<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТАНИЛЦ: БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСӨВ

2017-12-05 13:35 1788

Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Баянхонгор аймгийн 2018 оны төсвийг хэлэлцэн баталлаа. 



Аймгийн төсвийн нийт зарлага 2017 онд  59,1 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 65,5 тэрбум төгрөг болж 6.4 тэрбум төгрөгөөр өссөн  байна.

Үүнд:

·   Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2017 оны нийт зарлага 38.7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 39.9 тэрбум төгрөг болж 1,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулжээ.


·    Орон нутгийн төсөвт байгууллагуудын нийт зарлага 2017 онд 17.9  тэрбум төгрөг байсан бол 2018 онд 18,5 тэрбум төгрөг болж 620.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан байна.


·     Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 2017 онд  2,1 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 3.7 тэрбум  төгрөг болж 1,6 тэрбум төгрөг нэмэгдэж мөн орон нутгийн хөрөнгө оруулалтад 2.9 тэрбум төгрөгийг нэмж баталсан байна. Үүнийг батлагдсан аргачлалын дагуу хуваарилахад Аймгийн ОНХСанд 1,6 тэрбум, сумдын ОНХСанд 1,5 тэрбум төгрөг, Хот тохижилт болон  мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 636.2 сая төгрөг, Орон нутгийн хөрөнгө оруулалт аймагт 2,0 тэрбум төгрөг, сумдад 898,4 сая төгрөг хуваарилагдаж байгаа юм.


·  Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2017 онд 3,9 тэрбум байсан бол 15,7 тэрбум төгрөг болж 11,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

2018 оны төсвийн орлого

 

Аймгийн төсвийн суурь орлогыг Сангийн яамнаас 7,3 тэрбум төгрөгөөр хянасныг 11.6 тэрбум төгрөг болгож 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 9.5 тэрбум төгрөг аймгийн төсөвт, 2,1 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.

 

Хадгаламжийн хүүгийн орлого

УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар шийдсэн. Энэ татварын арга хэмжээний үр дүнд хувь хүний хөрөнгийн орлогод ногдуулах татварын орлого 2018 онд 650.0 сая төгрөг орохоор тооцлоо. Энэ хэмжээгээр сумдын төсвийн суурь орлого нэмэгдэж байгаа.

 

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн саналд үндэслэж тооцлоо. 2018 онд Тусгай зориулалтаар ан агнуулах хүсэлтээр 635,3 сая орохоор байгаа ч төлөвлөгөө БОАЖЯ-наас батлагдаагүй тул 331,0 сая төгрөг орохоор тооцсон.

 

Хандив тусламжийн орлого

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагуудын хандив тусламжийн орлогыг энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2180,0 сая төгрөг орохоор төлөвлөлөө.

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлогоос 550,0 сая төгрөг Үүнд Орон нутгийн өмчийн Кроунд гео ХХК-аас 250,0 сая төгрөг, шламны орлогоос 250,0 сая төгрөг, орон нутгийн өмчийн хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсны орлогоос 50,0 сая төгрөг орохоор тооцжээ.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАГДСАН ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ


Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулал олгоно

Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог 2018 оны төсвийн жилээс нэвтрүүлж, хэрэгжилтийг зохион байгуулахаар Засгийн газраас төлөвлөж, нэг төрийн албан хаагчид 300,0 мянган төгрөг тусгасан. Ингэснээр төрийн албан хаагчдыг идэвх, санаачилгатай, шударга, ажлын бүтээмж, үр дүнтэй ажиллахыг дэмжиж хууль тогтоомжид нийцүүлэн мөнгөн урамшуулал олгох, харин хууль тогтоомж зөрчсөн, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал гаргасан бол зохих хариуцлагыг ил тод, шуурхай тооцож ажиллах нөхцөл бүрдэнэ. 

Сул орон тоонд нөхөн томилгоо хийхэд баримтлах горимыг үргэлжлүүлнэ

Зөвхөн  эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаагийн албанаас хоёр албан хаагч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг албан хаагчийг (2:1) нөхөн томилох, бусад  бүх салбарт нөхөн томилгоо хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмжийн зардал

 “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн дагуу  өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдын насыг 6 сараар нэмэгдүүлж тооцсон. Үүний дагуу 2018 онд төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гарахаар хүсэлт өгсөн зарим албан хаагчдын тэтгэмж хасагдсан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ


 Улсын төсвөөс аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 2017 оны түвшнээс 1,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийн зэрэгцээ 2,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар орон нутгийн суурь зардал дээр нэмж хуваарилсан. Тус хөрөнгөөр төсвийн байгууллагуудын барилга байгууламжийн засвар, техник, тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлд 910,0 сая төгрөгийг тусгасан. Мөн сум бүрт хүн ам, алслалт нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааруулан 898,4 сая төгрөгийг хуваарилсныг сумын ИТХ-аараа хэлэлцэж, сумдын төсөвт байгууллагуудад шаардлагатай автомашин, техник, тоног төхөөрөмжид баталж, санхүүжүүлэх боломжтой.

 

Нэн ядуу, эмзэгт бүлэг чиглэсэн нийгмийн халамжийг  нэмэгдүүлнэ

 

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд үндэслэн одоогийн хамрах хүрээг 2 дахин, тэтгэмжийн хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, 1186.1 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

 

Боловсрол, соёлын салбарын тусгай зориулалтын шилжүүлэг

2018 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт тусгай зориулалтын шилжүүлгээр 39,9 тэрбум төгрөг батлагдсан нь өнгөрсөн оны дүнгээс  1,2 тэрбум төгрөг нэмэгдсэн дүн юм. Тусгай зориулалт шилжүүлгийн дүнг задалж харвал бараа үйлчилгээний зардал өнгөрсөн оны дүнгээс  2,1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Боловсролын чанар, үр дүнг сайжруулах хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх зардалд 87 сая төгрөг, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн хөтөлбөрийн зардалд 28,5 сая төгрөг хуваарилсан.

Шинээр төвлөрсөн дулааны системд холбогдож буй сумдын халаалтын зардал, цэвэр бохир усны үнэ тарифын өөрчлөлтөөс шалтгаалсан тогтмол зардлын өсөлтөд 1,3 тэрбум төгрөг өнгөрсөн оны түвшингээс нэмэгдүүлэн хуваарилав.

 

Нийгмийн салбарын тусгай зориулалтын шилжүүлэг

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төсөвт Нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний зардалд 186,0 сая төгрөгийг нэмж хянуулсан. Ингэснээр орон нутгийн төсвөөс санхүүжиж байсан Хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын зардлын ачааллыг бууруулсан.


Сэтгэгдэл үлдээх