<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ШИРЭН ХӨХҮҮРИЙН АЙРАГ, ТӨМӨР БҮРХЭЭРИЙН НЭРМЭЛ ХОЁРЫН “ХАНЬСАЛ”

2017-09-20 14:28 209


Аргалын гарам гэх газрыг зорьсон бид хагас суурьшмал маягийн хот айлд хүрэв. “Нүүдлийн малчдын ахуй ч арай биш дээ” гэлцэн байцгаах зуурт маань нохойгоо хорьж өгсөн айлд орцгоолоо. Баруун хатавчных нь дээхэнэтэйх ширэн хөхүүрт намрын айраг шуугих шиг. Тэрхүү хөхүүрийн ур хийц нүднээ ил. Сүүлийн жилүүдэд малчин айлууд гүүний айргаа хуванцар саванд эсгэснээр амт чанарт муугаар нөлөөлөх болсон юм. Тиймээс хөхүүрийн айраг үнэд орж буй. Гэрийн эзэнд нь хэрэг зоригоо танилцуулан яриа өрнүүлцгээлээ. Тэдний  хөхүүрийг хэн хэрхэн урласан талаар нэг маань тодруулахад “Аав урласан” гэв.Эл малчин залуугийнх бол Завхан нутгаас Дарханыг зорьж, зах зээлдээ ойртон нүүж ирээд 20 гаруй жил болж байгаа Батмягмарын Отгонтөрийнх аж. “Ширэн хөхүүрийг хийхдээ 8-аас дээш насны шар болон үнээний ширийг нойтон дээр нь эсгэж оёдог. Эсгэхдээ ширний хүзүү хэсгийг нь хэц модны дээд талаас уяхаар, дөрвөн шилбэний год хэсгийг хөндлөнгөөр хавсарч тааруулан хөхүүрийн хэлбэрт оруулан эсгэж, нарийн сураар оёдог. Оёхдоо хавсарч буй ширний завсар нийтгэсэн утас даавуугаар хавчуулдаг. Энэ нь оёдлын завсраар айраг асгаруулахгүй гэсэн арга” гэлээ. 100 гаруй адуугаа адгуулан малладаг залуухан гэр бүлийн хувьд хөхүүр хийх аргыг ааваасаа сурч байгаа нь бахархалтай санагдав. 

Малчдын жирийн өдрийн ажлын нэг хэсэг нь цагаан идээгээ боловсруулах юм. Түүний нэг нь тогоо нэрэхтэй таарав.

Б.Отгонтөрийн гэргий Д.Лхам үнээний сүүгээр исгэсэн цагаагаа зуухан дээрх тогоонд хийж, төмрөөр хийсэн бүрхээрээ тавин, дүүжингийн хувингаа зүүж дээр нь жалавчаа тавив. Мөн уур гарахаас хамгаалж бүрхээр жалавчаа ороолтоор ороон галаа өрдлөө. Жалавчаа нэлээн сайн халсны дараа усаа хийдэг гэж тайлбарласан юм. Ийнхүү гурван усны нэрмэл авсан билээ.  Дүүжингийн хувинтай охь архиа ширээнээ тавиад саамандаа гарав. Саамаас орж ирээд нэрмэл архинаасаа галдаа өргөн хадам аавдаа аягалан барив. Дараа нь ирсэн гийчиндээ аягалан барихад “Идээний дээж эрхэм чанартай, архи нэртэй ариун чанартай,сархад нэртэй сайхан чанартай охь шимээ дээжилсэн энэ өрхийнхөн элбэг жаргалаар дүүрэн байхыг ерөөе” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үгээ хэлсэн юм. Тогооноос буулгасан бүрхээрт тогтсон цагааны ээрмийг гэрийн эзэгтэй халбагаар хусан авав. Энэ нь хоолны хачир буюу амтлагч болдог аж. Мөн цагаагаа уутанд юүлж шар сүүг нь шүүн авна билээ. Тэрбээр хоёр дахь саамны дараа цагааг дөрвөлжин хэлбэрт оруулан зориулалтын модны завсар тавиад чулуугаар дарав. Гурав дахь саамны дараа шахаж зэхсэн цагаагаа зүсэж хурууд болгон хатаахаар дэлгэц дээр тавьсан юм.

Цагаанаас шүүж авсан шар сүүг монголчууд бага хүүхдээ өлчир болгоход ашиглана. Шар сүүнд хүүхдээ оруулж, үдийн наранд биеийг нь энэ. Ингэснээр Отгонтөрийн гурван настай хүү шиг монгол хүүхэд эрүүл саруул өсч торнидог.