<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УСАА САНАСАН ШУВУУДТАЙ ХАМТ УУЛСАА САНАН ХҮҮ НЬ ИРЛЭЭ

2019-06-07 20:57 1541

Шувуун булангийн ногоон дэнжид чанга яригчийн дуу цуурайлж, хөтлөгч залуусын уянга яруу дөрвөн мөртүүд хөвөрлөө... Орог нуурынхаа хөвөөнөө байгаль эхийн урласан зүлэг ногоон талбарт аймгийн сүлд хайрхан Их Богд уулын тахилгад оролцох сүсэгтэн олон газар газрын зочид, нутгийн иргэд аль хэдийнээ суудлаа эзэлж, төрийн далбаа намирч, их хөлгөн судрууд ерийтэл өрөгджээ. Гэгээнтэн, хувилгаадын тусгайлан зассан сэнтий хэн хүний сэтгэлийг татаж, нүднээ баясгалантай харагдана. Хурсан олны нүд талын энгээр бэлчиж, хөдөө хээрт алсын зэрэглээ мяралзана. Усаа санасан шувууд Орог нуураар ганганалдаж, уулсаа санасан үрс нууцхан нулимс унагана. 


Удалгүй хөтлөгчид тахилгын хүндэт суудалд суух хүмүүсийг дуудаж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, засаг дарга Г.Батжаргал, тэргүүтэй удирдлагууд, энэ удаагийн Их Богд хайрханы тахилгад хамгийн хол замыг туулан Энэтхэг Төвдийн орноос морилон ирсэн хамгийн хүндтэй зочин болох Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн түүний номын багш ёнзон Түвдэняринпил, Гүшир хувилгаан Данзанчойжинямаа, номын багш ёнзон Дамбадаржаа тэргүүтэй зочид гийчдийг хүндэтгэлийн суудалд урин залж суулгасны дараа Их Богд хайрхан уулыг тайх ёслол эхэлснийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр сүсэгтэн олонд зарлан дуудаж үг хэлсний дараа аймгийн засаг дарга аймгийн сүлд хайрханы тайх ёслолд оролцогсдод хандаж уг хэлснээр тахилгын арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм. 

Их Богд хайрханыг тайх ёслолын эхэнд ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн айлтгал хэлсний дараа Гүшир хувилгаан Данзанчойжинямаа айлтгалаа хэллээ. Ийнхүү Баянхонгор аймгийн сүлд уул Их Богд хайрханы тайх ёслол албан ёсоор эхэлж лам хуваргууд цаст цагаан уулын сан тахилгын судар номыг уншиж, мандал өргөж, даллага авсан юм.

Их Богд хайрханы даллагын бичгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, засаг дарга Г.Батжаргал нар уншиж галд өргөн тэнгэрт даатгахад сүсэгтэн олон тахилагчид гуравтаа хурайлав. Мөн Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт 81 удаа цацал өргөсний дараа аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэнгэрт сумны дуу сонсгох үйлийг үйлдлээ. Тэнгэрийн хүлэг Цагаан морийг Ламын гэгээнтний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн болон аймгийн засаг дарга Г.Батжаргал нар сэтэрлэж сүрэгт нь тавьсан юм. Морь сэтэрлэх үеэр лам нар адууны хийморийн дуудлага да ян гүгийн чог, адуу малын буян хишиг арвижих Намдагсангийн их уншлага, Жамц, Итгэл зэрэг ном уншлаа. 

Тахилгын зан үйл ийнхүү хийгдсэний дараа аймгийн удирдлагууд, ламын гэгээнтний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн, Гүшир хувилгаан Данзанчойжинямаа нар болон хол нутгаас хайрхан уулынхаа тахилгыг зорин ирсэн Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Рэнцэнжүгдэр, хурандаа С.Саадэлэг болон зарим зочид гийчид Их Богд хайрханы оройд байрлах Гэгээн овоог тахиснаар Өнөө жилийн Их Богд хайрханыг тайх үйл ажиллагаа өндөрлөлөө. Мөн хайрханы тахилгын үеэр Шүдлэн, Дааган насны морьд уралдаж, улс аймгийн алдар цолтой 40 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын харцага түрүүлж Н.Золбоо, Д.Батболд үзүүрлэв.

 Мөн тахилгад оролцогсод нум сумын харваагаар цэц мэргээ сорьсон юм. Ийнхүү гэгээнтэн, хувилгаад заларсан өнөө жилийн сүлд уулын тахилга өргөн сайхан болж олон түмний сүсэг бишрэл дор өндөрлөв.

ТАХИЛГЫН ӨМНӨ


Билгийн тооллын зуны дунд цагаан морин сарын шинийн гурваны Балжиннямтай хөх нохой өдөр буюу аргын тооллын зургааны билэгт сайн өдөр Хонгор нутгийн төр захиргааны болон Богд сумын нутгийн захиргааны байгууллага, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн зүгээс аймгийн сүлд хайрхныг тайж, Холбоолж, Орог нуурынхаа лус савдгийг аргадлаа. 

Говь-Алтай нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 метрт өргөгдсөн аймгийн сүлд уул Их Богд хайрхныг тайх ёслол нэг хоногийн өмнө буюу зургадугаар сарын 5-ны өдөр Холбоолж нуурын тахилга, лус аргадах зан үйлээр эхлэв. Аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа аялал жуулчлалын газрын дарга М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн зарим лам хуврагууд Холбоолж нуурын сангийн судрыг бүрэн эхээр нь уншиж аргадан, нууранд зэд өргөв. 

Мөн өдрийнхөө үдэшийн бүрий тасрах үес Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Гон гандан дэдлин хийдийн лам хуваргууд, аймгийн сүлд уул тайх ёс заншилд морилон ирсэн зочин гийчид, Богд, Жинст, Өлзийт, Баянлиг, Баянговь зэрэг сумд аймгийн төвөөс оролцож буй иргэд сүсэгтэн олныг оролцуулсан Долоон бурхан одны тахилгын зан үйлийг үйлдлээ. Долоон бурхан одны хэлбэртэй долоон чулуун овоо босгон сүсэгтэн олныг өөр өөрийн одны чулууны дэргэд суулгаж зул, арц, хүжээ асааж, оддын сан уншиж, идээ ундааныхаа дээжийг өргөн мөргөл үйлдлээ. 

Цаст цагаан уулын тахилга ургах нарны ууган туванаар эхлэв.
Энэ сарын зургаан буюу Билгийн тооллын зуны дунд сарын шинийн гурваны ургах нарны ууган туяа цаст цагаан уул Их Богд хайрханы тэргүүн оргилд мандах үес хүрэл харанга дэлдэж, хун цагаан дунгийн дуунаар тахилгачид хуран цугларч наранд залбирснаар өглөө наран угтах үйл Орог нуурын хээнцэр ганган долгис хээлэн мэлтэлзэх хөвөөний Шувуун булангийн хилэн ногоон дэнжид нар асгаруулан эхэллээ. Удаж төдөлгүй уяхан замба тивийн наран морин хуурын эгшиг айзамд цацалж, уртын дуучин бүсгүйчүүдийн уянгын шуранхай хадаж, лам хуваргууд арц хүжээ асаан, нар сарны тахилгын сан судараа уншиж сүсэгтэн олон өглөө нарандаа залбирлаа. Тэнгэр, лус, уул усандаа сүүн цацалчин настан бүсгүйчүүд өргөлөө үйлдсэнээр нарны тахилгаа өндөрлөв.