<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ж.АЛТАНЦЭЦЭГ: МАА-д шинэ сорилт, шинэ үе хэрэгтэй

2020-01-27 21:09 358

Монгол Улсын 300 гаруй сум, суурин газарт өрнөж буй аж амьдралын талаар та бид тийм ч сайн мэдэхгүй. Тэнд ямар ажил ундарч, амьдрал өрнөж байгаа талаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэгтэй 2019 оны сүүлээр ярилцсаныг www.khongor.mn сайтаар дамжуулан хүргэж байна. 

2012-2016 онд танай суманд одоогийн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шинэ сум” төсөл хэрэгжсэн. Улс даяар танай сумыг дэд бүтцийн хувьд бүрэн шийдэгдсэн газар гэж ойлгодог. Сумын Засаг дарга болохдоо ажлаа юунаас эхэлж байв?

Засаг дарга болохоос өмнө иргэдтэй уулзаад явж байхад нэг л зүйлийг маш их захиж байсан юм. Хэдийгээр манай суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж бүтээн байгуулалт хийгдсэн хэдий ч 90 жилд бий болсон өмнө нь ашиглаж байсан бүтээн байгуулалтыг өөд татах, ард иргэдийнхээ амьдралд бодит дэм болох ажлыг хийх хэрэгтэй байна гэдгийг онцгойлон хэлж байсан. Тиймээс би сумын Засаг даргаар сонгогдож ажлаа авсан цагаасаа эхлэн баг, хамт олонтойгоо нийлж нэг л зүйлийг хийх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн. Тэр нь юу гэхээр бид иргэдийнхээ амьжиргааг дэмжиж, амьдрах нөхцөл, ажлын байрыг бий болгох, суманд нэн шаардлагатай дэд бүтцийн болон хүний хөгжлийн чиглэлийн ажлыг хийх, суманд 90 жилийн хугацаанд бий болсон барилга байгууламжийг ашиглалтыг оновчтой шийдвэрлэж ард иргэдээ дэмжихэд онцгой анхаарах ёстой гэж үзсэн.

Ингээд  2017 -2018 онуудад дотоод инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг хийсэн нь РМБ компанийн хувийн хөрөнгө оруулалтаар, Хангай нар компанийн зураг төслөөр өөрийн орон нутгийн залуусыг ажиллуулж гүйцэтгэн цаашид 15 жилийн хугацаанд сумын даац хоёр дахин нэмэгдсэн ч даахуйцаар тооцсон инженерийн шугам сүлжээний ажлыг хийсэн. Уг ажил хийгдсэнээр шинэ сумын бүтээн байгуулалтаас гадна  цагдаа, Онцгой байдал, Мал эмнэлэг, , хуучин сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэгүүдийн байнгын тохитой ажиллагаа бий болж, нүүрснээсээ салсан. Энд ажлын байр, амьдрах зориулалттай халаалт бүхий олон байрууд бий болж иргэдэд 2 жил дараалан түрээс дарамтгүй ашиглуулж байна.

Эхний жилдээ л гэхэд 14 ААН, 40 гаруй айлууд нэгдсэн шугам сүлжээнд холбогдож, дулаан байранд амьдрах болсон. Одоогоор бид цэвэр усаа хараахан холбоогүй байна. 2020 ондоо цэвэр усны шугамыг холбоод, үүний дараа бохирын шугамыг холбохоор ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотод амьдарч байгаа юм шиг л ажиллаж, амьдрах боломж бүрдэж байна.


Мөн анх ажил авахад хийх юмсан гэж хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол хогноос салгах байлаа. Бид жил бүр нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 8 гол усаа сэг зэм, хаягдлаас  бүрэн цэвэрлэж сумын төвдөө хогны тэргийг орон нутгийн хөгжлийн сангаасаа авсан төдийгүй хогны мөнгийг ард иргэдээрээ хэлэлцэн тогтоож гэрлийн мөнгөтэй уялдуулах замаар ачигч жолооч, нийтийн цэвэрлэгээний гээд 4 хүнийг ажлын байраар хангаснаар хашаа хороо  хогоосоо салсан.

Мөн 2017 онд нөхөн сэргээлтийн гэрээгээр ажиллаж байсан Эрдэнэ хулгана компанийн шууд хөрөнгө оруулалтаар сумын 90 жилийн түүхэнд бий болсон их хур хог хаягдлыг дарж булшлах ажлыг хийн 60 га талбайг хогоос чөлөөлж бэлчээрт гаргаж чадсан юм. 2019 онд ч хогны карьерийг томсгох дүүрснийг нь булах гм олон ажил хийгдсэн.

Өөр нэг том ажил бол Мянганы замын ажил манай сумаар дайран өнгөрөхөөр яригдаж байсан ч мянгуужингийн үлгэр боллоо гэж сумаараа ярьж байлаа. Тэгвэл энэ бодитоор ажил болж манай сумаар баруун бүсийн хэвтээ чиглэлийн зам тавигдлаа. Одоо 18 км зам үлдсэн. Энэ удахгүй шийдэгдэнэ. Зам дагаж хөгжил гэдэг дээ. Бүх зүйл нүдэн дээр өөрчлөгдөж байна. Өлзийт 3 дугаар багийг шинээр барьж эрчим хүчинд холболоо.

Мөн нэг онцлох ажил бол эрчим хүч. Манай сум эрчим хүчинд холбогдсон байсан. Гэхдээ хөдөөгийн багийн төвүүдийг холбох ажил маш чухал байсан. Нөгөө талаар эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн дүүрэн авч чадахгүй байх асуудал үүсч байсан. Тэгвэл энэ бүхэн бараг бүгд шийдэгдсэн. Манай сум зургаан багтай бол түүний тав нь эрчим хүчинд бүрэн холбогдсон. Мөн Байдрагийн гүүр байнгын тог цахилгаантай болсон. Энэ бол Монгол улсын хэмжээнд дэд бүтцийн хөгжлөөрөө тэргүүлэх сумын нэг болсон гэсэн үг.  

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх сайхан юм. Та бид хоёрын яриа ажил хэрэгч эхэллээ. Ажлыг хийхэд баг, хамт олон чухал шүү дээ. Төрийн албанд ямар шаардлага, стандартыг тавьж ажиллаж байна?

Ер нь Монгол Улс өнгөрсөн хугацаанд төрийн албаны шинэчлэл, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр маш их ажил хийж, тэр хэрээрээ төрийн албаны босго, ажиллаж буй албан хаагчдын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц сайжирлаа шүү дээ. Манай сум ч мөн ялгаагүй төрийн албанд түргэн шуурхай байх, хүртээмжтэй байх, ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл зорилгыг мэдэрч ажиллах гээд олон тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. Хамгийн чухал зүйл бол төрийн бүх  ажил иргэнд үйлчлэхийн тулд байгааг төрийн албан хаагч бүр ойлгох явдал. Тиймээс ажлын цагаар иргэн хэний ч хаалгыг татсан бай хамаагүй, тухайн иргэнд шаардлагатай мэдээлэл, хүсэлтийг биелүүлэхийн төлөө байхыг шаарддаг юм. Ингэсний үр дүнд манай суманд төрийн албан хаагчид маань хийж байгаа ажилдаа эзэн болж, дутуугаа нөхөж, өөрсдийгөө дайчилж ажилласан гэж боддог. Хамгийн чухал нь төр, түмэн олныхоо төлөө сэтгэлтэй байхыг шаарддаг. Энэ сайхан нутгийнхөө төлөө гэсэн сэтгэл гаргахгүйгээр хоноцын сэтгэл гаргах нь өөрөө хамгийн том хор уршиг. Бидний дунд шинэ залуучууд ч нэлээд орж ирсэн. Тиймээс хүнийхээ төлөө, нутгаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Үр дүнд нь манай сумын  үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд аймагтаа эхний байруудад тогтмол орж байна.

Засаг дарга сумынхаа төлөө л нойр, хоолгүй гүйхгүй бол ард иргэд нь шүүмжлээд эхэлдэг амаргүй алба. Та сум, орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татахад их анхаарал хандуулж ажилласан нь өнөөдрийн дүр зургаас харагдаж байна. Сумын хөрөнгө оруулалтын хэмжээ хэр нэмэгдэж байна?

Монгол Улсын эдийн засаг сайжрахын хэрээр сум орон нутагт орох хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд жигд нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд сумын Засаг даргын ажлыг авч байхад Орон нутгийн хөгжлийн санд 17 сая төгрөг хуваарилагдаж байлаа шүү дээ. Өнөөдөр бол манай суманд 100 гаруй сая төгрөг хуваарилагдаж байх жишээтэй. Сумынхаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэхийн тулд дотоод нөөц бололцоогоо шахаж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэйгээ хамтарч сумынхаа боломж, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай сумын уугуул мэргэжилтэй, чадвартай хүмүүс нийслэл болон аймгийн олон салбарт амжилттай ажилладаг. Тэднийхээ боломжийг ашиглах, дэмжүүлэхийн төлөө ажиллаж байж манай хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Энэ бүхний үр дүнд сумын зөвхөн дэд бүтцийн хүрээнд л гэхэд 2019 онд л 34 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Манай Шинэ сум төсөл гэхэд 15 тэрбум төгрөг шүү дээ. Дээрээс нь манай малчдын маань малын түүхий эдээс орж ирэх орлого жилээс жилд өсч байна. Нэг хүнд ногдох ДНБ маш ихээр нэмэгдлээ. Малчид маань хадгаламжийн хувь хэмжээгээ нэмэгдүүлж байна. Сум орон нутаг маань энэ зарчмаар цаашдаа ингэж хөгжинө, ийм зүйл хийх хэрэгтэй юм гэдгээ тодорхойлчихсон байна. Ямар ч байсан ирээдүй гэрэлтэй харагдаж байна даа.


Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр иргэдийн оролцоо нөгөө талдаа нэмэгдэх нь түүний зарцуулалтыг үр дүнтэй болгох нэг чухал үзүүлэлт. Тиймээс иргэд нь төрийнхөө үйл ажиллагаанд ямар төвшинд оролцдог талаар асуумаар байна?

Хуулийнхаа дагуу баг болгон иргэдээс гарсан саналаа эрэмбэлж, тухайн жилд хийх ажлыг тодорхойлдог. Гэхдээ суурин амьдралтай иргэд болон бэлчээрийн МАА эрхэлж, нүүдэллэн амьдарч буй иргэдийн хүсэх зүйл хоорондоо ялгаатай. Ялгаатай байгаа нь  нэг хэрэг боловч яг ижил тэнцүү байдлаар иргэд маань төрийнхөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нь бахархмаар зүйл байлаа.

Хуучин хурал хийхэд иргэд төдийлөн ирдэггүй байсан бол одоо нэг удаагийн хурал, цуглаан 600-1000 гаруй хүнтэй болж байна. Хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, тэр хэрээрээ юу хүсч байгаагаа мэддэг болсон байна. Энд нэг чухал зүйлийг хэлэхэд иргэд маань зөвхөн төр гээд байхгүйгээр өөрсдөө зарим асуудлыг шийддэг болсон. Малчид маань хөрөнгө оруулагч болсон. Нэг жишээ хэлэхэд манай иргэд өөрсдийнхөө үүсгэл санаачилга, хөрөнгө оруулалт болох 20 сая төгрөгөөр сумынхаа бөхийн дэвжээг шинэчиллээ. Гандан хийдээ дулаантай болгох, тохижуулах ажлыг хийлээ. Манай уяачид санаачлан 100 гаруй сая төгрөгийн өртгөөр Хийморийн морьт цогцолборыг санаачлан сүндэрлүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил хийгдсэнээр сүүлийн жилүүдэд манай нутагт хурд эргэж улс аймгийн алдар цуутай уяачид төрж, уяачид хамтран гал болж морио сойж залуус хүүхэд багачуудыг морины соёлтой танилцуулах ажлыг хийсэн. Манай малчид мөн  Хашаа хороогоо засч , тэжээл өвсөө тариалж байна. Худаг уст цэгийг сэргээх, шинээр худаг гаргахад хөрөнгөө зарж  байна. Иргэн болгон өөрийнхөө амьдралын сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэл гаргаж байна. Нийслэл, болон бусад аймагт байгаа нутгийн зөвлөлийнхөө үйл ажиллагааг дэмжиж малчид маань хандив өгдөг болсон байна. Үйл ажиллагааг нь дэмждэг болсон.

Иргэд маань ийм идэвхтэй санаачилгатай байхад бид ч мөн хичээж ажиллах шаардлагатай шүү дээ. Газар бүрт амьдран суугаа нутаг нугийн уугуул иргэд ч сумынхаа хөгжилд анхаарлаа хандуулж хэлж зөвлж оролцож байгаа нь сайшаалтай.

Та бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Мөн тантай хамт ахиад нэг төлөөлөгч сумаа төлөөлж аймгийн ИТХ-д байдаг. Та бүхэн төлөөлөгчийн хувиар бодлогод оролцох, хамтарч шийдвэр гаргах давуу тал байдаг байх даа?

Иргэдийн хувьд зөв хүнээ өөрсдийн илч, төлөөлөгчөөр сонгох явдал аль ч засгийн үед маш чухал байдаг. Аймгийн ИТХ-д манай сумаас хоёр хүн сонгогдсоны нэг нь би, нөгөөх нь Б.Энхтүвшин. Бидний хувьд хоёулаа энэ нутагт бага насаа өнгөрөөж, энэ нутгаасаа жигүүрлэж ажил, амьдралд гарсан хүмүүс. Тийм ч болохоор нутгийн маань иргэд итгэл үзүүлж биднийг сонгосон гэж боддог. Хүний итгэлийг дааж, түүнийг зүтгэлээр хариулах нь хамгийн чухал гэж би боддог. Тэр утгаараа бид хоёр хурлын үйл ажиллагаанд зарласан цагт томтмол оролцсон. Сум, орон нутагтаа хоёр зүйлийг хийхээр сонгуулийн үеэр амлаж байсан. Нэг нь олон жил урагшлаагүй замын ажил. Үүнийгээ дэмжүүлэхийн төлөө зүтгэсний хүчинд замын ажил амжилттай хэрэгжсэн. Олон жил манай сумынхан соёлын үйлчилгээ авч чадахгүй явлаа шүү дээ. Тэгвэл энэ онд суманд маань орчин үеийн, стандартын соёлын төв ашиглалтад орох гэж байна. Бид хийсэн ажлаа байнга ард иргэддээ тайлагнаж, тэднийхээ саналыг сонсож ирлээ. Наад зах нь сумынхаа залуу гэр бүлийн андгай тангараг өргөх ёслолыг жил бүр зохион байгуулж байна. Ингэснээр улс, нийгмийн суурь болсон гэр бүлийн үнэ цэнийг өргөх, нийгмийн тотвортой хөгжлийг хангахад анхаарсан ажил төдийгүй аливаа орон нутгийн хөгжил дан ганц бүтээн байгуулалтаар хэмжигдэхгүй хүний хөгжлөөрөө хэмжигдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож сүүлийн жилүүдэд хүнрүү чиглэсэн олон үйл ажиллагааг сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгч нар, байгууллагуудтайгаа хамтран хийж ирсэн.


Бид хоёр Бууцагааны багачууд байсан. Нутгийн хүүхдүүд зугатаж алга болоогүй. Хэлснээ хийлээ. Манай нутгийнхан ч ийм зан чанартай.

Бид 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихдээ  4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө гарган танилцуулж ард түмэн хэрэгжүүлэх эрхийг багаар нь олгож аймгаас гадна сумын 16 төлөөлөгчийг  сонгосон юм.  Бид ч амлсанаа хэрэгжүүлж байна. Алдаа ч бий оноо ч бий . улс төрийн намын даргын хувьд ч тэр, гүйцэтгэх засаглалын бодлого хэрэгжүүлэгч хүний хувьд ч тэр  худлаа хэлээгүйдээ , ярьсанаа хэрэгжүүлсэндээ баяртай байгаа.

Миний хувьд эмэгтэй төлөөлөгчийн хувиар эрүүл мэнд, боловсролын чиглэлд анхаарч ажилласан. Тухайлбал, эмийн эргэлтийн сан, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх иргэдийн оочерь дарааллыг яах вэ гээд олон асуудал байна. Дангаараа хүрэхгүй асуудал байвал эмэгтэйчүүдтэйгээ нэгдээд асуудлыг шийдвэрлэхийн төлөө л явж байна.

Танай сум зургаан багтай. Тэгэхээр яриагаа сумын төв болон хөдөөгийн баг гэж зааглаад яриагаа үргэлжлүүлье. Сумын төвд аж төрж байгаа иргэдийн хувьд ажлын байр маш чухал байдаг. Эдгээр иргэдийнхээ төлөө ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

Өнгөрсөн цаг хугацаатай харьцуулахад хамгийн оргил ажлын байр бий болгосон гэж өөрийнхөө ажил хариуцаж буй энэ цаг хугацааг хэлмээр байна. Миний ажиллаж буй энэ хугацаанд маш их бүтээн байгуулалт бий боллоо. Энэ бүхэнд сумын иргэд ажиллах хүчнээр ажиллаж, өөрсдийн хүч хөдөлмөрөө зориуллаа. Түүнийхээ үр шимийг хүртлээ. Орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлсэн ажилдаа хүртэл сумынхаа иргэдийг оруулж ажиллуулсан байна. Манайд ОБЕГ-ын харьяа Аврах анги байгуулагдахад бид бие бүрэлдэхүүний  50-аас доошгүй хувийг өөрийн сумын иргэдээс авч оруулах шаардлага тавьж, үүнийгээ хэрэгжүүлсэн. Төрийн зүгээс улс орны хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, бодлогын хүрээнд ч олон хүн ажлын байртай болсон. Нийтдээ 90 гаруй хүнийг энэ хугацаанд байнгын болон улирлын ажлын байраар хангажээ. Олон Улсын байгууллагын хүч нөлөө ч их байлаа. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллагад хандан санал санаачилга гаргаж хөөцөлдөн Говийн малчдын амьжиргааг дээшлүүлэх тусгай төсөлд орж чадсан. Үүний үр дүнд 39 өрх , аймаг сумаас 12, улаан загалмайн идэвхтэн малчдынхаа дэмжлэгээр 20 гаруй өрхийг малжуулжээ. Бас малчид маань өөрсдийн санаачилгаар мал цөөнтэй айлуудыг жил бүр малжуулж ирсэн. Манай малчид 3 жилийн хугацаанд 40 гаруй  айлыг 1900 гаруй малаар малжуулж нэг нэгэндээ дэм болсон.  Мөн барилга байгууламж шинээр барих, дотоодын ажил арга хэмжээ бүхэнд өөрсдийн иргэдийг ажиллуулж,  одоо ажилгүй иргэн  бараг л байхгүй болсон.