<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.УУГАНБАЯР: ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААГ 10, ЗЭЭЛИЙН ХҮҮГ 4 ХУВЬ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

2020-06-03 13:30 1095

УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт

 бие даан нэр дэвшигч Б.Ууганбаярын 

сонгуулийн штаб


2020 оны УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянхонгор аймагт бие даан нэр дэвшигч Б.Ууганбаяртай ярилцлаа. Түүний мөрийн хөтөлбөр иргэдийг зээл, хүүгийн дарамтаас гарах, хөдөөд эрчимжсэн ХАА, аж үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн бүлэг тус бүрд тохирсон хөгжлийн загварыг томьёолоход чиглэжээ.




Юуны түрүүнд нэр дэвшигчийн мандатаа авсанд баяр хүргэе.

Баярлалаа. Монголчууд ирээдүйгээ өөрийнхөө гараар шийдэх түүхэн цаг үед хаяанд ирж байна. Монгол хүн Монголын баялаг бөгөөд хүн нэг бүрийн чанартай амьдрал, хувь хүний хөгжлөөр улс орондоо чи юу хийсэн бэ гэдгээ дүгнүүлэх цаг хугацаа юм. Олон жил амлалт өгөөд өгсөн амлалтаасаа өөр зүйл хэлж, хийж ирсэн ахмад үеийн улс төрчдийн хувьд хэцүү хугацаа байх болов уу. Нөгөө талаар Өнгөрсөн хугацаанд болж бүтэхгүй олон зүйл хийсэн хүмүүсээс салж, ирээдүйд улс орноо хөгжүүлэх хүмүүсийг сонгох ийм хариуцлагатай цаг үед нэр дэвшигчийн мандатаа гардаж аваад зорилгодоо үнэнч, зоригтой, тууштай байх ёстой шүү гэдгийг өөртөө хэлж байна.

Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

Би Баянхонгор аймагт төрж өссөн,  дороо хоёр эрэгтэй дүүтэй, айлын ууган хүү. Одоо эхнэр охины хамт амьдардаг.   Цахилгааны инженер мэргэжилтэй. Хийж байсан ажлуудын тухайд гэвэл 2013-2016 оны хооронд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн зөвлөхөөр ажиллаж байв. 2016 оноос хойш “Номгон Хайрхан Констракшн” ХХК-д захирлаар ажиллаж байна.

Таны мөрийн хөтөлбөрийн талаар энэ мөчид сонирхмоор байна. Юугаараа онцлог хөтөлбөр вэ?

Мөрийн хөтөлбөр хүмүүсийн хэлдгээр мөрөөдлийн жагсаалт байж болохгүй. Бүх талаараа хэрэгжих боломжтой, хэрэгжсэнээр Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар байх ёстой. Би өөрийн мөрийн хөтөлбөрийг чухам яг ийм зарчимд тулгуурлаж боловсруулсан учраас энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой, хэрэгжсэнээр хүндээ хүрсэн өгөөжтэй хөтөлбөр болсон гэж харж байна. Хийх хүнээс зүтгэл, хийхгүй хүнээс шалтгаан гардаг гэдэг үг байдаг. Хиймээр байна. Залуучууд хувь заяаныхаа эзэн болж залж чиглүүлэх цаг болсон.

Тухайлбал, би энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохдоо өнгөрсөн хугацаанд өөрчлөх гээд өөрчилж чадаагүй Монголын нийгэмд маш хэрэгтэй гэж харсан асуудлыг эрэмбэлж оруулсан. Хөдөөд бэлчээрийн даац хэтэрч, жил ирэх тусам МАА-н салбар эрсдэл сорилтууд нэмэгдэж байна. Ийм цаг үед эрчимжсэн МАА-г хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн хөтөлбөртөө нарийн тусгаж өгсөн. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал байна. Монгол хүн ажлын байртай, ажил хийгээд олсон орлого нь амьдралд нь хүрэлцээтэй байх юм бол улс орны хөгжлийн тухай бодож эхэлнэ. Амьдралын дараагийн хэрэгцээ болсон боловсрол, эрүүл мэнддээ анхаардаг болно. Монгол хүн үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй хэмжээнд ядуу байна шүү дээ. Залуу гэр бүлүүд анхдагч хэрэгцээ болсон орон байраа шийдэхийн тулд өрийн дарамтад орж байна. Аз жаргалтай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ёстой хамаг залуу насаа банкны хүү, зээл төлөхөд зориулж байна. Ерөөсөө л энэ хэдэн асуудлыг нэг мөр шийдье гэж зорьж байна.

Ерөөсөө л нөгөө тогтолцоо буюу сууриа засч залруулах явдал юм.

Тухайлбал, орон сууцны асуудал монгол хүний нэг зовлон болчхоод байна. Танд ямар шийдэл байна?

Залуучууд 100 саяын байрыг зээлээр аваад хүүнд нь нэмээд 100 саяын хүү төлөх болдог. 20-30 жил хүү төлөхийн төлөө амьдарч байна. Уг нь бол улсаа хөгжүүлэх, амьдралаа баялаг түүхтэй бүтээхэд залуу насаа зориулах ёстой шүү дээ. Байрны урьдчилгаа гэж багадаа 30-40 сая төгрөг өнөөдөр жирийн багш, эмч, залуу гэр бүлийн хадгаламж, халаасанд хэзээ ч байх боломжгүй. Байхгүй бол үүнийг яаж олох вэ. Ахиад өр, хэн нэгний барьцаанд орох алхам руу орж таарна.

Заавал орон сууцны асуудал ч биш. Нэг жирийн багшаар жишээ авая. Багш гэр хороололд амьдардаг гэж үзвэл тэр багш хүүхдүүддээ хичээлээ заана, давтлага өгнө, хамгийн чухал зүйл болсон ар гэрээ авч явах хэрэгтэй болно. Галаа түлнэ, усаа зөөнө гээд багшид өөрийгөө хөгжүүлэх, сургалтдаа анхаарах боломжууд байна уу, эндээс харахад.

Тийм учраас орон сууцны зээлийн урьдчилгааг 10-15 хувь руу оруулах боломж бий. Монгол банкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкнуудад гурван хувийн хүүтэй олгодог. Энэ нь банкнуудын ашиг, эрсдэл, үйлчилгээний хөлс гээд бүх зардлыг тооцоод найм болон түүнээс дээш хувиар иргэдэд хүрч байна. Тиймээс ипотекийн зээлийн хүүг бага байлгахын тулд орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банкаар дамжуулан зээлээ гаргавал иргэдэд ч, барилгын салбартаа ч хэрэгтэй. Үүн дээр л төр бодлогоо гаргаж, зохицуулалт хийх ёстой. Тэгэхгүй бол энэ янзаараа аймаг бүрд шахмал түлшний үйлдвэр баригдах гээд байна.

Нөгөө талаар, иргэдийг Улаанбаатарт уулын энгэрт хашаа хатгаж байснаас аймаг сумандаа 4-5 хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авах бололцоогоор хангах учиртай. Орон нутагт ажлын байр байхгүй учраас, мал хуйгаа зуд, банкны зээлийн өрөнд алдсанаас хотоо харлуулаад л Улаанбаатарт нүүж ирж байгаа шүү дээ. Барилгын салбарыг дэмжвэл эргээд ажлын байр бий болгож, эдийн засагтаа сэргэлт авчирна. Найман хувийн хүүг дөрвөн хувь болгож 50 хувь бууруулах боломжтой. Ингээд урьдчилгаа болон хүүг бууруулахаар иргэд худалдан авах боломж бүрдэнэ. Нөгөө талдаа бизнесүүд буюу барилгын компаниудын эрэлт нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөөлөл бий болно.


Таны нэр дэвшиж буй Баянхонгор аймаг хөдөөгийн 19 сумтай. Уул уурхай ч түлхүү эрхлэх явдал бий. Уул уурхай руу чиглэсэн өөрийн бодлогоо хуваалцаач?

Баянхонгор бол уул уурхай түлхүү хөгжсөн аймаг.

Газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд гээд тунхаглачихсан атлаа ахиад тодруулж харвал төрийн өмч байгаа. Эндээс үүдэн төр юмаа мэдэж байна гээд гол усны эх, малчдын бэлчээр нутагт хаа дуртай газраа ашиг л олж байвал хамаагүй гэсэн байдлаар лицензийг хавтгайруулж хэн дуртайдаа олгож байлаа шүү дээ. Өнөө хэр нь ухаад байдаг. Ард иргэдийн аж амьдралд харин наалдах зүйл бага.

Манай Баянхонгор аймаг шороон орд олонтой. Үүнийгээ дагаад эвдэрсэн газар ч их бий. Гэтэл дэлхий дээр шороон ордыг үйлдвэрлэлийн аргаар олборлоход нөөцийг 100 хувь бүрэн авах боломжгүй хэвээр л байна. Нарийн олборлолт явуулъя гэвэл уурхайнуудад ашиггүй учраас ашигт малтмалыг нь дутуу аваад орхичихсон орд газрууд нөхөн сэргээлт нэртэй ундуй сундуй хэвээр байна.

Нэгэнт уурхай ороод ухчихсан, бүрэн ашиглаагүй орд байгаа нөхцөлд энд иргэдийгээ нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, олборлолт явуулах эрхийг нь өгөх хэрэгтэй. Ингэхдээ АМГТГ, УУХҮЯ ч юм уу эсвэл аймгийн Засаг захиргаа нөгөө л төрийн өмч нэрээр бүхнийг өөрсдөдөө хамаатуулж, тойрон хүрээлэгч нартаа өгчихдөг байж болохгүй. Иргэд хариуцлагаа үүрээд, ашгаа хүртээд явбал амьдралын чанар сайжирна. Ашиглах зүйлийнхээ мөн чанар, ирээдүйн эрсдэлийг тооцдог болно.

Нөхөрлөлүүд гэдэг үг бол маш олон ажил амьдрал хайсан иргэдийг төлөөлсөн үг. Тиймээс би иргэдээ зөв зохион байгуулалттайгаар нэгтгэж, бичил уурхай эрхлэх боломжоор нь хангахын төлөө ажиллана. Мэдээж ашиг хүртэж байгаа бол хариуцлагаа үүрэх ёстой гэдэг зарчмыг хатуу мөрдөж техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг дэлхийн стандартын дагуу хийлгэхийг ч орхигдуулахгүй.

Уул уурхай, МАА хоёр нэг нутаг дэвсгэрт байх боломжгүй юм шиг харагдах боллоо. Ингэхэд Мал аж ахуйн салбараа бид яах ёстой вэ?

Мал аж ахуй маш чухал салбар. Хэдэн зууны турш монгол хүний амь ажмиргааг чирч ирсэн салбар. Бид гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, байгаль дэлхийнхээ сэргээгдэх чанарыг харгалзан үзэж, мал аж ахуйн өнөөгийн хэв шинжийг өөрчлөх ёстой. Тухайлбал, ноос угаах, арьс шир боловсруулахаас эхлээд ЖДҮ-ээ хөгжүүлбэл хүмүүсийн амьжиргаа сайжирч, нутаг орон хөгжинө. Мал бол бизнес. Малчин хүн бизнес эрхлэгч. Тэгэхээр малчдын хүүхдийг мал аж ахуйгаа өвлөн авч, хөгжүүлэх, үе удмаараа ажиллаж амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Малчдын хотонд дэд бүтцийг нь ойртуулах ёстой. Боловсрол, эрүүл мэнд, цахилгаан, интернет гээд бүгдийг нь малчны гэрт ойртуулаад өгчихвөл малчин хүн чинь хэнээс ч дутахгүй орлоготой, тал нутагтаа эзэн суугаад амьдарна шүү дээ. Товчхондоо бол малчны хотонд шаардлагатай дэд бүтцийг ойртуулах юм.


Нэгэнт хөдөөгийна асуудлыг ярьсных эрүүл мэндийн салбарыг бас ярилцмаар байна.

Хүний эрүүл байх нь Үндсэх хуулиар олгогдсон эрх шүү. Тэгэхээр төр хүнээ эрүүл байлгах ажлыг бүх зүйлийн эхэнд тавьж хийх ёстой гэсэн үг. Харамсалтай нь ахиад л хүний эрүүл явах эрх зөрчигдөж байна. Нөгөө талдаа иргэдэд хэрэгтэй үзлэг оношлогоо, тогтмол өөрийгөө оношлуулж, шинэжлүүлэх сэтгэлгээ суугаагүй байна.

Нийгмийн эрүүл мэндийн талаас авч үзвэл хүмүүст өвдөхөөсөө өмнө үзлэг, оношлогоонд хамрагдах ёстой талаарх ухуулаг сурталчилгааг ой тойнд нь ортол зөв аргаар хийх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж хүн өвдсөнийхөө дараа биш өмнө нь өөрийнхөө биеийн ерөнхий байдлыг мэддэг, аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлснээр бүрэн эмчлэх, улмаар эдийн засгийн хувьд хэмнэх боломж бүрдэнэ.

Нөгөө талдаа манай аймагт орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нарийвчилсан шинжилгээний тоног төхөөрөмж нь алга. Нэгдсэн эмнэлэгт нь эмч нь бэлтгэгдэж ирээд хэдэн жил болж байхад ажлаа явуулах тоног төхөөрөмж, имра аппарат нь байхгүй л байна. Эмнэлэг нь манайд нэн шаардлагатай эмч, мэргэжилтний жагсаалтаар хүнээ бэлтгэчихсэн атлаа ажиллах орчин нөхцлийг нь хангаж чаддаггүй. Шалтгаан нь манай намаараа хуваагдсан хэдэн дарга нар.

Тэгэхээр эхний ээлжид яаралтай нийлүүлэх шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж, нарийн мэргэжлийн аппаратуудыг нэгдсэн эмнэлэгт нийлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэд Өвөрхангай, Улаанбаатарыг зорихгүйгээр орон нутагтаа өөрийгөө шинжлүүлж, эмчлүүлэх боломж бүрдэнэ. Үүнийг ярихаар манай дарга нар зардал өндөр, ашиггүй гэлцдэг юм билээ. Хүн нь эрүүл байхаас илүү ашиг тус гэж юу байх билээ дээ.

Эрүүл мэнд дээр үүсч буй дараагийн нэг асуудал бол даатгал. Ер нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа тухайн даатгуулагч үр шимийг нь хүртэж чадахгүй байсаар мөнх бусыг үзүүлж байна. Энэ тогтолцоог халж эрүүл мэнд, нийгмийн даатгалыг өвлөгддөг байхаар хуульчлах хэрэгтэй. Тэгж байж даатгалын үр шимийг иргэд хүртдэг, даатгуулахын ашиг тусыг ойлгодог болно. Одоо бол даатгалаас ашиг тусыг авч чадахгүй байгаа учраас иргэд үүнийг торгууль, татвар шиг хүлээж авч байгаа юм. Энэ мэт олон асуудлын шийдлийг хийж чадвал орон нутаг хөгжих боломж байна уу гэвэл байгаа.

Тэгээд боломж байгаа юм бол яагаад ингэж удаан хөгжихгүй байгаа юм бэ?

Шалтгаан нь маш ойлгомжтой. Үе залгамжилж, нэгээс нөгөөдөө төрийн эрх мэдлийг шилжүүлэн хувийн компани шиг эзэмшиж буй улс төрийн намууд боломжийг иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад биш эргэн тойрныхоо хүрээллээр дамжуулан хувааж завшихын төлөө ашиглаад байгаа учраас хөгжихгүй байна. Орон нутгийн бодит нөхцөл байдлыг очоод харах юм бол олон жил дарга хийсэн ахмад үеийнхэн, тэднийг тойрон хүрээлсэн, том том ярьсан гүзээтэй залуус л байгаа. Тэд бүх хүний боломжийг хэсэг бүлгийнх болгож өмчлөөд байгаад асуудал байна. МАН ч байсан АН ч байсан ялгаа алга. Эцэст нь тэр даргын тийм хамаатан, тэр нь ингэж идээд, тэгж хуваагаад дуусгасан гэсэн яриатай хоцордог. Орон нутагт хөгжил ирдэггүй. Одоо яах вэ гэхээр бид энэ МАНАН дэглэмийн гүн гүнзгий хэлхэлдсэн бүлэглэлийг таслан зогсоох ёстой.

Төрийн мөнгийг түмэн олонд нь өгье. Төр зөвхөн татварын мөнгийг зөв шударгаар зарцуулах менежерийн ажлыг л хууль цаазын өндөр хяналт дор хийдэг болно. Дарга нарын эрх мэдлийг багасгах ёстой. Дарга ард олныг төлөөлж байгаагийн хувьд тэдэндээ л үйлчилдэг байх ёстой. Болохгүй бол иргэд нь өөрсдөө албан тушаалаас нь буулгадаг тогтолцоог энгийн ойлгомжтой байдлаар хийж өгөх хэрэгтэй.

Ингэвэл баруун бүсэд нэн шаардлагатай ажлын байрыг олноор гаргах боломжтой үйлдвэрийг бид байгуулж чадна. Хөдөө аж ахуйд эрчимжсэн фермерийн аж ахуйгаа хийж чадна. Боломжийг хамтдаа олж хараад бүгдээрээ сайхан амьдардаг болно. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажилчдын ур чадвар, нөөц, мэдлэг боловсрол эргэлтэд орж байж л эдийн засагт үр өгөөжөө өгнө шүү дээ. Баянхонгор аймагт хоёр томоохон үйлдвэр байгуулахад 1-2 мянган хүн ажлын байртай болно. Тэр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн, түүнийг худалдаалж борлуулах гээд дам ашиг хүртэгчдийг хамтад нь тооцвол 5 мянга хүртэлх хүний ажил, амьдрал шийдэгдэнэ. Малчид мал аж ахуйгаа эрчимжүүлбэл хөдөлмөр нь хөнгөвчлөгдөнө. Хөдөлмөрийн нөхцөл сайжраад ирэхээр малчид маань эрүүл мэнддээ анхаарна. Илүү гарсан цаг заваа амьдралын орчин нөхцөл, байгаль орчин, бэлчээр нутгаа сайжруулахад зориулна. Ерөөсөө л дарга төвтэй бус хүн төвтэй нийгмийн тогтолцоог хийж чадвал хөдөөд ч тэр, хотод ч тэр бүх асуудлыг шийдэх боломж нээлттэй. Үүнийг л хийе гэж зориод байгаа юм. 

Гурван бүсийн нутаг гэгддэг Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдах болсон. Дээрээс нь агаар, хөрсний бохирдол нэмэгдсээр байна. Энд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Хог хаягдлын менежмент гэдгийг дэлхий дахинд хэрэгжүүлж, хөгжүүлээд маш олон жил болж байна. Энэ ойлголтын гол суурь нь тархин дахь хогноосоо салахгүйгээр газар дээрх хогноосоо салж чадахгүй гэдэг үндэслэл. Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрсний бохирдол бүгд хүний үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Тиймээс ийм нөхцөл байдлаас салъя гэвэл яг эсрэг зүйлийг нь бид хийх хэрэгтэй. Хогоо ил, задгай хаяхаа больё, төрөөс дулааны станцаа яаралтай барья. Нөгөө талдаа иргэд агаарын амин сүнс болсон ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулъя.

Бид нэг өрх гурван мөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Баянхонгор аймгийн агаар, хөрсний бохирдол хамгийн ихтэй сум болох Баянхонгор суманд нийтдээ 90 орчим мянган айл, өрх амьдарч байна. Нэг өрх гурван мод тарихад аймгийн төвдөө 210 мянган модтой болно гэсэн үг. Өмнө нь моджуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг төрөөс хийж байсан ч эзэнгүйдэх, буруу технологиор тарьсан зэргээс болоод үр дүнгүй болчихсон явдал их бий. Энэ удаад тухайн өрхөд өөрт нь хариуцуулаад өгөхөөр энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэс нь бүрдэх юм. Иргэдээсээ авдаг биш эргээд өгдөг төртэй байх нь бидний зорилго. Тэгэхээр бид иргэддээ цэвэр агаар бэлэглэх мод өгье. Энэ мод ургаснаар баянхонгорчууд үр хүүхдийнхээ ирээдүйд өгч буй хамгийн том бэлгийн нэг болно.

Нэмж хэлэхэд ерөөсөө нийгмийн бүлэг бүрд тэгш боломжийг олгох нийгмийг бий болгох нь хамгийн чухал байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарч чаддаггүй хэвээрээ байна. Хөдөөгийн алслагдмал бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн амьдралын нөхцөл, ажиллах орчин муу хэвээрээ л байна. Хүн хаана, хэзээ, ямар газар ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран тэгш боломжийг эдэлдэг байх нь миний мөрийн хөтөлбөрийн гол зорилго учраас энэ ажлыг хийж, иргэндээ ээлтэй нийгмийг бий болгохын төлөө хичээж ажиллана.




 

 


Сэтгэгдэл үлдээх