<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

САЙН САНААЧИЛГА: ЭЕШ-ИЙН СОРИЛГО ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-04-27 13:00 407


Өнөөдөр Баянхонгор аймагт ЭЕШ-ийн өмнөх сорилго шалгалт эхэллээ. Энэ удаагийн шалгалтад аймгийн төвийн ЕБС-ууд, ойролцоох Эрдэнэцогт, Баян-Овоо, Баацагаан, Богд зэрэг сумдын 11, 12 дугаар ангийн 800 орчим сурагчид оролцож байна.

Шалгалтыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Чандмань-Баянхонгор” ХК-ийн захирал Э.Энхбат санаачилж, аймгийн БСУГ, Боловсролын үнэлгээний газар, “Залуу манлайлагчдын төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.  


2018 оны ЭЕШ-ийн дүнгээр Баянхонгор аймаг улсад хамгийн сүүлд орсон нь боловсрол, тэр дундаа ахлах ангийнхны мэргэжил сонголт, тэр дагуу бэлтгэхэд онцгой анхаарах ёстойг харуулсан үзүүлэлт болсон. Нөгөө талаар энэ жилээс улсын хэмжээнд ЭЕШ-ийн тестийг газар дээр нь засч, дүнг тэр дор нь танилцуулах шинэ систем нэвтэрч байгаа юм.  Тиймээс энэ удаад Э.Энхбат энэ асуудалд санаа тавьж, шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн сорилго шалгалтад оролцсонооор төгсөн ангийн сурагчид өөрийн сонгосон хичээлийн дагуу шалгалт өгөх, урьдчилсан байдлаар өөрийн түвшинг тогтоох ач холбогдолтой бол 11 дүгээр ангийн сурагчид ЭЕШ-ийн тест ямар байдаг, түүнийг бөглөхдөө юун дээрээ анхаарах зэргийг таньж мэдэх олон талын ач холбогдолтой болж байна.

Шалгалтад оролцож буй 12 дугаар ангийнхнаас математик, хими, нийгэм, англи хэл, 11 дүгээр ангийн сурагчдын дунд математик, англи хэлээр тус тус шалгалтыг авч байна. Шалгалтын дүнг газар дээр нь засч танилцуулна.

Шалгалтыг санаачилагч Э.Энхбат ”Энэ удаагийн шалгалт нь улсад ЭЕШ-ийн дүнгээр хангалтгүй үзүүлэлттэй байгаа Баянхонгор аймгийн боловсролын түвшинг ахиулах, цэвэр ирээдүй хойчдоо оруулж буй хөрөнгө оруулалт” гэдгийг хэлээд энэ салбарт ямар нэг улс төржсөн зүйл байж болохгүй гэдгийг нэмж хэллээ.


Мөн тэрээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын 16 дугаар их наадмыг зохион байгуулахаар болсныг хэллээ. Энэ удаагийн наадмын хүрээнд Монгол Улсын 1000 гаруй нягтлан бодогчид цугларах аж. 


Сэтгэгдэл үлдээх