<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

М.МӨНГӨНЦЭЦЭГ: ЦЭВЭР АРИУН БОДОЛ, ЦЭГЦТЭЙ, ЗӨВ ЗОРИЛГООС АМЬДРАЛ ЭХЭЛДЭГ

2019-06-10 11:48 1420


Овог нэр: Мухлааш Мөнгөнцэцэг          

Мэргэжил: Инженер

Эрхэлдэг ажил: Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооны дарга

Сонгуульт ажил: Баянхонгор аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч


www.khongor.mn мэдээллийн сайтын “Залуус- үзэл бодол” ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор бид Баянхонгор аймгийн түүчээ залуусын нэг Мухлаашийн Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр тус аймгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэм, улс төрд хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл юм.


ЭЭЖ БОЛОХ ХУВЬ ЗАЯА ИХ СПОРТООС АУГАА ЗҮЙЛ

Танд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье.

Баярлалаа. Танд болон танай мэдээллийн сайтыг шимтэн уншигч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Урьсанд баярлалаа.

Таныг Баянхонгор аймгийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байхаас хүмүүс мэддэг. Тэгвэл иргэн Мөнгөнцэцэг гэж хэн болох талаар яриагаа эхлэе. Бага насны дурсамж, гэр бүл гээд ярих зүйл их байгаа байх?

Би эхээс дөрвүүлээ. Айлын гурав дах хүүхэд. Аав маань алтан шар замтай амьдралаа холбосон Мухлааш гэж сайхан хүн байлаа. Ээжийг маань Сумъяа гэдэг. Одоо тэд хамтдаа эхлүүлж байсан Авто-18 жолооны сургалтын төвөө ажиллуулаад явж байна.

Миний хүүхэд нас тэр үеийн хүүхэд залуусын нэгэн адил л өнгөрсөн. Нэг өөр зүйл нь бөмбөг. Түүнийг дагаж ирсэн нөхөрлөл, ухаарал, тэсвэр хатуужил.

Бид чинь зуны амралтаараа хөдөө өвөө эмээ дээрээ очдог байлаа. Аав ээжийнхээ захиасыг биелүүлж ахмадын үгийг алт гээд л хөдөөгийн цаг наргүй их ажлаас нугалалцаж өнгөрөөнө. Эргээд бодоод байхад хүүхэд ахуйн тэр үед тэсвэр тэвчээртэй, шулуун шударга байхыг, эхлэсэн ажлаа заавал дуусгаж байхыг сургасан байдаг юм.  Тийм ч учраас өдийг хүртэл хувь хүнийхээ хувьд зөв төлөвшилтэй гэж өөртөө сэтгэл өндөр байдаг.


Бага насныхаа тухай ярих болохоор яах аргагүй волейболын тухай ярих гээд байдаг юм. Би энэ  спортод маш их хайртай. Миний хүүхэд насны ихэнх цаг хугацаа бөмбөгтэй холбоотой. Заримдаа аав ээждээ хичээл хийхгүй шир хөөгөөд гээд л загнуулна. Сүүлд нь бодоход аав, ээж, ах маань яг үнэндээ энэ спортоор хичээлэхэд тал талаас сайн дэмжлэг нөлөөлөл үзүүлсэн байдаг юм. Тиймдээ ч эд тоглож байх үедээ олонд танигдсан болов уу. Энэ спорт амьдралд минь олон гэгээлэг зүйлийг бэлэглэсэн. Бөөн аз жаргалтай дурсамжаар дүүрэн цаг үеийг надад мөнхөлж өгсөн. Одоо ч нүдэнд харагдаж байна. Аав ээж хоёр маань тэмцээн болохоор үздэг нэг л суудаг газартаа хамт сууж эхнээс нь дуустал дэмждэг байсан. Заал руу  орох болгонд тэр дүр зураг нүдэнд харагдаж, бодогддог. Аав, ээж гэснээс манай гэрийнхэн, тэр бүү хэл  хүргэн, бэргүй бүгд тоглоно. Гоё байдаг шүү.

-Яагаад спортын карериа үргэлжлүүлээгүй юм бэ?

Спортын карериа үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа ш дээ/инээв/.  Спорт өөрөө залуу насных. Миний хувьд эд насан дээрээ гэдэг шиг, амжилттай явж байх үедээ амьдралынхаа хамгийн баяр баясал утга учрыг олсон. Нэгдүгээр курс төгсөх жилээ хөөрхөн охинтой болж хавь ойрынхоо хүмүүсийн нүдийг бүлтийлгээд гайхширалд оруулчихсан хүн дээ, би. Тухайн үед их сургуульд орж хотод сурахаар явахдаа Монголросцветмэт ТӨҮГ-ын “Уурхайчин” багт орж байсан. Лигт тоглож амжаагүй ээж болсон. Ээж болох хувь заяа их спортоос аугаа зүйл шүү дээ.


Тухайн үед миний өмнөөс харамсаж байсан хүмүүс олон байсан. Гэхдээ цаг хугацаа юу чухал, юу үнэ цэнэтэй вэ гэдгийг тодруулаад өгдөг. Одоо тэдгээр хүмүүс намайг хараад чиний зөв байжээ, жаргаж байгаа биз дээ, атаархаж байна гэж нуулгүй хэлдэг. Охин маань том болчихоор би гэр орны ажил барагтай бол хийдгүй ш дээ ажиллах цаг зав гаргаж өгдөг дөө ар гэрийнхэн маань. Тэр цагаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг найз нөхөдтэйгөө өрнүүлэн, нам улс төр, олон нийтийн ажилд зарцуулаад явж байна. Хүний амьдралд зурагдсан зураг гэж байдаг байх. Тийм гэж итгэвэл тэр зураг маань намайг одоо илүү нийгмийн шинж чанартай ажилд цаг заваа зарцуул гэж байна.

Спортын хувьд аймаг орон нутаг, улсад байгууллагынхаа систмийн тэмцээний тамирчин болсон. Тоглоод л явж байна. Магадгүй манай хүүхдүүд ирээдүйд амжилт, алдрын замаар явж аав, ээжийгээ баярлуулах байх.  

Миний охин чинь ээжийгээ ид залуухан  тоглодог байхад ирсэн бурханы хишиг юм даа. Одоо охин маань хэрсүү том хүн шиг гэж жигтэйхэн. Манай нөхөр хоёр эхнэртэй хүн шиг л байдаг юм.

Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

Намайг хүүхэд байхад тухайн үеийн холбоочид хамгийн өндөр цалинг авдаг,  хангамж сайтай талаар амтай болгон ярьдаг байсан. Аав тухайн үед Холбооны газар шуудангийн жолоочоор ажиллаж байсан. Тэмцээн уралдаанд аав минь баг тамирчдыг улсын тэмцээн уралдаанд их авч явна. Волейболын спортоор холбооны ах эгч нар аймагтаа мундаг нь байлаа. Тэднийг хараад их л гоё санагдана. Тэр үеэс холбоочин болох хүсэл төрсөн. Хүсэл мөрөөдлөө дагаад Шинэжлэх ухаан технологийн сургуулийн Холбоо мэдээллийн техникийн их сургуульд элсэн орж байсан. Тэгэхээр ямар нэг байдлаар эргэлзэж тээнгэлзсэн зүйл байсангүй. Хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа сурсан.

Их сургуулиа төгсөөд өөр газар ажиллаж амьдарч болох байсан шүү дээ. Яагаад нутагтаа ажиллаж, амьдрахаар сонгосон бэ?

Хотод мэргэжилийнхээ дагуу ажиллаачээ гэдэг санал ирсэн л дээ. Гэтэл нөхөр бид хоёр охиноо дөнгөж  11 сартайд нь хөхнөөс нь гаргаад аав ээж дээрээ үлдээчихсэн байдаг. Би чинь өөрийгөө өсгүүлээд зогсохгүй охиноо хүртэл өсгүүлж байна гээд бодох зүйл их байжээ. Дээрээс нь аав ээжийгээ сургалтын төлбөрийн хажуугааар замын зардалаар их шатаана. Эх хүн л юм болсон хойно охиноо асуугаад өдөр бүр ярина. 7-14 хоногт найдвартай нэг удаа  5 дахь өдрийг дайруулааад аймаг руу явчихна. Нэг дэх өдөр бэлэн байхаар хичээлээ зохицуулаад л гараад давхичихна. Улаанбаатар Баянхонгор чиглэлийн зам сайхан болоогүй үед нилээд явсан шүү. Өөрсдөө бага залуу, дээрээс нь үр хүүхдээ санах хэцүү. Тэгээд л яараад нутагтаа ажиллаж амьдрахаар болсон доо.