<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ж.ГАНЗУЛ: ТЭМЦЭЖ БОСГОСОН АМЬДРАЛ АМТТАЙ

2019-06-05 10:11 1672

Овог нэр: Жамбал ГАНЗУЛ

Мэргэжил: Уламжлалт анагаах ухааны их эмч,Төрийн удирдлагын магистр

Эрхэлдэг ажил: “Ган зүү” уламжлалт эмнэлгийн Ерөнхий эмч

Сонгуульт ажил: Баянхонгор аймгийн МАХН-ын Түмтийн дарга, наймдугаар мянгатын дарга


Бид энэ удаагийнхаа “ЗАЛУУС-ҮЗЭЛ БОДОЛ” ярилцлагынхаа буланд Уламжлалт анагаах ухааны их эмч, МАХН-ын Баянхонгор аймаг дахь Түмтийн дарга Ж.Ганзулыг урьж оролцууллаа. Тэрээр хонгор нутгийн амжилттай яваа олон залуусын нэг юм.

ЗҮҮН ХОЙД АЗИ, ЕВРОПЫН ИРГЭДИЙГ МОНГОЛ УЛСДАА ЭМЧИЛДЭГ БОЛНО

Таныг баянхонгорчууд “Ган зүү” эмнэлгийг үүсгэн байгуулагч, чадалтай залуу эмч нарын нэг гэдгээр нь сайн мэднэ. Харин хувь хүн талаас нь төдийлөн мэдэхгүй байж болох юм. Таны бага нас хаана өнгөрсөн бэ? Ямар хүүхэд байв?

Намайг хоёр настай байхад дүү маань төрсөн юм. Тэр үеэс эхлэн би өвөө, эмээгийн хүүхэд болсон гэж болно. Би ээжийнхээ аав, ээж дээр өссөн юм. Дуламдоржийн Чойндон, Төмөрийн Маам гэж хоёр хөгшин байлаа. Өлзийт сумынхан андахгүй.

Өлзийт сумын Цэргийн каринтин, Эмээлийн тохой, Хийдийн гэзэг, Харганын худаг гэсэн газруудад найм хүртэлх нас маань өнгөрсөн. Тухайн үед хүүхдүүд найм хүрээд нэгдүгээр ангид ордог байлаа. Тэр дагуу аймгийн төвийн гуравдугаар арван жил, одоогийн Эрдэнэмандал ахлах сургуульд элсээд наймдугаар анги хүртлээ суралцсан. Дараа нь хоёрдугаар арван жилд аравдугаар ангиа төгссөн. Энэ хугацаанд бас нэг суралцсан зүйл нь бурханы ном үзсэн явдал. Дөрөвдүгээр ангиасаа эхлэн аймгийн төвийн Ламын гэгээний Гонгандандэдлин хийдэд шавилан сууж байлаа.

Бидний хүүхэд нас социализмаас ардчилал руу шилжиж байсан цаг хугацаатай давхацдаг. Картын барааны үе. Тухайн үед Ёндон-лодойн дэлгүүр гэж байсан. Тэнд л дугаарлаж зогсдог байснаа тод санаж байна. Нөгөө талаар зах зээлд шилжин орсон эхний жилүүдэд бүх хүн ажилгүй болж, үйлдвэрүүд зогсоод, нийгэм их л ороо бусгай байсан. Улс орон эдийн засгийн хувьд маш хүнд цаг үед бидний үеийнхний бага нас өнгөрсөн гэж хэлж болно. Муу цаг үед сайн чанар ч бас тодордог гэж би боддог. Юм хомс үед хүн хүнээ илүү таних, нэгнээ олж нөхөрлөх, хүн чанарыг таних, мэдрэх гээд олон амьдралын сургаалийг бид багадаа мэдэрч өссөн.


Таны ярианд хийдэд шавилан суусан тухай дурдагдлаа. Яагаад чухам хийдэд суух болсон бэ?

Бөмбөгөр суманд одоогийн 3-р баригадын нутагт Жасийн хийд гэж байсан. Энэ хийдэд час хурдаг байхад манай аавын элэнц Содном гилхай өвөө шавилан сууж байсан юм билээ. Нөгөө талаас буюу эмээгийн маань элэнц, хуланч нарч Баянзүрхийн хонхор, Ламын гэгээний хийдэд шавилж байсан номтой хүмүүс байсан гэдэг. Тэр утгаараа өвөө, эмээ хоёр маань амьд ахуйдаа намайг бичиг үсэг тайлагдангуут бурханы номд сургахыг хүссэн юм. Тэр дагуу аав, ээж маань зөвшөөрч дөрөвдүгээр ангиас эхлэн Ламын гэгээний хийдэд шавилан суух болсон. Би тус хийдийн гэсгүү лам Иш-гомбод багшд шавь орж, 1996 оноос эхлэн бурхны номд суралцсан. Хожим миний амьдралд тус хийдэд шавилан суусан цаг хугацаа их зүйлийг өгсөн гэж боддог юм. Сэтгэлийн болоод биеийн амар амгаланг мэдрэх, бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлтэй байх гээд хувь хүний төлөвшил, хүмүүжилд чухал нөлөө үзүүлсэн. Юу сурна түүнийхээ үр шимийг хүртэх, би өөрөө биш юм гэхэд бусдад тэр үр нь хүрэх нь чухал байдаг. Тиймээс энэ жил Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж, анхдугаар дүрийн туурвин бүтээсэн ном, сүм бумын судраас орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн буулгаж, нэг бүтээлийг нь хэвлүүлж олонд түгээхээр ажиллаж байна.


Хүний амьдралд мэргэжлээ сонгож, ирээдүйгээ тодорхойлно гэдэг чухал. Та анх эмч болох замыг хэрхэн сонгож байв?

Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд ер нь их зөөлөн сэтгэлтэй, энэрэх, хайрлах мэдрэмж өндөртэй болж өсдөг. Энэ байдал ч нэг талаас нөлөөлсөн байх. Нөгөө талаар би өөрөө анагаахын чиглэлийн л хүн болно гээд багаасаа боддог байсан.Эмээ маань Улаан хоолойн нарийн болж өнгөрч байсан тэр үеээс эмч болох хүсэл минь улам бадарсан. Мал, амьтан үхэхэд хүртэл сэтгэл өвдөж, өвчнийг анагаадаг хүн болчихвол л их зүгээр санагдсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар 1999 онд Нацагдорж хамбын хийд, Мамба дацанд шавилан суусан. Яагаад энэ хийдэд шавилан суусан гэхээр тус хийд өөрөө монголын уламжлалт анагаах ухааны чиглэлд мэргэшсэн, нэлээд сайн газар байсан л даа. Уг хийдэд шавилан суух хугацаандаа уламжлалт анагаах ухаанд бурханы номын арга засал талаас нь болон адын өвчин гэж нэрлэгддэг өвчний анагааж болох ойлголт, мэдлэгийг олж аваад үүний дараа Дарханы Анагаах ухааны коллежид бага эмчээр суралцсан. 2003-2005 он хүртэл тэндээ суралцаад улмаар ӨМӨЗО-ы Хөх хотын Уламжлалт анагаах ухааны их сургуульд 2005 оноос Хүний их эмчээр таван жил суралцаад 2010 онд төгссөн.

Суралцах нэг хэрэг. Сурсан мэдсэнээ амьдралд хэрэглэж, үр шимийг хүртэх чухал шүү дээ. Сургуулиа төгссөний дараа ажлын байран дээр гарах гэдэг нэг амаргүй даваа бий. Таны хувьд нөхцөл байдал ямар байсан бэ?

Хөх хотын Анагаах ухааны их сургуулийг төгсөх жил, дадлага эхэлсэн байхад ОХУ-аас төгсөх курсын оюутнуудыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилд авах болсон юм. Тэнд манай сургуулиас 10 оюутан шалгалт өгөөд тав нь тэнцэж, ОХУ-д ажиллах болсны нэгэнд миний бие тэнцсэн юм. Ингээд сургуулиа төгсч эх орондоо ирээд гурав хоноод шууд ОХУ-ын Новосибирск хотод зургаан сарын гэрээтэй явж ажилласан. Энэ зургаан сарын хугацаа бол миний өөрийгөө эмч болсноо мэдрэх, чадвараа харуулах, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, дутуугаа нөхөж мэдэх боломжийг олгосон чухал цаг хугацаа байсан юм. Ингээд тэндээ ажиллах гэрээгээ нэг жил болгож сунгаад эх орондоо, төрсөн нутагтаа амралтаараа ирсэн юм.

Мэдээж сурсан мэдсэнээ өөрийн улс орондоо зориулах хүн бүрийн л зорилго шүү дээ. Тэр утгаараа би Улаанбаатар сувилалд мэргэжлээрээ ажилд орох хүсэлтийг гаргасан юм. Тухайн үед намайг дөрвөн сар цалингүй ажиллах, дараа нь сард 180 мянган төгрөгийн цалинтай ажиллах саналыг тавьж байлаа. Гэтэл ОХУ-д нэг сая гаруй төгрөгийн цалинтай ажил байсан. Нэгэнт ажил бэлэн, амралтын хугацаа байсан болохоор шууд аймагтаа ирлээ. Ирэхдээ эмчилгээний зүү, урд сурч байх хугацаандаа авсан эмчилгээний аппаратуудаа аваад ирсэн. Тухайн үед Эрүүл мэндийн газрын даргаар Алагаа гуай ажиллаж байсан. Би аймагтаа ирээд шууд Алагаа даргатай, мэргэжилийн хяналтын Марав эмчтэй уулзаж, эмчилгээ хиймээр байна гэдэг хүсэлтээ тавьсан. Миний хүсэлтийг хүлээн авч дэмжин Эрүүл мэндийн газрын нэг давхарт жижүүрийн өрөөг өөр нэг өрөөтэй суллаж өгч, Баянхонгорт ажиллах эхний алхам хийгдсэн дээ.


Энэ үеэс “Ган зүү” эмнэлгийн суурь тавигдсан гэж ойлгож болох уу?

Тэгж хэлж болно. 2010 оны 11 дүгээр сарын 1-нд аймагтаа эмчилгээ эхэлж байсан тэр үе бол “Ган зүү” эмнэлгийн суурь тавигдсан цаг хугацаа. Тэр цагаас хойш 2013 оныг хүртэл манай эмнэлэг үүдэн эмчилгээ буюу амбулториор үзлэг хийж, гадуур эмчилгээ хийж байсан. 2013 оноос хойш 10 ортой хэвтэн эмчүүлэх боломжтой болж, одоог хүртэл  үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд манай аймаг дахь эмнэлэг маань магадлан итгэмжлэгдэж, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Иргэдийн хувьд ч манай үйлчилгээ, эмчилгээнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, үйлчлүүлэгчийн тоо ч тогтмол өссөн. Тиймээс зөвхөн Баянхонгорынхоо ард иргэдэд эмчилгээ, үйлчилгээг хүргэх биш, Монгол Улсынхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь зөв гэдэг шийдвэрийг гаргаж 2016 онд Улаанбаатар хотод эмнэлгийнхээ салбарыг нээсэн. Одоо манай Улаанбаатар хот дахь эмнэлэг маань 40 ортойгоор уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоог анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд авч үзвэл нийтдээ 10 мянга гаруй хүнд эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн байна.

Таны олон жилийн туршлагаас харахад монголчуудын дунд байгаа нийтлэг өвчлөл юу байна вэ? Энэ нь юунаас болж бий болдог юм бэ?

Миний хувьд сүүлийн 10 гаруй жил нуруу нугас, харвалт, үе мөч, мэдрэлийн чиглэлээр дагнаж ажиллалаа.

Манай улс хүйтэн, сэрүүн уур амьсгалтай шүү дээ. Жилийн 70 хувьд хүйтэн, сэрүүний улирал үргэлжилдэг. Цаг уурын энэ нөхцөл байдлаас үүдэж үүсдэг булчингийн чангарал, нуруу нугасны өвчлөл давамгайлж байна. Энэ нь суурь өвчлөл болж, хам шинж буюу хавсарсан дотор эрхтний хүнд өвчлөлүүд их байна. Нөгөө талаар хоол хүнсний дэглэм алдагдсанаас үүссэн өвчлөл их байна. Монголчууд зуны цагт цагаан идээгээ хэрэглэж цусаа шингэрүүлдэг, хүйтний улиралд мах, өөх тосны хэрэглээг нэмэгдүүлж цусаа өтгөрүүлж даван туулдаг амьдралын хэв шинжтэй ард түмэн байсан. Одоо бол тэр хэв шинж алдагдаж, махаа байнга хэрэглэж байна. Үүнээс бол монголчуудын холестрин, өөх тосны хэмжээ нэмэгдэж, зүрх судасны өвчлөл, харвалт, саажилт манай улсад аюулын харанга дэлдэж байна.  Иргэдийн хувьд зөв хооллолт, зохистой хувцаслалт, дэг, гам барих гээд дадал хэвшлийн шинжтэй эрүүл амьдралын хэв маяг нэн чухал. Мэргэжлийнхний хувьд энэ чиглэлд хийх ажил маш их байна. Бид уламжлалт болон европ анагаах ухааны хөгжлийг урагшлуулж, илүү үр дүнтэй, оновчтой арга барил, эмчилгээг амжилттай нэвтрүүлэх шаардлагатай.


Ер нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил ямар хэмжээнд байна гэж та хардаг вэ?

Анх намайг 2010 онд төгсөөд ирэхэд өвчтөний оношийг зөв тавьдаг байдал 30 хувьтай л байсан. Одоо зөв оношлолт 50 хувьтай байна. Цаашид бид улсдаа өвчтөний оношийг 80 хувь хүртэл зөв оношлодог болох хэрэгтэй. Эмчилгээ, үйлчилгээг эх орондоо мөн ийм хувиар хийдэг болох ёстой. Мэдээж оношилж чадахгүй, тогтоох боломжгүй 20 хувь аль ч улс оронд байдаг асуудал. Өргөн утгаар нь авч үзвэл манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил одоо л бүрэн үндэслэж, үр жимсээ өгдөг үе дээрээ явж байна уу гэж хардаг. Цаашид улам бүр хөгжиж, ахиц дэвшил бий болох нь тодорхой.

Эмч хүний хувьд дараагийн тавьсан зорилго тань юу вэ?

Эрүүл мэндийн салбарыг зах зээл гэж авч үзвэл гурван сая гаруй хүн өөрөө жижиг зах зээл. Тийм учраас бид Зүүн хойд Ази, Европын улс орнуудын иргэдийг Монгол Улсдаа эмчилдэг болоход зорьж байна. Энэ өөрөө боломжтой юу гэвэл боломжтой. 

Тухайлбал Хятад улсад ервопын жуулчид амарч, аялангаа эмчлүүлээд буцаж байна. Ингэхдээ нэг хүн 1000-2000 евро зарцуулдаг. Өөрийнх нь улс оронд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ өндөр хөгжчихөөд байхад яагаад ингэж яваад байгааг судлаад үзэхэд эрүүл агаар, хоол хүнс, дорнын анагаах ухааны эмчилгээ тэдэнд маш хэрэгтэй болсон байна. Тэгвэл манай улс БНХАУ-аас өөрийн гэсэн онцлог, давуу талтай шүү дээ. Манай хоол хүнс эрүүл, агаар, ус, байгаль дэлхий нь онгоноороо. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буй орчныг сайжруулж, өөрийн улс орны эрүүл байгаль, хоол хүнс, эмчилгээний чанарыг таниулах нь чухал байна. Өнөөдөр эмчилгээний аялал жуулчлалыг сонирхож буй Зүүн хойд ази, европын жуулчид Сибирийн хөндийг сонгох болсон. Учир нь энэ бүс нутаг өнөөх эрүүл орчин, эмчилгээ үйлчилгээ бүрдчихсэн. Тэгэхээр бидэнд ч энэ урсгалыг өөрийн улс орон руу чиглүүлэх боломж их бий. Үүнийг хийж, бий болгохын төлөө ажиллаж байна даа.

НАМЧИРХСАН ТӨР УЛСАА БИШ НАМАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА


Та улс төрийн идэвхтэй залуусын нэг. МАХН-ын Баянхонгор аймаг дахь түмтийн даргын сонгуульт ажилтай. Яагаад МАХН-ыг сонгосон юм бэ?

Хүн өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлтэйгээ тохирсон сонголтыг хийх ёстой. Тэгж байж өөртэйгөө зөрчилдөхгүй, өөртөө үнэнч байж, зөв зүйл хийх боломжийг олж авдаг. МАХН-ын үзэл баримтлал миний өөрийн үзэл баримтлал, амьдралын зарчимтай нэг шугамд огтлолцсон хэрэг.

Монголоосоо гарч үзээгүй, залуухан оюутан байхдаа ардчилалыг би тууштай дэмжигч нэгэн байлаа. Ардчилал Монгол Улсыг дэлхийтэй хөл нийлүүлэх ганц боломж, биднийг хүссэн ирээдүйд маань хүргэнэ гэж итгэдэг байсан. Дараа нь би БНХАУ-д суралцсан таван жилийн хугацаанд эх орноо гаднаас нь харах, манай улс оронд юу болж байгааг харах боломж олдсон. Нүдэн дээр хятад улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч болон өсч байхад манай улс бахь байдгаараа л, хөгжлийн зам нь тодорхойгүй, бүдэг саарал хэвээрээ л байна шүү дээ. Эндээс манай улсад ирсэн ардчилал цагаасаа эртэдсэн, ирэхдээ буруу замаар ирчихсэн юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн. Магадгүй гаднын том гүрнүүдийн бодлого, санхүүжилтээр тухайн үеийн залуус ардчиллыг монголд авчирсан ч байх талтай. Яагаад ингэж хэлэх болов гэдгийг тайлбарлая. 

Та нар эргээд нэг хараарай. Ардчилал манай улсад гарч ирээд л үйлдвэрүүдийн үүдийг хааж, олон мянган хүн ажлын байргүй болсон. Өмч хувьчлал гэж замбараагүй зүйлс болж, төр, түмний өмч цөөн хэдэн хүн рүү шилжих үйл явц өрнөсөн. Бүх үйлдвэрүүд төмрийн хаягдал болж урагшаа ачигдсан. 1990 оны үед биднээс ирж туршлага судалж, суралцаж байсан Өмнөд Солонгосчуудад өнөөдөр манай хамаг эрч хүчтэй залуус очиж хар ажлыг нь хийж өгч байна.

Энэ мэт олон зүйлийг ярьж болно. Өнөөдөр ийм гажуудсан, ойлгомжгүй зүйлс манай нийгэмд их байгаа учраас хөл, толгойгоо олохгүй л үймсэн, уруудсан улсууд явж байна шүү дээ. Харин үүний эсрэг тууштай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө МАХН тэмцэл өрнүүлж байна. Энэ тэмцэл миний хүсэл зоригтой нэг байгаа учраас би МАХН-ыг сонгосон. 2012 онд намын гишүүнээр албан ёсоор элсэж, намын батлахаа авсан.

Баянхонгор аймаг дахь танай намын үйл ажиллагаа хэр жигдэрсэн бэ? Гишүүд дэмжигчидтэйгээ хэр ойрхон уулзаж байна?


Ер нь аймагт ч бай, суманд ч бай иргэд МАН, АН гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан байна. Бид аль нэг суманд очоод хурал хийхэд хүмүүс нөгөө хоёр намын дарга, цэргээсээ айгаад, харагдчих вий, мэдчих вий гээд барагтай бол ирэхгүй байна. Харин гэрээр нь ороод уулзахаар дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Хурал цуглаан хийхээр яагаад ирдэхгүй байгааг нь асуухаар хүүхэд, гэр бүлийн хүнийх нь ажил, идэх хоолтой холбоотой учраас очих боломжгүй гэдгээ тайлбарлаж хэлдэг. Хэн ч таван төгрөг, идэх хоолноосоо салахыг хүсэхгүй шүү дээ. 

Ингээд харахаар одоогийн хоёр том нам ард түмний төлөө ажиллах биш ард түмнээ, гишүүд дэмжигчдээ ажил, амьдралаар нь барьцаалж, дарангуйлсан хэлбэрт орчихсон байна. Өргөн утгаар нь харвал манайд ардчилал биш дарангуйллын тогтолцоо бий болчихсон ч гэж хэлж болохоор байна.

Бодит амьдрал дээр энэ хоёр намын эсрэг дуугарвал хоолноосоо салдаг учраас, төрийн элдэв дэмжлэг авч чаддаггүй учраас хүмүүс айгаад дуугүй л дагаж байна шүү дээ. Нэг жишээ хэлэе.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө МАХН-ын Түмтийн дарга гэдэг утгаар нь надаар оролдож эхэлсэн. Манай эмнэлэгт асар их хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрийг шууд зогсоох, цуцлах хүртэл шахалт дарамт үзүүлсэн.

Улс төрийн намын зорилго бол ялалт байгуулж, улмаар өөрийн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх явдал байдаг. Гэтэл танай нам өнгөрсөн шат шатны сонгуулиудад олонхийн дэмжлэгийг төдийлөн аваагүй. Та шантрахгүй байна уу? Ард түмэн шударга ёсыг хүсэхгүй байна уу?

Би намын гишүүн болсноосоо хойш тав, зургаан удаа ялагдсан. Баянхонгорт бол байнга л ялагдаж ирсэн. Тэр үед бусад намын залуучууд надад “Ялагдан байж жижиг намд явах хэрэг байна уу? Чи манай намд орчих. Бизнесийг чинь дэмжие” гэх мэтийн саналыг удаа дараа тавьж байсан. Харин би үзэл бодлоосоо ухраад, хувийн эрх ашигт хөтлөгдөөд явчихвал өнөөдрийг хүртэл хийсэн тэмцэл, өчигдөр хийсэн сонголтоо үгүйсгэсэн хэрэг болно гэдгээ хэлээд эрс татгалзсан. Одоо ч тэр бодол, байр суурь хэвээрээ. Цаашдаа ч өөрчлөгдөхгүй. Өнөөдөр манай хоёр том намд олон сайхан залуус байна. Яг л манай үеийнхэн аймаг, орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлж, ажлыг нугалдаг насан дээрээ ирсэн байна. Харамсалтай нь энэ хоёр том гэгдэх намд явж байгаа залуучууд улсаа биш намаа хөгжүүлэх ажлыг хийж байна шүү дээ.