанд гаргах, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, хамтарч нягтрах, харилцан ойлголцох цаг үеийн шаардлагын хүрээнд та бүхэн надад өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид харилцан ярилцаж, хамтран зөвшилцөж, хөгжлийн нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна” гэв.

 

Тэгвэл Өнөөгийн Баянхонгор сонины эрхлэгч П.Санаадагва, “Бид МСНЭ-ийн Баянхонгор аймгийнхаа салбар зөвлөлөөр дамжуулан Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Энэ бичэгт туссан асуудлыг шийдвэрлэхэд аймгийн Засаг даргатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Өмнө аймгийн Засаг даргад Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг газартай болгох, хэвлэл мэдээллийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хүргүүлээд байсан юм. Харин уг асуудалд аймгийн ИТХ-ын дарга судалж үзээд шийдвэрлэхээ амласан юм.

 

Хэвлэл мэдээллийн салбар аюуны үйлдвэрлэл эрхэлж буй маш чухал салбар. Энэ утгаар аймаг бодлогоор энэ салбарыг чадавхжуулах, цаашид хөгжүүлэхэд анхаарах ёстойг талууд онцоллоо.

 

Баянхонгор аймгийн хэмжээнд хэвлэлийн салбарт 30 орчим хүн ажиллаж байна. Насны байдлаар авч үзвэл 30 хүртэлх насныхан нийт ажиллагсадын 80 хувийг эзэлж байна. Энэ утгаараа залуучууд голлосон уг салбарыг хөгжүүлэх, ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарах  ёстойг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд онцолж байна.


Эх сурвалж: bayankhongor.gov.mn


Сэтгэгдэл үлдээх