<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“Ламын гэгээний их тойром”-д Төв аймгийн харваачид түрүүллээ

2018-09-17 12:06 2348


Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн Шагайн харвааны холбооны тэргүүн Б.Энхтүвшингийн санаачилга, аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулган, шагайн харваа энэ сарын 14-16-ны өдрүүдэд Баянхонгорт болж өндөрлөлөө. “Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулган, шагайн харвааг Баянхонгор аймгийн ЗДТГ, шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулав.


Баянхонгор аймгийн ИТХ-аас  үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна. Түүний нэг болох шагайн харвааг орон нутагт хөгжүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй зохион байгуулсаны үр дүнд 2018 оны Улсын их баяр наадмын шагайн харваанд Баянхонгорын баг тамирчид гуравдугаар байрт шалгараад байгаа юм.

Дээрх ажлын үргэлжлэл болсон шагайн тойромд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 96 багийн харваачид гурван өдрийн турш оноо мэргэн, хараа хурцаа сорьж уухайн дуугаа номгон хайрхны өвөр бэлд эгшиглүүллээ. Зохион байгуулагч болох Баянхонгор аймгаас 54 баг энэ удаагийн тойромд оролцжээ. Нэг баг найман харваачтай оролцож, монголын шагайн харваан харвааны дүрмийн дагуу зургаан тоогоор тоглосон байна.


Хамрагдаж буй багийн тоо, улсын цолтой мэнгэнүүдийн эрэмбээр Улсын их баяр наадмын харваатай дүйхүйц энэ удаагийн тойромд Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн хоёр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн 25, Монгол Улсын дархан мэргэн 12, Монгол Улсын гарамгай мэргэн 15, Монгол Улсын мэргэн 50, улсын цолтой нийт 76, аймгийн цолтой 112 харваач оролцжээ.

“Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулганд УИХ-ын гишүүн БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Монголын шагайн холбооны тэргүүлэгчид болон харваачид оролцлоо.


Энэ удаагийн шагайн тойрмыг Баянхонгор аймаг 2018 оны Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай уялдуулан Ламын гэгээний их ойг угтан зохион байгуулав. Ламын гэгээний тойрмын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих, шагайн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар шагайн харваа дагасан соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилгыг өмнөө тавьжээ.


Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бол 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон байдаг. Харин орон нутагт улсын чанартай тойром өмнө нь хоёр удаа болж байсан. Энэ удаагийн Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тойром гурав дахь нь бөгөөд цар хүрээний хувьд хамгийн том нь болж байна.


“Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулган, шагайн харваанд оролцсон баг, тамирчид үндэсний дээл хувцсаараа гоёж, шагайн харваатай холбоотой өв, соёлыг сурталчлан таниулж байв. Эртний сурвалжуудаас харахад Төв болон баруун аймгуудад Шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсч үрждэг, түүнээс гадна шагайн харвааны сүрлэг сайхан уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг, хүүхэд тогтдоггүй айлд үр заяадаг гэх мэтээр бэлгэдлийн өндөр ач холбогдол өгдөг гэдгийг харваачид хэлж байлаа.


Шагайн хаваа дотроо хоёр төрөлтэй байдаг байна. Хуруугаар харвадаг харваа болон  чавх харвааг энэ удаагийн шагайн тойромд зохион байгуулжээ. 60-аас дээш насныхны дунд зохион явуулдаг чавх харваанд 10 багийн ахмад тамирчид оролцож цэц мэргэнээ сорьжээ. Ахмадуудын дунд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамтач, нийтэч байдлыг дэлгэрүүлэх хүрээнд Баянхонгор аймагт софт волейбол, шатар, ширээний теннис, дартс  зэрэг спортыг хөгжүүлж байна. Тэгвэл эдгээртэй зэрэгцэн үндэсний спорт, тэр дундаа чавх харвааг зохион байгуулсанд ахмад харваачид сэтгэгдэл өндөр байлаа.


Нийтдээ 21 сая төгрөгийн шагналын сантай “Ламын гэгээний шагайн тойром” төрөл тус бүрд эхний зургаан байрыг шалгарууллаа.

 

Чавх харваанд нийт оролцсон 10 багаас зургадугаар байранд Пүрэв ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг , тавдугаар байранд Сандаг ахлагчтай Дундговь аймгийн баг, дөрөвдүгээр байранд Нямдорж ахлагчтай Орхон аймгийн баг, гуравдугаар байранд Эрдэнэчулуун ахлагчтай Дундговь аймгийн баг, хоёрдугаар байранд Батанасан ахлагчтай Өмнөговь аймгийн баг, тэргүүн байранд Ганчулуун ахлагчтай Улаанбаатар хотын баг тамирчид тус тус шалгарлаа. 

Багийн хуруугаар харвах харвааны төрөлд зургадугаар байранд Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг, тавдугаар байранд Нямдалай ахлагчтай Багануур дүүргийн баг, дөрөвдүгээр байранд Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг, гуравдугаар байранд Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг, хоёрдугаар байранд Болд ахлагчтай Төмөр замын баг, тэргүүн байранд Түмэннасан ахлагчтай Төв аймгийн баг тамирчид шалгарч тус тус онч зөв, голч мэргэнээр тодорлоо.  Тэргүүн байрт шалгарсан баг, тамирчдыг найман сая, хоёрдугаар байрт шалгарсан баг, тамирчдыг зургаан сая, гуравдугаар байр эзэлсэн баг, тамирчдыг дөрвөн сая, дөрөв, тав, зургадугаар байрт шалгарсан баг, тамирчдыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.