<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ОРОГ НУУР-ТҮЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛНО

2017-10-13 15:45 2263

 

Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Өлзийт, Жинст, Эрдэнэцогт зэрэг Бөөнцагаан нуур-Орог нуурын сав газрын дагуу суурьшилтай сумдын иргэдээс тухайн сумын нутагт гол горхи, нуур, цөөрөм, булаг шанд, рашаан худагийн тоо буурч байгаа эсэхээр судалгаа авсан байдаг. Судалгааны дүнд усны хэмжээ, нөөц буурч байна, тодорхой хэмжээнд буурсан гэж 90 хувь нь үзжээ. Буурч байгаа шалтгааныг хүний буруутай үйлдлээс болон, байгалийн жамаар гэж тодоройлсон байна. Тиймээс усны нөөцийг хамгаалахад нутгийн иргэд, малчид, нөхөрлөл, Сав газрын зөвлөл, Засгийн газар, ЗДТГ чухал үүрэгтэй гэж иргэд үзжээ. Тэр бүхнийг нарийн зохицуулж, шийдэл бий болгоход усын нөөцийн менежментийг оновчтой хэрэгжүүлэх шаардлага өнөө үед бий болоод байна. Харин усны нөөцийн менежмент гэж чухам юуг хэлээд байгаа талаар иргэд ойлголтгүй байгааг судалгаанаас харж болохоор байна.


Энэ сарын 13-нд Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлгийг Бөөнцагаан нуур-Орог нуурын сав газрын Захиргаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын холбогдох албаны мэргэжилтэн, Баянхонгор сумын захиргаа, ХХААГ, ОБГ, УЦУОША, БОАЖГ, Усны мөр ТББ, иргэд, тариалнчид гэсэн өргөн бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулав.


УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?


Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөц баялгийг хамгийн зохистойгоор, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан ашиглах нэгдсэн зохицуулалт юм. Уг менежмент нь улс орнй хөгжлийн бодлогод суурилсан хүн, нийгэм, эдийн засгийн салбаруудын хөгжлийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, усны асуудлаар салбар дундын зохицуулалт хийх, Зэсгийн газрын зүгээс салбаруудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чиглэгддэг. Манай улсад Усны нөөцийн менежмент үүсч хөгжөөд эдүгүй 10 шахам жил болж байна. Манай аймагт усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-ны захиалгын дагуу ээлж дараатай хийж байна. Энэ удаад Баянхонгор аймаг Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах хэлэлцүүлгийг талуудын оролцоотой хийсэн нь энэ юм.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож аймаг, орон нутгийн бодлогод уг асуудлыг хэрхэн тусгасан, цаашид юунд анхаарах шаардлагатай талаарх өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Түүний хэлж байгаагаар 1970-аад онд хийсэн судалгааны дүнгээс харахад өвлийн цагт хөрсний хөлдөлтийн гүн 2,1 метр байсан бол одоо нэг метр хүрэхтэй үгүйтэй болжээ. Энэ нь дэлхийн цаг уурын дулаарал эрчимтэй явагдаж байгааг харуулсан үзүүлэлт. Тэр дундаа Баянхонгор аймаг шиг тал, хээрийн бүсэд энэ өөрчлөлт эрчимтэй нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд хүний зохисгүй хэрэглээ, ашиглалтын хүчин зүйлс нэмэгдвэл цаашид ундны усны хомсдолд ч хүрч мэдэх юм. Тиймээс усны нөөцийн нэгдсэн менежмент маш чухал. Чухал учраас тал бүрээс нь нарийн хэлэлцэж, маш зөв шийдвэрт хүрэхийн чухлыг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар дээрх асуудлын хүрээнд манай улсад хүн амын унд, ахуйн ус, хөдөө аж ахуйн ус, үйлдэрлэлийн ус, сав газрын усны менежментийн хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулах, шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

Өмнө нь Баянхонгор аймагт хоёр сав газар үйл ажиллагаа явуулж байсан бол 2016 онд нэгтгэж нэг болгожээ. Энэ хүрээнд Бөөнцагаан-Орог нуурын сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан бол энэ жил Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийж байгаа юм.
Энэ талаар БОНСГ-ын Захиргааны дарга Т.Эрдэнэбатаас тодрууллаа.


Б.ЭРДЭНЭБАТ: УСНЫ ХЭРЭГЛЭЭ ХАРЬЦАНГУЙ БАЙНА

Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийх ажлыг та бүхэн ямар бүрэлдэхүүнтэйгээр хийж байна вэ?

Энэ ажил өөрөө нийт хүн ам болоод Баянхонгор аймгийн тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засагтай салшгүй холбоотой. Тиймээс энд холбогдох яам өндөр ач холбогдол өгч бид Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийхэд олон талын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймагт ажиллаж амьдарч буй мэргэжлийн хүмүүс, томоохон ус хэрэглэгч хүсний үйлдвэрүүд, Байгаль хамгаалах нөхөрлөлүүд, ХЭАХН гэх мэт салбар бүрээс хүмүүсийг хамрууллаа. Бид энэ төлөвлөгөөг боловсруулснаар усыг хязгааргүй мэтээр харж, ойлгож ирсэн буруу дадлаас татгалзаж, эсрэгээрээ усыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг ойлголтой, усны аюулгүй байдал хангагдсан, нөхөн сэргээгдэх хэмжээнд хүрнэ гэж харж байгаа юм. Энэ хүрээнд бид Өлзийт, Богд, Эрдэнэцогт зэрэг сумдад ажиллаж, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Иргэд энэхүү менежментийн төлөвлөгөөнд ямар санал тусгуулах, юунд анхаарах талаарх өөрсдийн саналыг бидэнд өгсөн.

Усны томоохон хэрэглэгч Баянхонгор сум шүү дээ. Аймгийн төв байрладаг энэ суманд та бүхэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

Бид ЕБС болон СӨБ-ийн эрхлэгч, менежер, аймгийн БСГ-ийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Боловсролын байгууллагаар дамжуулан ирээдүйд энэ нутгийнхаа эзэн болох хүүхэд залуустаа усыг хэрхэн зүй зохистой хэрэглэх вэ, яаж араг гамтай, хайрлаж дараа үедээ өвлүүлэх вэ гэдгийг ойлгуулахад энэ сургалт чиглэгдсэн юм. Мөн аймгийн ЭМГ, аймгийн төвийн өрхийн эмнэлэг, багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр усны эрүүл ахуйн байдал, эдгээр хүмүүсээр дамжуулан иргэдэд ойлголт өгөх, сурталчилгаа явуулахыг бид зорьсон юм. Нөгөө талаар аймагт усыг их хэмжээгээр хэрэглэдэг үйлдвэрлэлийн болон барилгын ААН, дулаан үйлдвэрлэгчдэд усыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ, усны алдагдлыг хэрхэн бууруулах, саарал усыг ашигладаг болох вэ гэдэгт санал бодлыг нь сонсч ажиллалаа.

Танай газрын хариуцдаг сав газруудын усны чанар, хэмжээнд өөрчлөлт гарсан уу?

Манай аймгийн хэмжээнд гадаргын усны нөөц 450 сая шоо/км байдаг бол ашиглаж болох нөөц 10 сая шоо/км байдаг. Гүний усны нөөц 100 сая шоо/км нөөцтэйгээс ашиглаж болох нь 50 сая шоо/км байдаг гэсэн судалгаа бий. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын усны чанарын хувьд маш цэвэр гэсэн ангилалд саяхныг хүртэл байсан боловч сүүлийн жилүүдэд өөрчлөлт орж, усны чанар муудсан байна. Энэ үйл явц нь голын эргийн хамгаалалтын бүс бүслүүрийн тогтоосон хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй, голын сав дагуух ургамлын бүрхүүлийг доройтуулсан, аймгийн төвийн усан хангамжийн төв станцын дээр хогийн цэг байрласан, бохирын цэвэршүүлэх байгууламж голын сав дагуу байдаг зэрэгтэй холбоотой. Энэ бүгдийг шийдвэрлэх шаардлага бидний өмнө байна.

Нөгөө талаар усны хэрэглээ харьцангуй байна. Хөдөөгийн малчдын өдрийн усны хэрэглээ 5-6 литр байхад төв суурингийн гэр хорооллын иргэдийн өдрийн хэрэглээ дундажаар 10 литр, төвлөрсөн системд холбогдсон айл өрхийн өдрийн хэрэглээ 200 литр байх жишээтэй. Тэгэхээр энэ менежментийн төлөвлөгөөгөөр бид хүн амын усны зохист хэрэглээг бий болгох юм. Өөрөөр хэлбэл хөдөө дэх усны хэрэглээг нэмэгдүүлэх бол их байгаа газар нь бууруулах юм.


Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Усны мөр” ТББ ажиллаж байна. Тус ТББ-ын зөвлөх, УЗ-ийн гишүүн Ж.Гэрэлчулуунаас Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг   боловсруулахад анхаарч буй зүйслийн талаар тодрууллаа.


Ж.ГЭРЭЛЧУЛУУН: ХӨДӨӨГИЙН УСАН ХАНГАМЖИЙГ АНХААРАХ ЁСТОЙ

Усны менежментийн төлөвлөгөөг хийхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Манай багийн хувьд өмнө хийсэн судлаачдын суурь судалгаа, сав газрын захиргааны хамт олны хийсэн ажлын үнэлэлт, дүгнэлт зэрэгт суурилан төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаандаа орж байна. Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газар нь өөрөө аймгийн төв байршдаг гэдэг утгаараа маш чухал сав газарт хамаарна. Төв суурин газруудад тулгамддаг бэрхшээл ч Баянхонгор аймагт байна. Тиймээс бид байгалийн баялаг болсон усаа яаж зүй зохистой ашиглах вэ, эдийн засгийн хэрэгцээг усаар дэмжихийн зэрэгцээ усны нөөцийг бууруулахгүйгээр зүй зохистой ашиглах вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн хөгжлийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр зэргийг хэрхэн дэмжих вэ гэдгийг анхаарах юм. Үүний зэрэгцээ бүхий л аймгуудад орхигдсон байдаг нэг асуудал нь хөдөөгийн усан хангамжийг орхигдуулсан байдаг явдал. Бараг малынхаа ууж байгаа усны нөгөө талаас нь өөрсдөө хэрэглэдэг шүү дээ. Энэ байдал нь өөрөө ундны усны аюулгүй байдлыг сөхөхөд хүргэж байна. Энэ бүхнийг бид зүй зохистой зохицуулахын төлөө л уг ажлыг хийж байна гэлээ.


Ус чандмань эрдэнэ хэмээн монголчууд бид дээдэлж ирсэн ч өнөөдөр уг эрдэнийнхээ үнэ цэнийг төдийлөн ойлгохгүй, ойлгосон ч өөрийн амьдралын эрх ашгийн төлөө ирээдүй хойч үеэ хохироох хэмжээнд хүргэж мэдэхээр цаг үед та бид амьдарч байна. Холбогдох байгууллагын хийсэн судалгааны дүгнэлтээс харахад Баянхонгор аймагт гадаргын болон гүний усны илэрц, нөөц багасчээ. Байгалийн болон хүний сөрөг нөлөөлөл нөөц багасхад нөлөөлөхийн зэрэгцээ унд, ахуйн усны найрлага, шинж чанар баталгаагүй болжээ. Тиймээс энэхүү усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэнээр усыг ариг гамтай хэрэглэх, усны хэрэглээг тооцох системийг бий болгож, иргэд, олон нийтэд чиглэсэн шат дараатай сургалт сурталчилгааны ажлыг хийж, усыг хамгаалах шат дараатай арга хэмжээг авах юм.


Сэтгэгдэл үлдээх