<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.ЭНХТҮВШИН: 2018 ОНД 220 ХОНОГИЙГ АЙМАГ, СУМАНДАА ӨНГӨРҮҮЛСЭН

2019-02-19 17:16 822

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭНХТҮВШИНТЭЙ ЯРИЛЦЛАА.

 

 


Сар шинийн баярын дараа таньтай уулзаж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар нохой жилийг дүгнэвэл та юу хэлэх вэ?

 

-2018 он, нохой жил миний хувьд ажил, амьдралын хувьд сайхан жил болж өнгөрлөө. Ард иргэдтэйгээ ойр дотно хамтарч ажиллалаа. 2018 он манай Баянхонгор аймгийн хувьд, тэр тусмаа Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр сумдын хувьд зуншлага оройтож болсноос малчид, хөдөлмөрчид зутруухан байлаа. Хаа очиж долдугаар сарын 20-ноос хойш наймдугаар сарын эхээр бороо хур орж зуншлага оройтсон ч сайхан болсон.

 

Би Баянхонгор аймгийн Иргэдийн хуралд Бууцагаан сумаас сонгогдсон төлөөлөгч. Сумынхаа иргэд, хөдөлмөрчидтэй нэлээн ойр дотно ажиллалаа.  Манай сумын 200 гаруй  айл гурван аймгийн 10 гаруй суманд отор нүүдэл хийж өвөлжиж, хаваржиж, намаржлаа. Хангайн бүсийг хариуцаж гурван удаа тойрч, малчид, иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсож ажилласан. Нөгөө талаар малчдынхаа оторлож байгаа сумдын удирдлагуудтай уулзан хөөлгөж туулгахгүй байх талаас нь нэлээн хөөцөлдөж, өөрийн сум, аймаг, тухайн сум орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилласан жил байлаа.

 

Бизнесийн талбарт ч тодорхой амжилт гарсан шүү. Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ж.Ганхүлэг  найзтайгаа хамтарч Баянхонгор аймагт орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулахаар ажиллан барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Оны өмнө ашиглалтанд оруулах байсан ч харамсалтай нь гадна шилэн пасадны ажлын саатлаас  болж гурван сарын хугацаа алдчихлаа. Энд шууд ажлын байр 500 орчим, дам ажлын байр 1000 орчим бий болох тооцоо төлөвлөгөө бий. Энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

 

Ер нь 2018 онд миний бие уламжлалт хийдэг ажлаа бүгдийг хийлээ. Тухайлбал оюутан залуучуудын хоёр төрөлт тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Үүнд Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Баянбулагийн болон аймгийн төвийн долдугаар багийн баг, тамирчид амжилттай оролцсон. Мөн Шинэжинстийн эрэгтэй воллейболчид, сагсчид өөрсдийн хүсэлтээр оролцож тоглосон.  Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.


Хавар зун гантай байсантай холбогдуулж сумын малчид, хөдөлмөрчдөөс санал тавьсны дагуу зургадугаар сард Баянхонгор аймгийн Бууцагаан суманд байдаг Богд хайрханыхаа тахилгыг өргөн дэлгэр зохион байгуулсан. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутагт суугаа малчид, уугуул суугуул иргэд, хөдөлмөрчид идэвхтэй оролцсон. Мөн 2017 оноос уламжлал болсон залуу гэр бүлүүдийг дэмжих ажлыг эхлүүлж гэрлэх ёслолын андгай өргөх ажлыг зохион байгуулж байна. 2018 онд 23 залуу хос хуримлаж, өрх гэрээ барьж, ах дүү нараа цуглуулсан. Тэднийгээ хүндэтгэх, тэдэндээ эцэг эх байхын тухайд, найз нөхөд байхын тухайд, хань ижил байхын тухайд Улаанбаатар хотын “Шидэт хайрцагны” театрын захирал манай сумын уугуул Д.Батжаргалаар лекц танилцуулан, гарын бэлгээ гардууллаа.  

 

45-50 НАСНЫХАН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГЭЭС ХОЦОРДОГ

 

Түүнчлэн сумын иргэд хөдөлмөрчид, МАН-ын гишүүд маань жилийн эцсийнхээ ажлыг дүгнэж, шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу сумын хөдөлмөрчидтэйгөө 2018 оныхоо ажлыг дүгнэн, 2019 оныхоо ажлыг төлөвлөж, шинэ жилээ сайхан хийлээ. Сумын хөдөлмөрчид, ЕБС-ийн сурагчдад зориулан “Шидэт хайрцагны” театрын уран бүтээлчид, өвлийн өвгөн, цасан охины үзүүлбэрийг урьж тоглуулан, Д.Батжаргалаараа очиж  ёс суртахуун, харилцаа хандлага, соён гэгээрүүлэх чиглэлээр хоёр өдрийн лекц уншууллаа.

 

ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон цагаасаа нэг танхимын төлөөлөгчдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, зарим ажлууд дээр хамтран ажиллаж сүүлийн гурван жил уламжлал болгон ахмад настнууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, иргэдэд нүүрс тараасан байна. Ер нь Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр сумын иргэдээс “Та бидний амь амьжиргааг дээшлүүлэх, бидний орлого, амьжиргаанд нэмэр тус болооч гэсэн хүсэлт их ирдэг. Тэр хүсэлтийн дагуу 2017 онд 200 гаруй, 2018 онд 220 гаруй тонн нүүрс тараалаа. 60-аас дээш насныхан УИХ-ын гишүүд, бусад олон нийтийн байгууллага, олон улсын байгууллагуудаас хандив тусламж авдаг юм байна. Харин 50-иас доош, 45-аас дээш насны дундаж амьдралтай ид хөдөлмөрлөж байх үеийн хүмүүс тусламж дэмжлэгээс хоцордог. Тэдгээр хүмүүс биднийг тусалж дэмжиж ажиллаач ээ, бидэнд хэрэгтэй байна гээд санал тавьсаны дагуу ноднин 5 кг гурил, гурван шуудай нүүрс өгсөн. Сэтгэлийн л бэлэг юм даа. Үүнийгээ хийж хэрэгжүүллээ.  Дээр нь манай Баянхонгор аймагт хангайн бүсийн ахмадуудын чуулга уулзалтыг жил бүр нэг сум дааж зохион байгуулдаг. 2018 онд Бууцагаан сум зохион байгуулсан. Найман сумын ахмадууд ирж, манай суманд гурван өдөр тэмцээн уралдаанаа явуулж, орон нутгийн ажил амьдралтай танилцлаа. Үүнд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүллээ.

 

Мэдээж манай сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд надад маш их хүсэлт тавьдаг. Улаанбаатар хотод очиж ижил төстэй байгууллагуудын ажил үйлстэй танилцмаар байна, сум орон нутагтаа нэвтрүүлмээр байна гэж. Энэ саналыг хүлээн авч Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах санал тавин 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Тэднийгээ Улаанбаатар хотод авчрах, Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудтай танилцуулах, туршлага солилцох, хамтарсан үзлэг гэх юм уу, сургалтанд оролцуулах ажлыг өргөн дэлгэр зохион байгууллаа. Мөн аймаг болон сумын Тамгын газар, аймгийн хэмжээний сургуулиудын захирлууд манай ажлын байдалтай танилцаж, санал бодлоо солилцон хамтран ажиллах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Оны өмнө сургуулийн захирлууд Солонгос, Япон улсад туршлага судлахаар явсан. Тэр хэд маань надад хамтран ажиллах санал тавьж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүллээ.

 

Дээр нь би Баянхонгор аймгийн Их богд дэвжээний удирдах зөвлөлийн гишүүн хэмээх статустай явдаг. 2018 онд Их богд дэвжээ бэлтгэл сургуулилтаа амжилттай хийгээд төрийнхөө наадмаас Улсын харцага цолтон төрлөө. Энэ болгонд чадах чинээгээрээ тусалж дэмжих, ажил үйлст нь оролцох гэх мэтчилэнгийн ажлуудыг хийлээ.

 

Товчхон ярих юм бол ийм ажлуудыг 2018 онд хийж хэрэгжүүлсэн байна. Үүнийг маань манай Баянхонгорын ард түмэн, залуучууд, төр захиргааны байгууллагууд үнэлж намайг 2018 оны “Баянхонгорын түүчээ” буюу Бизнес, эдийн засгийн оны онцлох хүнээр онцолсонд миний бие урамшиж, илүү ихийг хийж, ард иргэдийнхээ төлөө, тэдний сайн сайхан амьдралын төлөө өөрийн чадах бүхнээ хийе гэсэн бодлого, зорилттой 2018 оноо үдлээ.

 

Нэг амжилтаас нөгөө амжилтын эхлэл тавигддаг. Гахай жилд илүү ихийг хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа байх?

 

2019 он, шарагчин гахай жилдээ манай компани болоод Баянхонгорын ард иргэдийн амьдрал ахуй өөдлөн дэвжсэн, төр захиргааны байгууллагуудын ажил үйлс тэгширсэн, түмэн олны маань ахуй амьдрал дээшилсэн сайхан жил болох байх гэж бодож байна.

 

2019 онд ард иргэдийнхээ, Баянхонгорчуудынхаа боловсрол, соён гэгээрүүлэх чиглэлд тодорхой хэмжээний ажил хийе гэсэн бодолтой байна. Одоо юм л бол “хойд захын хар овоохой” гэдэг шиг биенийгээ муулсан, мяалсан, харлуулсан, гүтгэсэн, доромжилсон хар юм бий болчихсон байна. Муу муухайг мэдээж шүүмжлэх ёстой. Гэхдээ үүний хажуугаар сайн сайхан зүйл байгаа шүү гэдгийг анзаарч, түүнийг түгээн дэлгэрүүлэх тал руу чиглэсэн тодорхой ажлуудыг хийе. Соён гэгээрүүлэх орчин үеийн сэтгэлгээний эерэг чиг хандлага, хүмүүс ажилдаа хандах хандлага нь юу байдаг юм. Ах дүү, хамаатан саднаа асрах гэж яадаг юм гэдэг зүйл рүү нэлээн хандуулъя гэсэн бодол төрсөн.

 

Манай аймаг, суманд залуу гэр бүл их болсон байна. Гэтэл гэр бүл салалт  харьцангуй их болсон байна. Хөдөөгийн малчид маань хоёр амьдралтай болсон. Өвөл болохоор эхнэр нь хүүхдээ аваад сумын юм уу, аймгийн төв барааддаг. Нөхөр нь ганцаараа хөдөө хэдэн малтай үлддэг. “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг шиг эд нар маань амьдралын хоёр хэлбэртэй болчихсон учраас харилцаа, хандлагын тухайд нэлээн доголдолтой болжээ. Дээр нь хүүхэд хүмүүжүүлэх ажил доголдсон. Дөнгөж 20, 21 хүрээд гэр бүл болж байна. Өөрөө аав, ээжийн өврөөс гараагүй шахуу байж үр хүүхэд, хань ижилтэй болдог. Хоёр өөр нөхцөл, орчинд өссөн залуучуудын харилцан бие биеэ ойлгох, хүндлэх, дэмжих талд учир дутагдал байдаг учраас хүүхдийн хүмүүжил доголдох, тэдэнд тавих анхаарал халамж хандуулах, цаг зав гаргах тал дээр учир дутагдалтай болсон байна.

 

Аймгийн ИТХ-аас ч энэ талаар нэлээн ажил зохион байгуулаад, 2018 оны 12 дугаар сард хуралдсан хуралдаанаар 2019 оныг Хүүхдийн хамгаалал, өв тэгш хүмүүжлийн  жил болгон зарласан. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тавьж, энэ чиглэл рүү анхаарал хандуулъя. Ер нь 12, 13-тай хүүхэд архи дарс ууж, тамхи татдаг бусдыг хүндлэх гэдэг ойлголт байхгүй болсон. Аав ээж, ахмадуудаа, найз нөхдөө, багшаа хүндлэх ойлголт үгүй болж. Энэ талаар тодорхой ажил зохион байгуулъя гэсэн бодолтой 2019 ондоо ажиллахаар төлөвлөөд байна.

 

БУУЦАГААН СУМ УЛСАД ДЭД БҮТЭЦ ШИЙДЭГДСЭН ЦӨӨН СУМЫН НЭГ БОЛНО



 

-МАН 2016 оны сонгуулиар олонх болж, засгийн эрхийг барьж байна. Тэдний нэг нь та. Тэгэхээр  2018 онд орон нутаг болон улсын төсвөөс өөрийн сум орон нутаг руу чиглэсэн ямар, ямар хөрөнгө оруулалтыг татаж, ажил хэрэг болгосон бэ. Мөн энэ онд орон нутаг болон улсын төсөвт ямар, ямар томоохон ажлын хөрөнгө санхүүгийн эх үүсвэр суусан бэ?

 

-2019 онд улсын төсвөөс нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Аймгийн төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдана. Олон суманд соёлын төв, сургууль, эмнэлэг баригдахаар төлөвлөж байна. Манай Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар аймгийн ИТХ, Засаг даргатай сайн хамтран ажиллаж байна. Тэд ч аймаг, сум орон нутаг руугаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, татаж байна.

 

2016 оны сонгуулиар МАН-ын 25 суудал авч, аймагтаа олонх болсон. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэг үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 93 хувьтай байна гэж дүгнэгдсэн. Үндэслэлтэй тоо. Мэдээж биелэгдээгүй ганц нэг ажил бий. Энэ нь төсөв хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд. Гэхдээ оны сүүлд тодорхой зарим ажил нь хийгдсэн байх. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Соёлын төвийн хөгжмийн асуудал шийдэгдээгүй байсан. Оны өмнөхөн шийгдэгдлээ. Муу усны машины асуудал 2018 онд тавигдсан. Уг нь 33 сая төгрөг төсөвт суулгасан юм. Хөрөнгийн бололцоогүйн улмаас биелсэнгүй. Эмнэлгийн зөөлөн эдлэлийн тав орчим сая төгрөг байсан. Энэ гурваас бусад нь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар, УИХ-ын гишүүд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавигдсан бүх ажил аймгийн хэмжээнд ихэнх нь биелэгдсэн гэж ойлгож болно.

 

Бууцагаан сумын хувьд 2018 онд улс, аймаг, хувийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Үүнээс орон нутаг хөгжүүлэх сангаас 170 гаруй сая төгрөг. 2019 онд томоохон ажил гэвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын 400 гаруй сая төгрөгийн ажил хийгдэнэ. 2017 онд УИХ-ын гишүүн М.Билэгт хөөцөлдөж, сум орон нутгийн иргэдийн хүсэл санаачилга, бидний дэмжлэг туслалцаагаар тэрбум гаруй төгрөгийн цахилгаан шугам тавих, Бууцагаан сумын гурван багийн төвийг цахилгаантай холбох, сумын төвийн 0.4-ийн шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван ажил хийгдэх ёстой байсан. Тендер нь 2-3 зарлагдаж, нааш цааш буцсаар байгаад гол хийгдэх ажлууд хийгдсэнгүй. Гэхдээ Наран, Баянбүрд багт тавигдах шугамын газар шорооны ажил хийгдсэн. Энэ ондоо багтаагаад хийгдэнэ. Ингэснээр Бууцагаан сумын зургаан багийн тав нь цахилгаан шугам сүлжээнд холбогдсон, улсад дэд бүтэц шийдэгдсэн цөөн сумын нэг болно. Сумын багт амьдарч, ажиллаж буй хөдөлмөрчид, эмнэлэг, сургууль, цэцэрлэг байнгын ажиллагаатай болох бүрэн боломжтой. 2016 онд анх сонгогдохдоо Ж.Алтанцэцэг төлөөлөгч бид хоёрын гол ярьсан зүйл юу гэвэл Бууцагаан сумыг Соёлын төвтэй болгоё, Баянхонгор, Говь-Алтайн чиглэлийн замыг тавиулахын төлөө хоёулаа УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад хөөцөлдье. Энэ ажлууд 2012 оноос хойш яригдаж байгаа юм. Хоёр, гурван сонгууль дамжсан ч хийгдээгүй. Үүнийг Зам тээврийн яамныхан, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудтай ярилцаж нэлээн хөөцөлдсөний эцэст Баянхонгор, Байдрагийн чиглэлийн 129.3 км замын 103 км нь өнгөрсөн онд ашиглалтанд орлоо. 26 км нь ирэх хавар ашиглалтанд орно. 2019 онд концессийн гэрээгээр “Монруд” компани Байдраг, Говь-Алтайн Дэлгэрийн чиглэлийн 128 км замыг барьж байгуулах ёстой. Энэ жил газар шороо, далангийн ажил хийгдэх юм. Ажил нь урагш явж өгөхгүй байна. Энэ онд хөөцөлдөж, компанийн нөхөдтэй уулзаж ажил болгохын төлөө ажиллана.

 

Өмнө хэлсэнчлэн аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бохирын ус сордог машины асуудлыг шийднэ. Хөрөнгө мөнгө нь энэ жил тавигдлаа. Мөн сургуулийн шалны асуудал байна. Хүүхэд бэртэж, гар хөлөө гэмтээдэг, цуурайтай гэх мэт асуудал гарч байгаа. Энэ асуудлыг шийдэхээр 25 сая төгрөг аймгийн төсөвт суулгалаа. Эмнэлгийн зөөлөн эдлэлийн 7-8 сая төгрөгийг шийдэх хөтөлбөр хэрэгжнэ. Сургуулийн ойр зуурын жижиг хөрөнгө оруулалт болох сандал, ширээ, хөшиг гэх мэтэд ажил аймгийн төсвөөр хийгдэхээр боллоо. Орон нутгийн санд 100 гаруй сая төгрөг байна. Энэ хөрөнгө хуучин сургууль, ар талын цэцэрлэгт хүрээлэнд зарцуулагдахаар сумын Иргэдийн хурал саяхан хурлаа хийж баталлаа. Ж.Алтанцэцэг бид хоёрын мөрийн хөтөлбөрт ороогүй ч гол ажил бол сумыг нэгдсэн халаалтанд холбох. Баянхонгор аймгийн “Эйр Эм Би” компанид удаа дараа санал тавьсанаар 2018 онд нэгдсэн дулаанд холбогдох ажил хийгдлээ. Улаанбаатар хот, аймгийн төвүүд утаатай болсон. Сумд ч ялгаагүй. Утааг багасгах зорилгоор, дээр нь нэгдсэн халаалтанд оруулах шаардлага байна гэж үзээд нэгдсэн халаалт тавьсан. Бууцагаан шинэ, онцлог сум. Шинэ сум өөрийн гэсэн уурын зуухтай. Энэ шинэ зуухны хүчин чадлыг нэмэгдүүлээд дээш нь тавих боломж байхгүй юм билээ. Шинэ шугамын дундуур нь шугам татах боломж байхгүй. Тиймээс судалгаа хийж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулж дулаанд холбосон. Ард иргэд маш ам сайтай байгаа. Саяхан сумандаа очсон. Төвөөр 28 айл өрх, дэлгүүр, үйлчилгээний газрууд дулаанд холбогдсон байна. Энэ хавар цэвэр усанд холбогдчихно. 2019 онд чадвал бохиртой холбогдчих юм бол гэртээ цэвэр, бохир болон халуун устай болох бүрэн боломжтой. Бохирыг мэргэжлийн байгууллага судалгаа хийж, зураг төсөл гаргаж хийдэг юм байна.


 

МАЛЫН ТООГ БУС ТАВААРЛАГ БАЙДЛЫГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН

 

-Хөдөөгийн иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг. Малчид зуд болонгуут малаа яах вэ гэдэг асуудалтай жил бүр тулгарч байна. Цаашдаа байгаль, цаг уурын элэгдэл, доройтол, ган зудтай холбоотойгоор ойрын жилүүдэд байнга тавигдах асуудал болж байна. Тэгэхээр мал, махыг худалдан авч, үйлдвэрийн түвшинд боловсруулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах энэ боломжийг хөдөөгийн иргэд байнга эрэлхийлдэг. Энэ чиглэл рүү Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд, засаг барьж буй намын хувьд ч гэдэг юм уу, ямар нэгэн бодож төлөвлөсөн зүйл байна уу?

 

-2017 оны төсөв хэлэлцэж байхад Баянхонгор аймагтаа махны үйлдвэртэй болъё гээд манай аймгийн удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт очиж гэрээ хэлэлцээр байгуулаад “Жилдээ сая толгой мал гаргаж байя. Хоёр тэрбум орчим төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж махны үйлдвэр бариач ээ. Баянхонгор аймаг эрүүл бүс. Газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгье” гэсэн. Дэд бүтэц гэдэг нь цахилгааны асуудал. Гэрээ хийгдээд, боломжийн түвшинд явж байсан ч улс төрийн нөхцөл, шалтгаан байдаг юм уу, Хятадын талын хөрөнгө оруулалт тодорхойгүй шалтгаанаар зогссон. Хэрэв энэ үйлдвэр ашиглалтанд орсон бол Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Архангай гээд 4-5 аймгийг дамнуулаад жилд сая толгой мал нядалж экспортонд гаргах бүрэн боломжтой. Тэгэх юм бол малын түүхий эдийн үнэ ханш өсөх боломж байсан. Тэгэхдээ энэ асуудал таг зогсчихоогүй, судалгааны түвшинд явагдаж байгаа. Гэхдээ Хятадын тал мэднэ шүү дээ. Ямар шалтгаан байдгийг би сайн мэдэхгүй. Малын тоо толгой огцом өссөнөөр бэлчээрийн доройтол үнэхээр хүнд болж байна. Ноднин өдийд Гурванбулаг, Заг нутгаар явж байхад шилбээр татсан өвстэй байсан. Тавдугаар сард дахин очиход юу ч үгүй болсон байсан. Энэ бол бэлчээрийн доройтол, цөлжилт, малын тоо толгой өссөнтэй холбоотой. Тэгэхээр тооны хойноос биш, таваарлаг шинж чанарыг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах нь чухал.  


Малын тоо толгой өссөнтэй холбогдоод бэлчээрийн асуудал хөдөө орон нутагт маш хурцаар тавигдаж байна. Ямар ч хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй болж. Манай Баянхонгор аймаг анх санаачилж “Бэлчээрийн менежментийн журам” боловсруулсан. Хууль зүйн яаманд явуулж засах, залруулах зүйлийг хийлгэж, 2018 оны 12 дугаар сарын хуралдаанаар үлгэрчилсэн журам баталлаа. Энэ үлгэрчилсэн журмыг хараад сум болгон орон нутагтаа тохирсон “Бэлчээрийн менежментийн журам”-ыг боловсруулж мөрдүүлэх ёстой. Энэ ажил эхний нэгдүгээр улиралд хийгдэх байх. Ер нь цаашдаа малын таваарлаг шинж чанарыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй байна. Жишээлбэл: Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан хоёр суманд авч үзэхэд бэлчээрийн даац нь 2-3 дахин хэтэрсэн. 300-гаад мянган толгой мал тоолуулж байна гэдэг асар их мал байна. Түүнээс шалтгаалаад бэлчээрийн доройтол асар их байна гэж харж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авъя гэсэн бодол байна. 2019 оны сүүлээр Баян-Өндөр суманд аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг хийе гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

Бодлогын хэмжээнд ажлууд ийм зарчмаар явж байна.  Мэдээж хувь хүний зүгээс яриад суух биш, өөрийн нэмэр тусыг оруулах нь чухал.  2017 онд Баян-Өндөр сумын Эдрэнгийн цагаан ямааны 20 ухна өөрийнхөө хөрөнгөөр авчирч, олон ямаатай байснаас цөөн, чанартай, ноолуурын гарц сайтай ямаатай бол гэж Бууцагаан суманд нийлүүлсэн. Мөн хоёр бэсрэг буур дөрвөн сая гаруй төгрөгөөр худалдан авч, Бууцагаан сумын Баянгийн багийн тэмээчдэд хүлээлгэн өгсөн.

 

-Малтай холбоотойгоор сүүлийн үед “Махны үнэ огцом өслөө. Махны зах зээлийг хятадууд эзэллээ” гэх дайралт нэлээн байна. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

 

-Түрүүн би хэлсэн, хүмүүсийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролд нь анхаарах чиглэлээр ажиллахгүй бол болохгүй нь гэж. “Хойд захын хар овоохой” гэгчээр ашиг орлого нь нэмэгдээд ирэхээр хамаг ашиг орлогыг урагшаа, хойшоо зөөгөөд дууслаа гэж хашгираад байх юм. Гаргахгүй зогсоохоор “Бидний амь амьжиргаа муудлаа. Төр засаг ажлаа хийхгүй байна” гэдэг. Сая би Дорноговь аймаг яваад ирлээ. Тэнд махны үйлдвэр судаллаа. Чанарын шаардлага хангасан жижиг махны үйлдвэр жилдээ 400-500-гаад мянган толгой мал нядлаад урагш экспортонд гаргадаг юм байна. Ер нь үхэр, адууны мах харьцангуй үнэтэй байна. Махны үнэ өсч, малчдын амьжиргаа дээшлэхээр ямар учиртай юм, зарим нь “Махны үнэ өслөө. Бид турж үхлээ” гээд орилж хашгираад байдаг. Экспортыг зогсоогоод махны үнэ унахаар “Бид турж үхлээ. Бидний амьжиргааг дэмжихгүй байна” гэдэг. Энэ хоёр ацтай юмыг манай төр засгийнхан дээрээ бужигнаантай, ард иргэддээ учир зүйг нь тайлбарлаж чадахгүй байх шиг. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 40 гаруй мянган толгой мал, дунджаар 60 мянган төгрөгөөр бодох юм бол дөрвөн тэрбум 200 сая төгрөгийн мал зах зээлд нийлүүлэгдсэн байна. Барагцаа тоогоор шүү. Дээр нь ноолуурын орлого гэж үзвэл нийлээд найм орчим тэрбум төгрөг зөвхөн Бууцагаан сумын 3500 орчим иргэнд ашиг орлого болж орсон байна. Төр засаг нь ч сайн ойлгуулж хэлэхгүй байх шиг, ард иргэд нь ч ойлгож өгөхгүй байна. Улс төрийн хар пи ар явсаар, хүмүүс ч автсаар. Хар мэдээлэл гарахгүй бол болохоо байсан юм шиг. Ийм учраас ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийе гэж дахин, дахин яриад байгаа юм. Цөөхөн монголчуудад улс төр хэрэггүй шүү дээ.

 

АМЛАСНАА ХИЙДЭГ БАЙХ НЬ МИНИЙ АМЬДРАЛДАА МӨРДДӨГ ЗАРЧИМ


 

-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

 

-Одоогоос 6-7 жилийн өмнө би төрийн албанд ажиллаж байлаа. Төрийн албанд 20 гаруй жил ажиллахдаа олон сайхан ахмад буурлууд, залуу болон дунд үеийнхэнтэй хамтарч ажилласан. Тэднээс их зүйл сурсан. Олон сайхан дарга нартай ажилласан. Олон сайхан найз нөхөдтэй ч болсон. Тэндээс төрийн албаны төлөвшлийг маш сайн сурсан юм болов уу. Дээр нь мэдээж миний аав, ээжийн өсгөж хүмүүжүүлсэн философи байна. Хугарахгүй ноён нуруу ч гэж би сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ ямартаа ч хэлсэндээ 100 хувь хүрэхгүй юм аа гэхэд 70-аас дээш хувьтай байх юм сан. Амласан бол хийчих юм сан, хийвэл хийсэн шиг хийчих юм  сан гэж бодож явдаг. Хүн чанар гэдэг л дээ. Одоо хүн чанар нь хаана ч байгаа юм. Ямар хүнийг ч хүн чанартай гээд байгаа юм. Заримдаа төөрчих гээд байх юм. Хүнд худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, гай болохгүй шиг явах юм сан гэж дотроо боддог. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Ямар ч байсан хүнд болж бүтэхээрээ, чадах чинээгээрээ тусалчих юм сан гэж боддог. Би ч хийж бүтээхийн шуналтай хүн юм шиг. Мэдээж баян цатгалан, тийм их мөнгөтэй хүн биш. Гэхдээ би байхгүйн зовлонг мэдэж өссөн. Социализмын үед ямар байсан, тийм л зарчмаар өссөн. Тийм болохоор аль болохоор наашаа гэсэн хүмүүст тусалчих юм сан, хүн чанар гаргаад болж бүтээх юм сан, ерөнхий жанжин шугаман дээрээ байх юм сан гэж боддог.

 

-Та аймгийн Шагайн холбооны тэргүүн. Танай холбоо сүүлийн жилүүдэд улсдаа олон амжилт үзүүлж, одтой явж байгаа. Яагаад шагайн спортыг сонгож дэмжих болов. Таныг тус холбооны ажлыг авснаас хойших амжилтууд юутай холбоотой байв?

 

-Залуучууд надад санал тавьж, сумынхаа залуучууд оюутнуудын дунд хоёр төрөлт тэмцээн зохион байгуулдаг байсан. Ер нь сум орон нутгаас, аймгаас нийслэл рүү тэмцээн уралдаанд явахад “Та ивээн тэтгээч. Зардал мөнгөний тусламж үзүүлээч” гэж хүмүүс их ханддаг байсан. Манай аав шагай тоглодог байсан юм. Сумын шагайчид надад санал тавьж, “Аавынхаа нэрэмжит шагайн тэмцээнийг ивээн тэтгэж явуулаач ээ. Хангайн бүсийн Буянтын тойром болгох гэсэн юм аа” гэсэн тэгээд 2014 оноос хойш сумандаа уг шагайн тэмцээнийг ивээн тэтгэж явуулсан. Хоёр жилийн дараа буюу 2016 оны сонгууль өнгөрөөд Оюунбаатар ирж уулзаад, “Та аймгийн Шагайн холбооны тэргүүн болооч. Та л цааш нь Баянхонгорын шагайчдыг нэг гар дор зангидаад, амжилт үзүүлэх боломж байна. Тусалж дэмжээч” гэсэн. Тэгээд би бодож байгаад зөвшөөрсөн. Анхныхаа цомын тэмцээнийг 2017 оны нэгдүгээр сард зохион байгуулж байлаа. Хавар нь аймгийн аваргаа зохион байгуулсан. Тэгээд 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн, наадамд гурван баг сар гаруй бэлтгэж оролцуулсан. Тэд маань өндөр амжилт гаргаагүй хэдий ч 80 гаруй багаас шилдэг 16-д шалгарч их урам орцгоосон. Би ч “Та нарыг бүх зүйлээр хангаж тусалж дэмжинэ. Амжилт гаргахын төлөө зүтгэ” гэсэн юм. Тэгээд ч дундаасаа санал санаачилга гаргаж Чүлтэм гэдэг залуу “Би нэг багтай болмоор байна. Та дэмжиж туслаач” гээд нэг баг бий болгосон. Ингээд манай шагайн холбоо аймгийнхаа болон сумдын тэмцээнийг зохион байгуулдаг боллоо. Долоо хоногийн пүрэв гараг бүр Загдсүрэн гэдэг залуу харваач цуваа харвааг явуулдаг. Ингэснээр Загдсүрэн маань 2017 оны улсын аваргаар цуваа харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Шагай харваачид маань ч “Бид чадах юм байна” гэж сайхан эвлэлдэн нэгдэж, 2018 онд 1000 шагайчдын чуулга уулзалт буюу Ламын гэгээний тойрмыг зохион байгуулъя гэж шийдвэрлэсэн. Ингээд 2017 оны сүүл 2018 ондоо уралдаан, тэмцээнүүдээ амжилттай зохион байгуулсан. Ламын гэгээний бурхан шүтээн, уул ус нь харсан байх. Манай шагайчид ч маш их хичээл зүтгэл гаргаж дайчлан ажилласан. Бэлтгэл сургуулилтаа ч сайн хийсэн. Улсын аваргаар цуваа харваанд дэд болон тусгай байр эзэллээ. Эрчүүд маань цолоо ахиуллаа. Чундо багийн харваачид улсын баяр наадмаар хүрэл медаль хүртэж 2017, 2018 онд 10-12 шагайчид улсын цол зэрэг авсан. Улсын цол зэрэгтэй нь ахиуллаа. Манай харваачдаас Монгол Улсын Дархан мэргэн төрлөө. Ахмад харваачид маань сайхан дэмжиж зөвлөн ажиллаа.  Ингээд Ламын гэгээнийхээ тойрмыг есдүгээр сарын 14-16-нд Баянхонгор аймгийнхаа Түйн голын хөвөөнөө Оготнотой булгийн өргөн ширэг дээр зохион байгуулж, Халхын сайхан харваачдыг цуглуулсан. Монгол Улсын Даяар дуурсах дархан мэргэн маань хоёулаа  очлоо. За тэгээд улсын цолтой 70 гаруй, аймгийн цолтой 100 гаруй харваач оролцсон өргөн сайхан наадам болж, Халхын харваачид “Хонгор нутаг уул ус, ургамал ногоо, горхи рашаан нь дэлгэрсэн сайхан хангай байна. Ард иргэд нь сэтгэл сайтай хүмүүс байдаг юм байна” гэж ам сайтай, сэтгэл хангалуун буцацгаасан. 2000 гаруй хүн цугласан юм билээ. Зөвхөн Баянхонгор аймгаас гэхэд 54 баг оролцсон. Бусад аймгаас 400 гаруй шагайчид хүрэлцэн ирсэн. Энэ ажил үйлсийг минь Монгол Улсын шагайн холбоо үнэлж, 2018 оны Монгол Улсын Тэргүүний шилдэг шагайн холбоогоор шалгаруулсан. Үүнд манай шагайчид маш их урамшиж байгаа. Би ч их баяртай байна. Мэдээж миний оролцоо, чиглэл байсан. Дээр нь манай шагайчдын итгэл, сэтгэл, зүтгэлийн үр дүн. Энэ буянаар аймагт маань шагайн спорт хөгжиж байна. 2019 онд Ламын гэгээний 380 жилийн тэгш ой тохиож байгаа. Ламын гэгээний тойрмыг зохион байгуулна. Ер нь энэ тойрмоо хоёр жилд нэг удаа хийдэг болъё гэж төлөвлөөд ажиллаж байна.

 

ЖИЛИЙН 220 ХОНОГИЙГ АЙМАГ, СУМАНДАА ӨНГӨРҮҮЛСЭН

 

-Нэг зүйлийг тодруулъя. Орон нутгийг төлөөлж буй хүн Улаанбаатар хотод амьдраад байна гэсэн шүүмжлэл байдаг. Та Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа ч орон нутагтаа очиж ажилладаг төлөөлөгчдийн нэг. Энэ шүүмжлэлд та ямар байр суурьтай байдаг вэ. Товчхон хариулаач?

 

-Ер нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жилдээ 4-5 удаа хуралддаг. Хэдийгээр би хотод амьдардаг ч иргэдтэйгээ ойрхон байвал тэдний санаа бодлыг сонсох бүрэн боломжтой. Иргэдээс гарсан санал хүсэлтийг би аймаг орон нутгийнхаа бодлого, шийдвэрт тусгаж ажиллах ёстой. Иргэдийн хурлын төлөөлөгч гээд тэнд байнга байж болно л доо. Гэхдээ тэнд байсны ашиг тус юу байна. Гарах юм байхгүй. Харин би хотод байснаараа ард иргэдтэйгээ илүү ойрхон байна. Тэднээс гаргасан санал хүсэлтийг аймгаар дамжуулахгүйгээр шууд тухайн тойргоос гарсан УИХ-ын гишүүд, яам, тамгын газарт гүүр болж ажиллах бүрэн боломжтой юм байна. Тухайн төлөөлөгч, хувь хүнд хэцүү. Явдал суудлын зардал дийлдэхгүй. Тухайлбал, сумаасаа сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч сумандаа байгаад ажил хийхгүй бол гаднаас нь хараад аймгийн хуралд илүү тусгуулаад байгаа нь надад харагддаггүй. Хуулиараа бол зургаан сараас дээш амьдарсан байх ёстой. Саяхан намайг сошиалаар “Бууцагаан суманд ч амьдардаггүй, аймагт ч амьдардаггүй” гэсэн юм яваад байхаар нь “Би нээрээ Бууцагаан суманд, Баянхонгорт жилийн 365 хоногийн хэдэн хоногт амьдрав” гэж бодсон чинь 220 хоног аймаг, Бууцагаан суманд амьдарсан байна лээ. 100 гаруй хоног нь Улаанбаатарт,  үүний тал нь замд өнгөрсөн байх. Ирэх очихын 10 хэдэн цаг шүү дээ. Давуу тал нь арай илүү юм болов уу гэж боддог. Гэхдээ дутагдалтай тал мэдээж бий. Үгүйсгэхгүй. Өдөр тутмынхаа санаа бодлыг хэлэх, уулзах гэсэн хүмүүс “Уулзалдахгүй байна” гэсэн гомдол хэлдэг байх. Гэхдээ би аль болохоор сумынхаа малчид, хөдөлмөрчидтэй байнга уулзахыг боддог.

 

-Та Баянхонгор аймгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг хариуцан ажиллаж байсан. Хэдийгээр тэр ажил зогссон ч Баянхонгороос зорьж очсон янз бүрийн хүмүүстэй харьцаж байгаа байх.

 

-Төлөөлөгч биш болсон ч тэр ажлаа давхар хийгээд л явж байна. Тухайлбал, Баянхонгор аймгаас футзалны хөлбөмбөгчид, 21 сум, аймгийн төвийн сургуулийн захирлууд ирж уулзлаа. Аймгийн Тамгын газрын нөхөд байнга уулзаж байна. Аймгаас наашаа явах үед яам, Тамгын газруудад хүргүүлэх бичиг баримт голдуу надаар дамжигдах юм.

 


Сэтгэгдэл үлдээх