<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.ЭНХТҮВШИН: АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛНО ГЭДЭГ АЛБАН ТУШААЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АСАР ИХ ИТГЭЛ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

2018-02-05 11:15 832


Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бэгзсүрэнгийн Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Бууцагаан сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Мөн Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн төлөөлөгчийн газрыг хариуцан ажиллахын зэрэгцээ аймгийн шагайн холбооны тэргүүний сонгуульт ажилтай завгүй нэгэн.

Тантай уулзаж, ярилцах болсондоо олзуурхаж байна. Тантай ярилцахын өмнө таны ажлын талаар судалж үзэхэд та их завгүй байдаг бололтой. Их ажлыг хэрхэн амжуулж байна даа?

Хийнэ, чадна, болгоно гэж ажил хариуцаж авсан болохоор түүнийхээ ард гарахын төлөө хүн өөрийгөө дайчлах ёстой л доо. Тэр зарчмын дагуу л явж байна. Ер нь хүнд сурсан зүйл байдаг юм бол түүнийгээ зориулах зорилго байх хэрэгтэй. Тэр утгаараа миний хувьд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажил амьдралын туршлагаа нутгийнхандаа зориулая гэж шийдээд  аймгийн ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон.

Төлөөлөгч болсноор юу хийсэн бэ гэж хүмүүс асуугаад эхэлчхэж. Жил гаруйн хугацаанд тойргийнхоо суманд 200 гаруй сая төгрөгийн бодитой хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Нөгөө талаар МАН-ын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажил, арга хэмжээнүүдийг амьдралд буулгаж, хүнд нь хүргэхийн төлөө л ажиллаж байна. Эдгээр арга хэмжээн дотор манай Бууцагаан сум руу чиглэсэн олон ажил бий. Тухайлбал миний сонгуульд нэр дэвшихдээ Бууцагаанчууддаа амлаж байсан хоёр амлалт байдаг. Сүүлийн арваад жилд тавигдаагүй байсан замын асуудлыг хөөцөлдөж тавиулах, 2008 онд шавь нь тавигдаад өнөөдрийг хүртэл баригдаагүй сумын соёлын төвийн барилгыг 2018-2019 оны хооронд барьж, ашиглалтад оруулая гэсэн зорилт юм. Энэ маань ажил болж, асуудлууд ар араасаа шийдэгдэж байна. Мэдээж хэрэг бүгдийг нэг дор шийдэх бололцоо байхгүй. Гэхдээ амласан бол хэрэгжүүлдэг, хэлсэн бол хийдэг байхын төлөө ажиллаж байна.


Хөдөөд ажлын байр хамгийн ихээр үгүйлэгддэг. Жилийн жилд л яригддаг уг асуудлыг танай Бууцагаан суманд ямар байдлаар шийдэж байна. Шинэ сум төсөл хэрэгжсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой хуучин барилгууд суларсан шүү дээ?

Сумын Засаг дарга Ж.Алтанцэцэгтэй ярилцаад эмнэлгийн хуучин барилгыг 20 гаруй сая төгрөгөөр засварлаж уг байранд сумын тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд цайны газар, зочид буудал, үсчин гоо сайхан, модны цех зэргийг нээн ажиллуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Мөн хуучин Тамгын газар байсан барилгыг махны үйлдвэрийн чиглэлээр ажиллуулахаар болж хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Гэвч урд хөрш маань мах гаргахгүй байгаагаас үүдээд ажил удаашралтай байгаа юм. Аймаг энэ ажилд бодлогын дэмжлэг үзүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагтай нэг сая толгой мал мах нийлүүлэх гэрээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал гарын үсэг зурсан. Хоёр улс, аймгийн хооронд тохиролцсон уг ажил эхлэхэд Бууцагаан сумын махны үйлдвэр шууд ажиллаад явна.

Нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн барилгууд эзгүйдэж, гадны нөлөөтэй эвдэрч муудах нөхцөл үүсээд байсан юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн холбогдох хүмүүстэй нь уулзаж үүрэгжүүлэх замаар эзэнтэй болгосон. Цаашдаа яах вэ гэдэгт нь ч санаа тавьж байна.

Тухайлбал?

Би Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн төлөөлөгчийн газрыг хариуцаж ажилладгийн хувьд бизнесийн хүрээнийхэнд тодорхой саналуудыг тавьж байна. Манай Бууцагаан сум руу зам тавигдаж байна. Дэд бүтэц хөгжихийн хажуугаар байр сав нь бэлэн байгаа учраас Бууцагаан суманд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, бизнес хийгээчээ гэсэнэ саналыг олон хүн нааштай хүлээж авсан. Зам тавигдаад дуусахад эдгээр хүмүүс хөрөнгөө Бууцагаанд оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Хөрөнгө орж ирж, ажлын байр олноор бий болоод ирнэ гэдэг сумын маань хөгжил, хүн ардын амьдралд л хэрэгтэй зүйл шүү дээ.

Зам яг хэдийд ашиглалтад орно гэж тооцсон бэ?

Гүйцэтгэгч компанийн зүгээс 2019 оны хоёрдугаар улирал гэсэн хугацааг хэлсэн. Гэхдээ аймгийн Засаг дарга болон бидний зүгээс 2018 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах саналыг тавиад байна. Энэ жил газар шороо, далангийн ажил 90-ээд хувьтай хийгдсэн. Тэгэхээр ирэх онд ямар ч байсан Бөмбөгөр хүртэлх зам бүрэн тавигдчих юм гэж харж байгаа. Энэ бол манай сумын төдийгүй баруун аймгуудын хувьд таатай мэдээ.

Та бол төлөөлөгчийн хувиар Бууцагаан сумын иргэдийн илч. Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг хариуцдагийн хувиар аймгийн 80 гаруй мянган хүний эрх ашигтай ч таны ажил шууд утгаараа холбогдоно. Хөдөөд хандсан ажлын тань цар хүрээ, үр дүнг сонирхмоор байна?

Баянцагаан, Бууцагаан, Баацагаан, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал сум, аймгийн төвийн хэд хэдэн багуудад өнгөрсөн жил хүрч ажиллалаа. Хүрч ажиллана гэдэг нь аль болох олон хүний ажил, амьдралтай танилцаж, аль нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг олж мэдэх, улмаар тухайлсан ажил, арга хэмжээг зорилтод бүлэгт хандаж хийх явдал юм.

Төрөөс гарах төсөв мөнгө, хэмжээтэй, хязгаартай. Тэгэхээр нийгэм рүү чиглэсэн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад хувь хүний санал, санаачилга их чухал байдаг. Өнгөрсөн жил өөрийн хөрөнгөөр Баян-Өндөр суманд тэмээний баярыг зохион байгууллаа. Уг баярын хүрээнд тэмээний чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээ дагасан нүүдэлчдийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөдөөгийн иргэддээ соёлын үйлчилгээг хүргэх гээд олон талын ажил, арга хэмжээ өрнөсөн. Энд аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцож, малынхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр малчдад сургалт, арга зүйн зөвлөгөөг өгсөн нь үр дүнтэй болсон.

Мөн Баянцагаан сумын Засаг даргын хүсэлтээр тус сумын 100 гаруй ахмадуудыг баярлуулж, тэдэнтэйгээ нэг өдрийг өнгөрүүлж, сургамж сургаалыг нь сонслоо.

Баацагаан сум бол миний ээжийн төрсөн нутаг. Ээж маань нутаг усаа шүтэж, түмэн олонтойгоо ойр явахыг үргэлж надад захидаг юм. Тэр утгаараа өнгөрсөн жил Баацагаан суманд 20 гаруй тонн нүүрсийг үнэгүй иргэддээ өгсөн. Энэ жил энэ хэмжээг нэмэгдүүлж 40 тонн болгосон.

Ер нь дулаан явбал мянган лан гэдэг шиг өвлийн хүйтэнд түлэх түлшгүй суугаа хүмүүстээ илч бэлэглэе гэж зориод гурван сум, аймгийн төвийн гурван багт 400 тонн нүүрс өөрийн хөрөнгөөр өгч байна. Өнөөдөр бид ядарч, эрээнтэй бараантай өдөр хоногийг өнгөрөөж байж болно. Гэхдээ галын дөл өөдөө гэдэг шиг бүгдээрээ хамтдаа зүтгээд нутаг орондоо хүн бүр сайхан амьдрах болно  гэдэгт би эргэлздэггүй. Түүний төлөө ч ажиллаж байна.

Эд материалын дэмжлэг нэг удаа хэрэглэгдээд дуусдаг. Харин эрдэм мэдлэг, эргээд ашиг шимээ өгөх хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгч, өсч үрждэг жамтай.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт миний нэг санал тусгалаа олж ажил болоод явж байгаа нь Төрийн торон сүрэг хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Баянхонгорын шилмэл омог Эдрэнгийн цагаан ямааны 20 ухныг авч, Бууцагааныхаа малчдад өгсөн. Удахгүй Баян-Өндөрөөс хоёр буур авч 12 дугаар сард сумынхаа тэмээчдэд өгөхөөр ажиллаж байна.


Таны ярианд өнгөрсөн хугацаанд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан тухай дурдагдсан. Энэ хүрээнд дээрх ажлууд багтсан нь мэдээж. Түүнээс гадна ямар ажил, арга хэмжээг зохион байгуулсан бэ?

Миний баримталдаг зарчмын нэг нь ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт, ажил арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллахыг чухалчилдаг явдал. Тодруулбал, оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, өөрийнхөө жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесээ эхлэх гэж буй залууст хөрөнгө оруулах, зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардалд туслах гээд олон зүйлийг хэлж болно.

Би залуу байхдаа спортоор идэвхтэй хичээллэдэг байсан. Тэр утгаараа ч юм уу залуусыг дэмжиж, тэднийгээ нягтруулж, нэг баг хамт олон болгож, эргээд нутаг орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгохын төлөө мэрийлт гаргадаг. Бууцагаан сумын оюутан залуусын спорт өдөрлөг, тэмцээнийг сүүлийн дөрвөн жил дараалан зохион байгуулж байна. Өнгөрсөн жилээс бусад сумдын залуус уг тэмцээнд оролцох санал тавьсан учраас тэмцээн маань өргөжиж энэ жил л гэхэд 8 сумын 20 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон томоохон тэмцээн боллоо. Энэ тэмцээн уралдааныг зорин ирсэн залуус үзэл бодлоороо, хүсэл зоригоороо нэгдэж, найз нөхөд болоод эргээд нэгнээ гэдэг сэтгэлтэй, хоорондоо холбоотой болон үлдэж байна. Ийм хамт олон, ийм залуус л эргээд нутаг орондоо эзэн сууж, өрх гэрээ, аймаг орон нутгаа авч явна шүү дээ.

Та Улаанбаатар хотод амьдардаг хүн. Өмнө нь манай сонгогчид холын хүн сонгочхоод “хоосон” хоцорсон тохиолдол ч цөөнгүй бий. Харин таны хувьд аймагтаа байнгын амьдардагч ард иргэдийнхээ төлөө хөдөлдөггүй төлөөлөгчдийг айлгаж байгаа ажилсаг төлөөлөгч гэж хэлж болохоор байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Миний гэр бүл, бизнес Улаанбаатар хотод байдаг боловч иргэний үнэмлэхний маань хаяг одоог хүртэл Бууцагаан сумаараа явдаг. Би энд нэг л зүйлийг тодруулж хэлмээр байгаа юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болно гэдэг албан тушаал гэхээсээ илүү асар их итгэл, үүрэг хариуцлага. Бүхэл бүтэн сумаараа танд л итгэж байна, та л бидний төлөө ажиллаж чадна гээд сонгочхоод байхад усанд хаясан чулуу шиг сонгогдож аваад алга болчихвол юу болох вэ. Тийм ч учраас өмнө танд хэлсэнчлэн амласан бол биелүүлж, хэлсэн бол хийхийн төлөө л ажиллах ёстой. Би сумандаа сардаа нэгээс гурван удаа ирэхийг боддог. Үнэндээ зарим завгүй сардаа ирж амжихгүй тохиолдол гарна. Хийе гэсэн хүнд арга, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог гэдэг шүү дээ.


2016 оноос хойш иргэд хөдөлмөрчид, малчдаараа гурав дахь удаагаа тойрч, тэднийхээ санал бодлыг сонсч ажилласан байна. Ганцхан багаар орж амжаагүй. Нөгөө талаар заавал суманд ирж ажиллах биш сум орон нутгаасаа Улаанбаатарыг зориод очсон хүмүүстээ тус дэм болохыг эрмэлздэг. Одоогийн байдлаар сумынхаа 7 хүүхдийг ажлын байранд зуучилж, ажил, амьдралтай нь залгууллаа. Нутгийнхаа залуустай хамтраад Алтан нутгийн бэр арга хэмжээг зохион байгуулж, шинээр гэр бүл болсон 26 гэр бүлийн андгай өргөх ёслолыг зохион байгууллаа. Настнуудаа амрач, сувилуулахад нь дэмжлэг үзүүллээ.

Төлөөлөгчийн газрыг зорьж Баянхонгорчууд хэр очдог вэ?

Ер нь энгийн иргэдээс эхлээд аймгийн удирдлагууд гээд бүхий л хүмүүс манайд ханддаг. Өвдөж зовсныг нь эмнэлэгт зуучлах, аймаг, орон нутагтай холбоотой бичиг цаас, яам, тамгын газраар хөөцөлдөх ажил гээд бүхий л зүйлд манай газар хүчин чармайлт гарган ажилладаг. Бидний өнгөрсөн жилийн хугацаанд оролцож зохион байгуулсан томоохон ажил бол Баянхонгор Хөрөнгө оруулалт-2017 зөвлөгөөнийг зохион байгуулсан явдал. Уг ажил арга хэмжээг зохион байгуулснаар Баянхонгорын талаарх хөрөнгө оруулагчдын ойлголт, хандлага өөрчлөгдөж, баянхонгор аймгийг бизнесийн шинэ орон зай, таатай орчин гэдгээр хүлээж авах болсон нь хамгийн том ололт юм. Эхнээсээ хөрөнгө оруулалтууд хийгдэж Нармон ХХК аялал жуулчлалын салбарт 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Өмнө миний ярианд дурдагдсан Бууцагааны махны үйлдвэр нь уг зөвлөгөөний нэг үр дүн. Өөр олон ажил арга хэмжээнүүд судалгааны, хөрөнгө оруулалтын түвшиндээ явж байна.

МАН олонх болсон дөрвөн жил үргэлжилж байна. Та бүхэн хэр нэгдэж, хамтарч ажиллаж чадаж байгаа талаарх таны байр суурийг сонирхмоор байна?

Олонхийн дуу хоолой хүчтэй, гаргасан шийдвэр нь оновчтой, тэр хэрээрээ далайцтай олон түмний дунд бодит өөрчлөлт, дэвшил авчирсан байх ёстой. Тэр утгаараа миний хувьд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт өөрийн байр суурь, санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг зоридог. Нөгөө талаар аймгийн ИТХ өөрөө бодлого боловсруулж, шийдвэр гаргах томоохон бүтцийн хувьд нийлж нягтрах, зөвшилцөж ойлголцох нь чухал шүү дээ. Тиймээс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажилладаг. Мэдээж санал зөрөх асуудал гарна. Тэр болгонд зөвшилцөж, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө л ажиллаж байна.

Нэг үгээр хэлбэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин гэдэг дөрвөн жилийн дараа хүн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн амласан амлалтдаа хүрсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй сууж байхын төлөө ажиллаж байна.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх