<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Д.ДОРЖГОТОВ: ҮГИЙН УВИДАС, ЧАНАД УТГЫГ ТУНГААН ОЙЛГОЖ, ОЮУНЫ ТААШААЛ АВНА ГЭДЭГ НЭН САЙХАН

2019-05-29 03:47 488


Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготовтой ярилцлаа. Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул. Нутаг амьтай яруу найрагч гэдгээрээ өнөө цагийн хонгор нутгийн яруу найрагт тод байр суурь эзлэдэг нэгэн юм. Түүний уран бүтээлд Баянхонгор аймгийн шүтээн хайрхан, нутаг усны гоо үзэсгэлэн болоод алдар суутны тухай намтарчилсан орчин цагийн туульс голлоно.

 

-Ирэх 7 дугаар сард Ламын гэгээн Лувсанданжанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой, VIII дүрд бат оршил өргөх даншиг наадам болох гэж байна. Та  Ламын гэгээний магтуу болон Баянхонгор аймгаас тодорсон гэгээнтнүүдийн залбирал магтаал туурвисан найрагч хүн.Иймд энэ их ойн босгон дээр  таныг урин энэхүү ярилцлагынхаа салхийг хагалж байна. Өөрийнхөө тухай манай уншигчдад товч танилцуулна уу?

 

-Миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж, аймгийн төвд өссөн. Баянхонгор нутагтаа зориулан дөчөөд дууны шүлэг тэрлэжээ.  Тэр бүгдээ нэгтгэж “Хонгор нутгийн дуулал” нэртэй хоёр цомог гаргасан. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд зориулж “Ламын гэгээний магтаал оршвой” гэсэн есөн бадаг шүлгийн чуулган бүтээсэн. Ер нь сүүлийн үед дууны уран бүтээл гэхээсээ илүүтэй магтаалын туульсын бүтээлд хүчээ сорьж байна.  Мөн Гурванбулаг, Галуут сумынхаа магтууны цомнол бичсэн. Эрдэнэцогт, Заг, Богд сумын сүлд дууг зохиосон.

 

-“Доржготов нийтийн дууны яруу найраг, гэгээнтнүүдийн магтаал хоёр төрлөөр найрагчдын тоосон дундаас сугаран гарч ирлээ” гэж таны тухай Т.Галсан найрагч бичиж байсан?

 

-Тийм,ээ. Ламын гэгээний магтаал, Гачен Чогбрүл Ринбоче Ринчинсамбуу багшийн магтаал, Номч мэргэн хамба Дандомчоймзад ламтаны залбирал магтаал туурвисан. Энэ бол найрагч миний бахархал төдийгүй сайхан ерөөлөөр бүтсэн бүтээлүүд юм. Мэдээж эдгээрийг бичихэд нэлээд судалгаа, их сүсэг бишрэл, гүн хүндлэл тээж бичих ёстой юм билээ. Гэгээнтнүүдийн тухай гарцаагүй түүхэн баримт, нотолгоон дээр тулгуурлан бичихгүй бол хий хийсвэр цагаан магтаал бичих нь зохисгүй. Хэрэндээ удаан бодож, бясалгаж бичсэн юм шүү. Бас ая дан нь хоёр магтаалд бичигдсэн. Ирэх ойгоор түмэн олондоо түгээх бодолтой.

 

-Олонд түгсэн дуунуудынхаа тухай ярихгүй юу. “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”-г бичсэн агуу Сангидоржтой “Номгон хайрхан” гэж аатай дуу хийсэн дээ?

 

-Чойгивын Сангидорж бол үнэхээр билэг танхай авьяастан байсан. Тэр хүнтэй уран бүтээл туурвих нь байтугай нэг он цагт хамт төрсөн минь хувь заяа юм. Сангиа ах “Нутгийн дүү хүүтэй нэг юм хийнэ байгаа” гэж хэлээд л “Номгон хайрхан”-аа бичсэнсэн.. Д.Сосорбарам гавьяат ч аатай сайхан дуулсан. Ингэхэд Санги, Со хоёрыг “Номхон хайрхан” дуу эвлэрүүлж билээ. Хонгор нутгийн хоёр их авьяастан тухайн үедээ хэн хэндээ жаахан тунирхсан байсан юм. Энэ дууг бүтээгээд эвлэрэлдэн элгээрээ тэврэлдэж билээ. Залуу морин хуурчдын улсын наадам Баяхонгор аймагт болоход Со гавьяат “Номгон хайрхан”-ыг дуулахад хэд ч дахиулсан гэдэг билээ. Сүүлд Д.Нямжав маань сайхан дуулсан. Ингэхэд миний анхны дуу “Сэтгэлд уяатай нутаг”-ийн хөгжмийг алдарт “Сүүдэр царамын цэцэг”-ийг бичсэн Сайнцогийн Мөнхбат аялгууг нь хийсэн юм. Саяхан би Монголыг даасан Очирваань хайрхныхаа тухай “Богд Очирвааньт хайрхан мину” нэртэй шинэ  дуу хийлээ. Завхан нутгийн хүү, энэ цагийн суут хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан гавьяат аялгууг нь хийж, “Ньюанс” хамтлагийн Д.Дүйнхэржав сайхан дууллаа..Д.Цэвээнравдан ахын урлагт зүтгэсний 50 жилийн ойн хүндэтгэлийн цэнггүн дээр энэ дуу эгшиглэж, үзэгч олон уухайлан хүлээж авсанд баярлаж байна.Энэ зундаа дүрсжүүлэх байхаа. Найрагчийн одонд төрсөн л юм бол Очирваань хайрхны дууг бүтээх ёстой гэж би олон жил бодож, мөрөөдөж явсан.Азаар шүлэг маань Д.Цэвээнравдан ахад ихэд таалагдаж, энэ шүлгэнд гарын үзүүрээр ая хийхгүй, нэлээд бодож байж, цараатай аялгуу хийнэ гээд бараг хоёр жил өнгөрсөн юм.Гэнэт энэ хавар л дуу амилж, сонсголоо. Энэ дууг “Анир” дуу бичлэгийн студид бичүүллээ.Дуучин маань ч их баяртай байгаа.Манай Гурванбулаг сум чинь энэ их хайрхнаас 60-аадхан км газарт байдаг. Тэгэхээр Очирваань хайрхны авшиг хүртэж, салхийг нь амсаж өссөн.


            Баянхонгор нутгийг  алдартан, авьяастнуудын өлгий гэдэг. Монголын орчин үеийн хөгжмийн ноён сүмбэр оргил болох Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Бирваа, Чойгивын Сангидорж байна. Хэл бичгийн шинжлэх ухааны ноён оргил Шадавын Лувсанвандан, гоо зүйн соёл шинжлэх ухааныг үндэслэгч Сономын Лувсанвандан, бэлгэдэл зүйн шинжлэх ухааныг үндэслэгч Сэндэнжавын Дулам байна. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дожоогийн Цэдэв, Ванхүүгийн Батбаяр, сүүлийн үеийн дэлхийн хэмжээний хүн Г.Аюурзана гээд бодохгүй юу. Хонгор нутаг тэгэхээр авьяас, онгод билгийн шүтээн орон, оюуны том өлгий мөн байгаа биз.Төрийн шагналт найрагч Чимидийн аав Чойжил гуай манай Гурванбулагийн хүн юм. Чимид гуай тэгэхээр аав талаа баривал манай сумын хүн болно. Монголын сэтгүүл зүйн амьд домог болсон Хорлоогийн Цэвлээгийн хонгор нутгийнхны онцлогийг бичсэн олон нийтлэлүүд бий.

 

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн билээ?

 

-Хадаг барьсан багш маань Бавуугийн Лхагвасүрэн юм. Хүүхэлдэйн театрын дарга байхад нь Лхагвасүрэн гуай дээр орлоо. Халамцуу орсон юм. Өмнө нь шүлэг зохиолоо үзүүлдэг л байсан учир намайг мэднэ л дээ. Тэгтэл өөдөөс “Чамаас дор хүмүүс номоо гаргачихаад байна. Чи одоо яв, номоо гаргаад ир” гэж адарч, өрөөнөөсөө хөөлөө. Би гэдэг амьтан хөөгдаж туугдсанаа жаахан гундуухан өрөөнөөс нь гарахаар алхаж явтал араас дуудаад, хөөе чи ном гаргаж ирнэ шүү гэж зөөлнөөр аргадаж хэлсэн. Ингээд би анхны ном “Зүрхний анир”-ын эхийг бариад багш дээрээ очсон. Өөрийн бүтээлээ өлгийдөж байгаа юм шиг баярлан хүлээж авч билээ. Тэгээд л халуун дулаан өмнөтгөл үг бичиж өгсөн. Дараа нь “Цээл холын анир”-т маань бас үг бичсэн. Өнгөрсөн онд гаргасан “Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд

“Дэлхийг сэрдхийлгэсэн

  Дэндүү найрагч яваарай,

  Гайхамшгийг хичнээн бүтээлээ ч

  Газрын татах хүчиндээ байгаарай

  Хайртай дүү минь

 Хадаг барьсан шавь минь” гэж бичиж өгсөн. Энэ бол багшийнмаань  өчүүхэн муу шавьдаа захисан сэтгэлийн сүүлчийн захиас, зүрхний үг юм. Би багшдаа зориулж хэд хэдэн шүлэг бичсэн ухаантай. Энэ агуу найрагчийн бүтээлийг монголчууд олон үеэрээ үлгэх тийм мөнхийн гэрэлт суварга босгосон оюуны том ертөнц шүү,дээ. Хамгийн сүүлд хэвлэгдсэн“Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд Лхагваа багшийн шүлгийг, ар талд нь Галсан гуайн “Ламын гэгээний магтаал”-ыг минь оршоосон үгийг оруулсан. Ингэж хоёр сайхан ардын зохиолчоор номоо хашуулсан би мөн азтай хүн ээ. Лхагваа багш намайг “Яруу найраггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт нотолсон хүн” гэж хэлсэн бичсэн удаатай. Би  бага балчиртаа Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлгийн түүврийг уншиж яруу найргийн амтанд анх орсон хүн. Пүрэвдорж гуай найраглал гэхээр манайхан “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”-ыг л яриад байдаг. Энэ гурав бол яалт ч үгүй оргил нь мөн. Гэхдээ цаана нь “Ховдын цагаан тууж”, “Бөмбөл эрдэнэ”, “Шарлингийн хар Хас”, “Арван тавны сар” гээд маш гоё найраглалууд бий. Монголын яруу найргийг Дашзэвэгийн Сэнгээ гэж хүн амьдрал руу, Бэгзийн Явуухулан уянга руу, Бавуугийн Лхагвасүрэн ухаарал хөтөлсөн. Харин Дэндэвийн Пүрэвдорж гуайг ардын билэг цэц рүү нь буюу арай өөр юм руу нь оруулж өгсөн гэдэг. Арга байхгүй миний шүтээн байлаа. Пүрэвдорж гуайтай уулзаж ойр дотно явлаа. Би чинь Вьетнамын Ханой хотын их сургуулийг төгссөн. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн. Хувь заяаны эрхээр л яруу найрагч болчихсон болохоос. Пүрэвдорж гуайн гэргий Чанцал эгч мөн гадаад яаманд ажилладаг байв. Одоо бол Арлааны Эрдэнэ-Очирыгоо маш их үгүйлэх юм аа. Сэтгэл зүрх дэндүү ойр явжээ. Намайг зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэний дараа манайд ирээд надад жижиг гаанс бэлэглэсэн юм. Түүнийг нь гаргаж байн байн амандаа зуух юм даа. Эрдэнэ-Очирыгоо нутаглуулчихаад зохиолчдын хорооны Сэлэнгээгээс нөгөө зэд гэдэг зүйлийг нь аваад дотор нь байсан сүүг задалж дээжийг нь өргөсөн. Тэгээд өөрөө уух гэж байгаад бичгийн ширээн дээрээ цалгиулаад асгачихсан юм. Дүү минь намайг дээд тэнгэрээс харж байна гэдэгт итгэсэн. Ах аа танд баярладаг шүү гэж хэллээ хэмээн ойлгосон. Эрдэнэ-Очир бид эртний танилууд. Говийн санаачилга төслийн шугамаар хөдөө суугаа найрагчид хотод ирсэн. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр, П.Санаадагва хоёр, Дорноговиос А.Эрдэнэ-Очир маань ирж байлаа. Тэр цагаас л хэн хэнээ мэдэх болсон. Манай хоёрын гэр ойрхон. Нэгнийхээрээ мөн ч их орж гарсан даа. Эрхэмбаяр гэж радиод ажилладаг залуу “Бавуу, Эрдэнэ-Очир, дархад Мийгаа байхгүй. Радио эзгүйрчихлээ” гэж хэлсэн. Бавуудорж радиогоос гараад явчихаж. Үнэндээ Эрдэнэ-Очироос хойш Монголын радио ч, зохиолчдын хороо ч эзгүйрэх шиг болсон.

 

-Танай гэр найрагчид цугладаг бас нэг сайхан газар. Хичнээн олон найрагчид шинэ шинэ шүлгүүдээ танайд уншиж байсныг мэдэх юм?

 

-Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр надад “Утга зохиолын төлөө” гэдэг дээд шагналыг олголоо. “Дэлхий монгол туургатны утга зохиол, соёлыг хөгжүүлэх буянт үйлсэд олон жилийн хичээл зүтгэлээ зориулсан гэгээн замналыг тань талархан үнэлж батламжлав” гэсэн байна лээ. Сайхан л санагдсан. 90 жилийн ойн баярын хурал дээр тавьсан До.Цэнджавын илтгэл гойд таалагдсан. Монгол хэл соёлын дархлаагаа манаж яваа зохиолч найрагчдын үнэлэмж туйлын бага байна, үүнд төр засаг тодорхой бодлогоор дэмжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн нь маш үнэн сонсогдсон. Энэ цаг үеийн найрагчдаас Төрийн Баянсан, Мулцангийн Уянсүх хоёр сайхан бичиж байна. Баянсан “Хаврын хөх цаснаар сэтгэлийн цагаанаа нисгэхүй” хэмээх надад зориулсан шүлгэндээ

“Бүрх малгайтай тэр хүн үл танигдах

Үл танигдах атлаа эс мартагдах

Зүрх уярамхай тэр хүн үл холдох

Үл холдох атлаа эс олдох...” гэж бичиж өгсөн. Намайг болоод миний нутгийг мэдэрч бичсэн нь анзаарагдсан. Галсан гуай Баянсанг бас айхтар үнэлдэг. Өвөрхангайн манай Даваадаш ах байна. Уртай, буурьтай, ухаантай, авьяастай хөдөлмөрч хүн юм. Амархүү, Ишхүү хоёртойгоо би ойр явдаг. Миний шавь Даш-Очирын Агваан гэж гүндүүгүй эр бий. Анхны номыг нь би редакторласан ухаантай. Агвааны “Хос шарга” гэж манай Баасандоржийн дуулдаг сайхан дууг ард түмэн мэднэ дээ. Одоо ч олон шавьтай боллоо. Эдүгээ би 7-8 номын редактор хийсэн байна шүү.

 

-Чинзориг, Билэгжаргал гээд хөгжмийн аваргуудтай та анд нөхдийн барилдлагатай явсан. Тэр хоёртоо зориулсан шүлгүүдээ “Цаглашгүй гэрэлт дорно”-доо оруулсан харагдана?

 

-Цэдэн-Ишийн Чинзориг, Халтарын Билэгжаргал хоёр бол яалт ч үгүй амины минь нөхөд байлаа. Ууж идэж, уймарт туймарч явсан он жилүүд бидэнд бий. Чинжигтэйгээ “Амин холбоо” гэж дуу хийгээд хоцорсон. 24 жилийн дараа Баянхонгорын хөгжимт драмын театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяа дуулж анхны цомогтоо оруулсан. Нэг удаа Чинжиг “Найзад нь Германаас нэг хүн ботинк бэлэглэлээ, үүнийг ирж мялаана уу” гэж утастдаг юм. Далим байхгүй юу. Тэгээд л би Төмөр замын байранд нь яваад очиж байгаа юм. Манай хүн хөгжим бичихдээ исгэрээд л өрөөн дотуураа алхаад байна. Холхиж холхиж байгаад л нэг ирээд сууна. Тэгж л “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Илдэн уулын цуурай”-гаа бичээ байлгүй. Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн хэмжээнд бичигдсэн гэдэг. Мань мэт нь яаж мэдэхэв. Бид хоёр “Нутгаа санаад” гэж сайхан  бүтээл хийсэн. . Намайг хэн юу гэж хэлэх бол, яачих бол гэж бодох юм байхгүй. Юмны араар нуугдах тийм нэг нэр хичээсэн жижиг зангүй, оюун санааны том ертөнц байж дээ. Алдаа оноо нь бусдын нүдэн дээр ил байсан. Өнөөдөр Билгээ шиг, Чинжиг шиг өөрөөрөө байсан том хүмүүс цөөрч дээ. Бид ч байгаараа байж чадахаа байж. Дандаа  хуурамч дүр эсгэсэн хүмүүс. Бүгд л духаараа харсан, нэгнээ нүүрнээс далдуур муулсан ийм л байх юм. Билгээтэйгээ, Чинжигтэйгээ, Эрдэнэ-Очиртойгоо суухад онгодын чавхдас чивчрээд л ирдэг байлаа. Жинхэнэ хүний дотоод сэтгэлийн яруусал гээчийг мэдэрдэг байлаа. Тэр аваргуудын дунд явснаараа өнөөдөр би хэдэн дууны шүлэг тэрлэхтэйгээ болсон л байхгүй юу.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.БАТ

 


Сэтгэгдэл үлдээх