<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХӨӨВРИЙН ГОЛЫГ ЦАЛГИАСАН ХОЁР МЯНГАН ТЭМЭЭНИЙ БАЯР

2017-10-11 14:40 45

Д.ДЭЛГЭРСАЙХАН

Уулс үүлс нь цэнхэртсэн уудам налгар говийн чимэг

Ургах нарны өнгийн туяанд ууссан ижиллсэн эрднийн сүрэг 
Хошуу аймгаараа тархан бэлчсэн ламын гэгээний улаан тэмээдээ
Хотол нутаг даяараа алдаршуулан тэмдэглэв ээ

Хонгор нутгаар овоглосон ламын гэгээний улаан тэмээний онцлог байдал, хэв шинж, түүнийг маллах уламжлалт зан үйлийг сэргээж олон нийтэд сурталчлан таниулах, түүнээс гарах ашиг шим, бүтээгдэхүүн үзмэрүүдээр дамжуулан бүс нутгийнхаа аялал жуулчлалын брендийг бий болгох зорилгоор “Ламын гэгээний улаан тэмээний баярыг Аймгийн Засаг дарга, Монгол хан экспедишн ХХК нарын санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба. Баянлиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, , Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Цагдаагийн газраас хамтран 2017 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Баянлиг сумын нутаг “Хөөврийн гол”-д амжилттай зохион байгууллаа.

Баянхонгор аймаг нь тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа хоёрт ордог бол Баянлиг сум аймагтаа 1-рт ордог. Говийн бүсийн сумдад дийлэнх байдлаараа ламын гэгээний улаан тэмээ тархсан байдаг бөгөөд тус тэмээ бүхий сумдын тэмээчид Ламын гэгээний улаан тэмээний баяртаа оролцлоо. Нээлийн арга хэмжээнд МУ-ын хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, өдгөө 1400 орчим тэмээг өдгөө маллаж буй гавьяат малчин Ц.Шинэн нарын тэргүүтэй тэмээн сүргээ маллах арга ухаанаараа олон түмний хүндлэл хайр хүндэтгэл хүлээсэн шилдэг тэмээчид болон Засаг дарга Г.Батжаргал, Монгол Хан экспедишн ХХК-ний захирал Ж.Өлзийбодьжав нар сайхан тэмээгээ унаж оролцлоо.

Энэ зун гантай байсан хэдий ч говь нутгийн хөрс усандаа дасан зохицсон тэмээ тэмээчин гэдэг өл даах чадалтай, өлчир давах чадвартай гэдгээ харуулах мэт налгар шаргал талдаа хоёр өдрийг хөөртэй хөлтэй өнгөрөөлөө.

Тэмээ тэмдэглэнэ гэдэг нь дээх нь үед тэмээчдийн хувьд их чухал зан үйл байжээ. Сайхан өдөр, сайн цаг нарыг сайтар тооцож байж сонгон авч бэлэг дэмбэрэлтэйгээр тэмээгээ гурилдаж тэмдгэлэн баяр хөөр болдог байж. Энэ нь өөрийн тэмээгээ бусад тэмээдээс онцлох, өсгөн үржүүлэх агуулгатай юм байна. Энэ сайхан зан үйлийг үргэлжлүүлэх үүднээс тэмээ тэмдэглэх ёсонг энэ удаа ийнхүү сэргээхийг тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс хүссэн нь олон түмэнд онцгой таатай байж зөв ажил арга хэмжээ гэж дүгнэв.

Тэмээ гурилдах баяр буюу Ламын гэгээний улаан тэмээний баяр нь 
- Сайхан тэмээтэй хос шалгаруулах 
- Хурдан тэмээний уралдаан
- Тэмээн жингийн цуваан 
- Эмнэг тэмээ туйлуулах
- Тором буйллаж, тэмдэглэх ёсон
- Ингэ хөөсөлж, ботго авуулах зан
- Тэмээний тухай тууль хайлах
- Тэмээ өргөх зэрэг төрлүүдээр явагдаж хурсан олныг баярлуулан хараа мэлмийг баясгасан юм. 
Хурдан тэмээний уралдаанд нийт 50 хурдан тэмээ уралдсанаас
Нэгдүгээр байр - Баянлиг сум Б.Түвшинзаяа /Хар тэмээ/ 
Хоёрдугаар байр – Баянговь сум Р.Ганзориг /Хүрэн тэмээ/ 
Гуравдугаар байр - Бат-эрдэнэ /Хар тэмээ/ 
Тусгай байр - Баянговь сум 4-р багийн малчин С.Галт /Бор тэмээ/ 
Баянлиг сум 3-р багийн малчин Ч.Баттулга /Бор тэмээ/ тус тус хурдалж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа


• Сайхан тэмээтэй хосын төрөлд
Нэгдүгээр байр - Баянлиг сум 5-р баг Ж.Данзан, Д.Дашдулам 
Хоёрдугаар байр - Баянлиг сум 3-р баг, Б.Улаанхүү, Даваа 
Гуравдугаар байр - Баянлиг сум 2-р баг Т.Дашдаваа, А.Цэрэндолгор 
Тусгай байранд - Баянлиг сум 3-р баг Л.Хүрэлтогоо, Ганчимэг 
Баянлиг сум 4-р баг Н.Батчулуун, С.Цэрэнчимэд 
Баянлиг сум 2-р баг Т.Даваахүү, Б.Оюунцэцэг нар шалгарлаа
• Тэмээ туйлуулах тэмцээнд эр бяр ид хав нь бүрдсэн 13 залуу тус бүр нэг нэг эмнэг тэмээг сонгон авч туйлуулсан юм. Тэмээ туйлахад тогтвортой байдал, суулт, хугацаа зэргийг нь шүүгчид харгалзан тооцоод
Нэгдүгээр байр - Баянлиг сум 2-р багийн малчин Т.Даваахүү 
Хоёрдугаар байр - Баянлиг сум 3-р багийн малчин М.Түвшинжаргал 
Гуравдугаар байр - Баянлиг сум 2-р багийн малчин Т.Бадамдорж 
Тусгай байр - Баянлиг сум 2-р баг /Эмнэг сургалтын спортын мастер Т.Дашдаваа /, 
Баянлиг сум 3-р баг Б.Эрдэнэсүх нарыг эхний байруудад шалгарууллаа.

Говь нутгийн ангамал хөрс бэлчээртээ үеийн үедээ дасан зохицож амьдарсан говийн тэмээ, тэмээчин гэдэг гадны жуулчдад их л сонирхолтой байлаа. Итали улсаас ирсэн эдгээр жуулчид бол дэлхийн томоохон гэрэл зурагчдын төлөөлөл ба монгол өв соёл, үндэсний уламжлал, ахуй түүхийн замаар танин мэдэхүйн аялал хийж яваа ажээ.

Нүүдэлчдийн ахуй гэдэг өөрөө олон мянган жилийн тэртээгээс улирч улбаалан ирсэн эдүгээ бидний үнэт өв юм. Энэ том өвийн нэг болох тэмээн жингийн цувааг хөдөлгөлөө. Тэмээн жингийн цуваа нар жаргахын алдад уул толгодын орой бэлээр хөтлүүлэн тэшүүлэх нь нар, байгаль эх, тэмээ, тэмээчин дөрвөлийн үлэмжийн сайхан хослол гэлтэй төгс сайхан үзэмжийг бий болгоно.

Энэ баярын үеэр Түүх угсаатны болон байгалийн музейн хамт олон говийн холбогдолтой эртний эд өлгийн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан зэргээр тус арга хэмжээг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд дор бүрнээ л олон ажил арга хэмжээг зохион байгуулж байлаа.
Мобайл технологийн төслийн хамт олон малчдад зориулж иж бүрэн эрүүл мэндийн шинжилгээ хийсэн бол Баянлиг сумын 2-р багийн малчин Цэрэнпилийн Баасанбат өөрийн хийсэн отрын иж бүрэн сууцыг малчин түмэндээ танилцуулав. Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээ, гар урлал, эсгий эдлэл, үндэсний хувцас, Эхийн голын жимс жимсгэнэ, хүнсний ногооны зэрэг үзэсгэлэн худалдааг тус бүр гаргасан бол ХДТ-ын уран бүтээлчид бүрэн хэмжээний концерт тавьсан нь баярын үйл ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын жуулчдад ая таатай байдлыг үүсгэсэн юм.

Монгол хан экспедишн ХХК-аас тус баяр арга хэмжээнд оролцсон 2000 тэмээнд галзуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж өгсөн нь мал малчин хоёртоо хандсан сайн сэтгэлийн хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү таван хошуу малаас тэмээний гол идэш бэлчээр нутаг нь болсон Баянлиг сумын хөөврийн талд 2000 атан тэмээ нэгэн доор цуглаж хүн зон олны сэтгэлийн бахдал дунд Ламын гэгээний улаан тэмээний баяр эхний жилдээ амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Энэхүү баярыг Монгол улсын аялал жуулчлалын бодлого төлөвлөгөөтэй уялдуулан, Баян-Өлгий аймгийн бүргэдийн баяр, ӨМӨЗО-ны Эзнээ хошуунд зохион байгуулагддаг Алтан Тооройн баяр, Өмнөговь аймгийн Элсний баяртай давхцуулан жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдөр Баялиг сумын хөөврийн талд жил дараалан зохион байгуулахаар тогтож байгаа юм.


Сэтгэгдэл үлдээх